Оюун-Эрдэнэ.Л 2017.02.13 | Сайт: Мэдээ.МН

Л.Оюун-Эрдэнэ: Нам дотор “сөрөг хүчин” байгуулагдлаа гэж гомдох, хардах хэрэг байхгүй

Л.Оюун-Эрдэнэ: Нам дотор “сөрөг хүчин” байгуулагдлаа гэж гомдох, хардах хэрэг байхгүй
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-АНУ-Д Ч ТЭР, ӨМНӨД СОЛОНГОСТ Ч ГЭСЭН АСУУДЛЫГ 
ИНГЭЖ Л ШИЙДЭХ БАЙСАН-

-“Эрдэнэтүйлдвэр”-ийн 49 хувийн асуудлаархи УИХ-аас батлагдсан тогтоолын төсөл эрх баригч намын бүлэг дээр хэр нарийн яригдсан бэ?

-Энэ асуудал бүлэг дээр маш нарийн яригдсан гэж болно. Бүтэн таван цаг хуралдаж, олон талаас нь хэлэлцэж, гарч болох эрсдэлүүдийг тооцоолсон. Өмнө нь энэ асуудлаар Засгийн газраас ажлын хэсэг гарч, тодорхой хүрээнд асуудлыг магадласан, дараа нь Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг дүгнэлт гаргаж, хоёр байнгын хороогоор хэлэлцлээ.

Үүний дараа МАН уг асуудал дээр яг ямар суурьтай байх вэ гэдгээ дотооддоо ярилцсан. Бүлгээс хоёр үндсэн дүгнэлтэд хүрч, холбогдох шийдвэрийг гаргасан байгаа. Нэгдүгээрт, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан процесс нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан гэж үзсэн. Газрын доорхи стратегийн бүх орд УИХ-ын хамгаалалтад байдаг.

Ийм тохиолдолд Засгийн газар худалдан авах эрхээсээ дангаараа татгалзах эрхгүй. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзсэн. Үндсэндээ өнгөрсөн 25 жилийн хугацаанд ийм хэмжээний зохион байгуулалттай, тэр дундаа стратегийн орд руу чиглэсэн үзэгдэл болж байгаагүй учраас гишүүдийн  хувьд олон талаас нь нягтлах ёстой гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байсан.

-Тогтоолын төслийг боловсруулахад “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг шалгах ажлын хэсгийн гишүүдээс гадна нэр бүхий гишүүд оролцсон юм байна. Та тогтоолын төсөлд  тухайлсан санал оруулсан уу?

-Миний хувьд тогтоолын төслийг боловсруулахад оролцоогүй. Би УИХ-ын гишүүнийхээ хувиар зарчмын байр сууриа илэрхийлээд явсан. Хууль зүйн байнгын хороонд багтддаггүй учраас тогтоолын төсөл хэрхэн боловсруулагдсаныг сайн мэдэхгүй байна.

-Зарчмын хувьд төр хувийн хэвшилдээ мөнгө төлөхгүйгээр, шилжүүлэн суутгах хэлбэрээр авахаар тогтоолын төсөл баталсан нь зөв хэлбэр үү?

-Олон Улсын гэрээ, конвенциос өгсүүлээд дэлхийд мөрдөгдөж буй бүх хууль тогтоомжид аливаа өмчийг авахад гэмт хэргийн шинж агуулагдсан байвал хүчин төгөлдөр бус хэлцэл болгох зохицуулалт орсон байдаг. Энэ бол хууль зүйн сонгодог зарчмуудын нэг. Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-д ч тэр, Өмнөд Солонгост ч гэсэн манайхтай ийм ижил асуудал үүссэн бол ингэж л шийдэх байсан. Манай улсаас илүү хурдтайгаар асуудлаа шийднэ. Хууль зөрчсөн ийм байдал цаашаа тогтоод явах эсэх торгон агшин дээр сая Монгол Улсын төр ирлээ. Тэгэхээр хууль зөрчсөн, луйврын шинж чанартай үйлдэл байна гэж үзэн, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцон, УИХ-аас тогтоол баталлаа. УИХ хянан шалгах эрхтэй. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой стратегийн ордын асуудал дээр ажлын хэсэг байгуулаад, асуудлыг нягталдаг нь дэлхий нийтийн жишиг юм. Энэ дагуу процесс явлаа.

-УИХ шүүх тогтоогоогүй байхад хууль зөрчсөн, гэм буруутай гэхчилэн хувийн хэвшлээ цоллож, яллаж буй нь зөв шийдвэр гэсэн үг үү?

-Бид өмнөх ба ирээдүйн 25 жилээ дүгнэж, төсөөлөх хэрэгтэй. Ардчилсан нийгэм үндсэндээ хоёрхон багана дээр оршин тогтнодог. Нэгдүгээрт, бизнесийн чөлөөт өрсөлдөөн. Нэг банк, нэг аж ахуйн нэгж төрийн эрх мэдэлтнүүдийг ашиглаж, давуу байдал үүсгэж буй үйлдлийг олигархи засаглал л гэж нэрлэнэ. Төр, хувийн хэвшил үгссэн бизнес бүлэглэлтэй бусад ААН-үүд өрсөлдөх ямар ч боломжгүй болдог. Үүнээс болж, бизнесийн орчин эвдэрнэ. Үүний бэлээхэн жишээ, Нигер, Грек, Аргентинд тохиолдсон үзэгдлүүд байна. Яг ийм эрсдэл үүсэхээс төр хамгаалах учиртай юм. Нөгөө талаас, Дэлхийд арилжааны банк уул уурхайн салбар луу ордог жишиг байхгүй. Монголд анхны удаа тохиолдсон ч гэж болно. Цаашлаад Төв банк нь арилжааны  банкиндаа зээл өгдөг дэлхий ертөнц гэж байхгүй. Мөн нэг хүн хоёр банкны 90-ээс дээш хувийг эзэмшдэг жишиг ч байхгүй. Энэ бүхэн бизнесийн хууль ёсны орчноо сүйдлэж байна. Тиймээс УИХ үүнийг илэрхийлж ярихаас өөр аргагүй. Тэр бүр иргэд энэ агуулгаар нь харахгүй байна. Хоёрдугаарт, ардчилсан нийгэмд ААН бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл хуулиас гадуур хувийн хэвшлүүд орхигдоод эхлэхээр эрх зүйт төрийн нэг багана хугарчихна. Энэ хоёр багана хоёулаа нурчихвал ардчилсан нийгэм үндсэндээ байхгүй болно. Энэ бол өнгөрсөн 25 жилийн гол алдаа. Монголд эрх баригчдад ойрхон хэсэг бүлэг хүмүүс завшдаг. Ард иргэд нь нийгмийн баялгаас хүртэхгүй явсаар ирлээ. Цаашаа ингээд явах юм бол маш аюултай нөхцөл байдал үүсэхээр байна. Энэ бүхнээс УИХ сэрэмжилж, тогтоолын төслөөр “Эрдэнэт”-ийн асуудлыг шийдсэн нь зөв юм.

-Нөгөө талаасаа эдийн засгийн ийм эмзэг үед Монгол Улсын парламентын гаргаж буй энэ шийдвэрийг дэлхий эерэгээр хүлээж авах болов уу?

-Дэлхий “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлсэн шийдвэрийг маш сайн ойлгоно. Яагаад гэхээр тэд хуультай, журамтай.  ОУВС-гийнхан манай улсад ажиллаж байна. Ярьж буй хэдхэн зүйл байна. Гол нь, танай бизнесийн, хуулийн бүтэц чинь эвдэрчихсэн байна гэдэг. Үүнийг  засахгүйгээр Монгол Улс цаашаа явахгүй. Хөгжлийн банкны жишээг хар. Мөнгө байлаа, хууль байсангүй. Тэгээд цаашаа явсангүй. 

-УИХ-ЫН ГИШҮҮДИЙН МАШИНЫГ МАЯАКТАЙ БОЛГОЖ ӨГӨӨД Л...-

-Та дөрвөн жилийн хугацаанд гол анхаарлаа ямар асуудлууд руу чиглүүлэх вэ?

-Маш товчхоноор хариулахад, Монгол Улсын парламентын засаглалын тогтолцоо 1991 онд үүссэн. Тэр үед ийм хэмжээний эдийн засгийн багтаамжтай ч юм уу, дэлхийн эдийн засаг, геополитикийн асуудал өнөөдрийнх шиг адармаатай байсангүй. Нийгмийн хөгжил нь урагшилсан мөртлөө тогтолцоо нь хоцрогдчихсон байна. Жишээлбэл, хууль. Уг нь хууль санаачилна гэдэг хобби биш. Тооцоо судалгаатай, цаг үетэйгээ нийцсэн байх учиртай. Гэтэл өнөөдрийн батлагдаж буй ихэнх хуулиуд зарлага гаргахад чиглэсэн байна. Ямар ч хяналтгүй батлагдаж байна. Гэтэл хөгжингүй орнуудад судалгааны нарийн шүүлтүүртэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, манайд өнөөдөр батлагдаж буй хуулийн хэм хэмжээ Монгол Улсын эдийн засгийн хэм хэмжээнд нийцэх үү гэсэн нэгдсэн хязгаар алга. Хууль батлаад гаргаад л байдаг. Амьдралын хэм хэмжээ зохицуулж байгаа хуулиуд нь ямар ч шүүлтүүргүй. УИХ-ын гишүүнээр сонгогдоод ороод ирэнгүүт вакум орчинд  оруулах ажиллагаа эхэлж байгаа юм. Адаглаад, танилцуулах сургалт огт өгөхгүй, шууд тусгай асарт наадам үзэх эрх олгох зэргээр вакумжуулж байна.

oyuerdene

УИХ-ын гишүүдийн машиныг маяактай болгож өгөөд л, аль ч байгууллагад нэвтрэх тусгай эрхийн  үнэмлэх олгох зэргээр шууд бүрэн эрхийг нь ойлгуулж байна. Гэтэл үүрэг, хариуцлага гэдэг зүйл төдийлөн яригдахгүй байх жишээтэй. Үүнийг Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ч юм уу, тогтолцооных нь хувьд өөрчлөх хэрэгтэйг анзаарлаа. Төрийн ордныхоо саарал байшинд гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх засаглал нь холилдоод сууж байна. Засгийн газрын референт, ерөнхийлөгчийн референттэй хамт нэг өрөөнд сууж байх жишээтэй. Энэ бол маш хэцүү зүйл. Үүнийг том дүгнэлттэйгээр, асуудлыг  дэвшүүлнэ гэж зорьж байгаа.

Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Мөн авлигын эсрэг парламентын бүлэг байгуулж, дөрвөн жил тэргүүлэхээр болсон. Мэдээж эдийн засгийн төрөлжилтийн асуудлын хүрээнд аялал жуулчлал, хөдөө аж ахуйтай холбоотой хууль тогтоомжууд дээр ажиллана. Энэ дөрвөн жилийн хугацаанд эдгээр асуудлуудад гол анхаарлаа төвлөрүүлнэ. Өөр олон зүйл рүү гүн орж ажиллаж амжихгүй болов уу гэж харж байна. Ийм л итгэл үнэмшилтэйгээр нэг чуулганы ард гарлаа.

-Тойрогтоо тухайлсан ажлууд хийж чадаж байна уу?

-Манай тойрог энэ жил зудын байдалтай өвөлжиж байна. Энэ асуудал дээр бид тодорхой хэмжээгээр хариу үйлдэл үзүүлэн ажиллахыг хичээж байна. Гэхдээ ард түмэн их өөр болсон байна лээ. Ер нь УИХ-ын гишүүн сумын засаг дарга биш гэдгийг ойлгодог болсон. “Та минь очоод, дээд талд байгаа авлигын асуудлаа цэгцэл. Ард түмнийхээ талд хэнээс ч хамааралгүй, дуу хоолойгоо илэрхийл, битгий эвдэрч, заваан юманд нь хутгалдаарай” гэж ахмадууд захидаг. Түүнээс биш “Чи тойрогтоо ажиллахдаа надад шуудай гурил авч ирээрэй. Би заавал цагаан сараар бэлэг авна шүү” гэж ярихаа байсан.

-Цагаан сараар бэлэг өгөх үү?

-Яах вэ, ахмадууддаа бэлэг өгөх нь муу зүйл биш. Монгол Улсад тогтоод ирсэн, хүндэтгэлийн ойлголт. Гол нь, бэлэг өгөх нь маш чухал гэж сонгогчид харахаа больчихсон. Нэг их ялгаа байхгүй. Жишээ нь, би тойрогтоо хавтгайрсан бэлэг тараахгүй.

-Эрх баригч намын доторхи “бүдүүн” бүлэг дотор сөрөг хүчин үүсэж, Засгийн газрыг хүчтэй шүүмжлэх болсон гэх таамаг бий. Түүн дотор таны нэр ч явсан. Яг фракци болон зангидагдсан зүйл байгаа юу?

-Юу боллоо гэж тийм зүйл байх вэ. Миний хувьд эцсийн мөч хүртэл Засгийн газраа тогтвортой ажиллуулахын төлөө зогсоно. Засаг солигдлоо гээд улсад ямар ч сайн зүйл болохгүй. Гэхдээ нөгөө талаас эцсийн мөч хүртэл засгийн газрыг хурдтай байхыг шахна. Энд сонгогчдын эрх ашиг ч явж байгаа. Парламентын үүрэг ч ийм. Би үүргээ л биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Түүнээс биш, нам дотор минь сөрөг хүчин байгуулагдчихлаа гэж гомдох, хардах хэрэг байхгүй. Засгийн газар илүү урагшаа харж, хүчтэй ажиллах ёстой. Үнэхээр ард түмний амьдрал сайжраад ирэхэд Засгийн газрыг иргэд муулах уу. Засгийн газар муу ажиллаад байхад яаж ч өмгөөлөөд нэмэргүй. Ийм бодит нөхцөлд Засгийн газар ажиллаж байна. Тухайлахад, ирэх сард төлөх 580 сая евро бондын асуудал дээр Засгийн газар хугацаа алдсан. Мэдээж, төлөх гээд нөөц бололцоогоо шавхаад ажиллаж байгааг нь харж байна.

-Та засгийн газар УИХ-ын гишүүдтэй Тэрэлжид уулзахад очив уу?

-Нуугаад яах вэ, очсон. УИХ-ын бүх гишүүнд урилга тараасан юм билээ. Түүнээс биш гадуур яригдаад байгаа шиг  ихэнхид нь урилга өгөөд, заримыг нь ялгасан зүйл байхгүй гэж ойлгогдсон.

oyuerdene

-ОУВС-ГИЙН ШААРДЛАГУУДЫГ ХАНГАСНААР НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ ХҮНД БАЙДАЛД ОРНО-

-Бондын өр төлөх гаргалгаа огт харагдахгүй байна. Танд тодорхой мэдээлэл бий байх?

-Төлөх гаргалгаа Засгийн газрын түвшинд яригдаж байгаа. УИХ дээр энэ асуудлаа оруулж ирэн, хэлэлцүүлэх цаг нь болоогүй гэж байгаа юм билээ. Тиймээс бидэнд мэдээлэл хангалттай биш байна. Сангийн сайдад байгаа мэдээллийг бид тэр бүр мэдэхгүй. Тодорхой хэмжээнд мэдээлэл авч байгаа ч хангалттай биш. Миний байр суурь бол анхдугаар чуулганы дараа Монгол Улс шууд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ёстой байсан. Тэгсэн бол өнөөдөр нөхцөл байдал харьцангуй өөр байх байлаа.

-Төлөх цаг нь тулахад Засгийн газрын гадаад зээлийн асуудал шийдэгдэхгүй бол яах вэ. Валютын нөөц рүүгээ орох асуудал яригдах юм биш биз?

-Энэ тийм амар асуудал биш. Өр төлөхөд 3-4 арга хэмжээ авах ёстой. Нэгдүгээрт, өрийг өрөөр төлөхөөр гарц байна. Манай зээлжих зэрэглэл буурчихсан учраас бид өндөр хүүтэй зээл авч таарна. Үүнийгээ юунд зарцуулах вэ гэдгээ нарийн тооцохгүйгээр дахиад зээл авч, Хөгжлийн банкны жишээг давтвал өр угсрагдана. Өр зургаагаас дээш угсрагдах юм бол үүнээс гарахын тулд 100-гаас дээш жил зарцуулдаг судалгаа байна. Залуучуудын хувьд энэ асуудлыг сайн анхаарч харж байхгүй бол өрөн дунд байсаар байгаад бүхэл бүтэн нэг үеийн амьдрал тэр чигтээ дуусах ирээдүй хүлээж байна. Ийм том эрсдэлийн өмнө  байгаа учраас асуудалд сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй. Уг нь Засгийн газар маш нарийн ажиллах ёстой. Үүнийг байнга анхааруулж байна. Үнэхээр таны хэлдгээр,  валютын  нөөцөөсөө төлөх асуудал яригдвал бүх валютаа татна гэсэн үг. Эрсдэл нь маш өндөр. Валютын хомсдол үүсэж, валютын ханш огцом өснө. Тэр хэмжээний гадаад валют оруулж ирэх шаардлага үүснэ. Энэ бол амь насанд эрсдэлтэй мэс ажилбар.

-Нөгөө хувилбар нь одоогийн нөхцөлд “Стэнд бай”-д хамрагдах уу?

-Яалт ч үгүй нэг гарц нь “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах. Гэтэл бизнесийн эрүүл бус орчин нүүрлэчихсэн байна. Бид үүнийг анагаахын тулд хатуу гашуун эм өгөх шаардлага үүсэж байна. Хамгийн эхэнд арилжааны банкуудын системийг шинэчлэх шаардлага тавигдаж байгаа. Энэ улс төрөө бид дааж чадах уу. Мөн халамжтай холбоотой бүх хуулийн төсөл хүчингүй болж, концесс огт байхгүй болно. ОУВС-гийн эдгээр шаардлагуудыг хангах гэхээр намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт эргээд хүнд байдалд орж байна. Яагаад гэхээр МАН-ын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрийн ихэнх нь халамжтай холбоотой амлалтууд байгаа. Гэхдээ хувь гишүүнийхээ зүгээс энэ бүхнийг бид хийх ёстой гэж харж байна. Угаасаа өөр арга байхгүй. Улс төржилт явагдаад энэ хөтөлбөрийг зогсоочих юм бол бид бүр том агуулгатай асуудалд унана. Цаг хугацааны хувьд эрт шийдэх хэрэгтэй байсан. Миний тооцож байгаагаар бондын төлөлтөөс өмнө ээлжит бус чуулган зарлагдах болов уу.