Н.Тэгшбаяр: Манайхан хэмлэлдэж боллоо, Одоо сөрөг хүчнийхээ ажлыг хийе
Н. Тэгшбаяр
2017.02.14

Н.Тэгшбаяр: Манайхан хэмлэлдэж боллоо, Одоо сөрөг хүчнийхээ ажлыг хийе

Энэ удаагийн “Ярилцах танхим ”-ын зочноор Н. Тэгшбаярыг урьж, улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явц болон АН-ын VII их хурлын эргэн тойрон дахь мэдээллийг хуваалцлаа.

-АН-ын түүхэнд бас нэг шинэ хуудас нээгдэх өдөр нь энэ сарын 12. Намын даргаа албан ёсоор батламжлахаас гадна АН-ын бодлогын хорооны сонгууль, нийслэл, аймаг, дүүргийн намын хороодын дарга нарыг хэрхэн сонгох, намын хяналтын болон сонгуулийн байгууллагуудыг яаж байгуулах гэхчлэнгээр бүтцийн өөрчлөлтииг хэлэлцэх чухал хурал. Таны хувьд намын VII их хуралд хэр ач холбог- дол өгч байна вэ. Шулуухан асуухад, таньтай АН-ын эргэн тойрон дахь мэдээллээс хуваалцмаар байна?

-Намын их хурал болох гэж байна. АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн талаархи хэлэлцүүлэг болж байгаа. Дүүрэг болгонд энэ хэлэлцүүлэг боллоо. Уржигдар Чингэлтэй дүүргийн АН-ын үндсэн дүрмийн хэлэлцүүлэг Баянгол дүүргийн нам дээр болсон. Чингэлтэй дүүргийн нам ядуу юм л даа, хөөрхий. Өөрийн гэсэн орон байргүй. Тэгээд яах уу, боломжийн байртай Баянгол дүүрэгт хийсэн юм билээ. Нэг дүүрэг нь ч билээ байртай байна гэдэг сайхан юм, тийм ээ. Дүрмийн хэлэлцүүлэгт З.Энхболд, Ш.Түвдэндорж нар ирсэн. Хүмүүс янз бүрийн санаа, оноо хэлж байсан.

-Ажиглах нь ээ, дүрмийн хэлэлцүүлгүүд нэлээн халуухан уур амьсгалтай, ширүүн шүүмжлэл дунд өрнөх шиг болсон?

-Нам гэдэг амьд организмтай л адилхан юм шүү дээ. Намын дотоод сонгуулиас илүү УИХ- ын сонгуульд ялагдсаны дараахи санал, шүүмжлэл их өрнөж байна. УИХ-д яагаад ялагдчихав. Яагаад цөөнх болчихов. УИХ-д цөөнх болчихоор доод шатандаа ч мөн цөөнх болох магадлал өндөр болдог юм байна.

Ер нь манай нам 1996 онд олонхи болж чадаагүй нэг суудал дутаж байсан. О.Дашбалбар гуай нэг суудал дээр савлуулдаг байсан үе. Сүүлийн 26 жил АН өнөөдрийн 65 шиг олонх болж чадаагүй. Ийм л зовлонг туулж ирж. Гэхдээ 65 шиг олонхи болж чадвал АН их зүйл хийж чадна гэж найдаж байна.

Цөөнх байсан ч гэсэн манай нам олон зүйлийг хийж чадсан. Хэрэв “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжсэн бол аштай юу даа. “Сайн хашаа”-гаар дамжуулж, цахилгаанаар халаах, гэрийг нь байшин болгох гэхчлэнгээр урт хугацааны ажил явж байсан. Даанч зогсоочихлоо.

-Нэг хэсэг энэ тухай их ярьсан л даа. “Сайн” бүхнийг зогсоолоо гээд?

-Тийм. Одоо ч гэсэн ТҮЦ машиныг тасралтгүй ажиллуулаад явж л байх ёстой байгаа юм шүү дээ. Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Ямар нам гарах нь чухал биш. Харин сайн зүйлийг үргэлжлүүлээд явах учиртай. Саар зүйлийг нь засч залруулаад ажиллах ёстой юм, уг нь. Гэтэл сайн, муугүй арчаад хаячихдаг. Жишээлбэл, би Геологийн төв лабораторийн дарга байсан. Тухайн үед лав нэг ч ажилтан халаагүй. Захиргааны санаачилгаар. Гэтэл одоо хараад байхад сайн мэргэжилтэн байсан ч халж л байдаг. Муу мэргэжилтэн байсан ч халж л байх юм.

Яасан гэхээр “АН-ын даргын үед ажиллаж байсан” гэх маягаар асуудалд ханддаг болж. Үнэн хэрэгтээ монгол хүн юм байгаа биз дээ. Монгол Улсад амьдарч байгаа. Монгол төрд ажиллаж байгаа болохоос биш тухайн хүний хувийн компанид ажиллаагүй. Бүх газар ийм байна. Халаа, сэлгээ явж байна. Аа, яах уу. Зарчмын хувьд дарга ирвэл ерөнхий нягтлан нь солигдцог, эсвэл жолооч солигддог байж болох. Харин ажлаа хийж яваа хүмүүсийг оролдоод байх хэрэггүй л дээ.

НИЙТ ГИШҮҮДЭЭС АН-ЫН ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ ГЭЖ АСУУЖ БАЙГАА НЬ ТОМ ДЭВШИЛ

-АН-ын дарга “сонгогдчихлоо”. Одоо нам доторхи дараагийн асуудал яригдах байх. Ер нь намын хэтийн төлөв, ирэх жилүүдийн өн- гийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Намын дарга эцсийн вариантиар батлагдчихаагүй байна. Намын даргын сунгаа нь нийт гишүүдээс АН-ын дарга хэн болох вэ гэж асууж байгаа нь том дэвшил. Улс төрийн соёл. Шинэ үзэгдэл. Үүнийг бий болгож байгаагаараа АН нийгэмд сайн зүйл авчирч байгаа юм. Одоо дараагийн сонгуульд АН ялах, 2020 онд ялахын тухай л ярихаас биш намын дарга руу ноцоод байх юм байхгүй. Энэ сонгууль их давуу талтай болсон. С.Эрдэнэ даргын дараагийн үе Л.Гантөмөр, Ж.Батзандан гээд үе байна гэдгийг ард түмэнд таниулж өглөө.

Мэдээж цаг хугацаа, туршлага гээд олон зүйлээс шалтгаалдаг хойно, Залуучууд ялсангүй гээд ах нарын нүүр рүү өндөг шидэх хэрэггүй. Залуучууд ялаагүй, гараагүй юм чинь. Гарах түвшинд ажиллаж, сурах хэрэгтэй. Сайныг нь сурч, саараас нь татгалзаад явах хэрэгтэй. Би хувьдаа шинэ үе гарч ирээсэй гэж бодож байсан. Харин ахмад үе нь бодлогын хувьд ч, насны хувьд ч туршлагатай залуучууддаа алдаа, оноогоо зөвлөж заагаад яваасай гэж байгаа болохоос биш энэ нөхдүүдийг зайлуул гэж хэлээгүй.

Гэтэл ийм санаа хэлэхээр “Намайг зайл” гэлээ гээд зарим хүн цахим орчинд барьж идчих гээд байх юм. Ядаж гуравхан, за таван үгтэй өгүүлбэрийг бүрэн уншчихаад дайрмаар байна шүү дээ. Би хэлдэг юм. “Идэр залуус нь ачаа үүрээд, ахмадууд нь зөвлөхөө хийгээд алдаа, оноогоо хэлээд үлгэр дуурайлал болоод гурван үеийн зөв хэлхээсийг бий болгох ёстой. Ахмад, дунд, залуу үеийн хэлхээсийг бий болгох ёстой гэж бодож байна. Тэгэхээр одоо сонгууль болсон. Намын даргаа Их хурлаараа батламжлахыг төлөөлөгчид шийднэ. Манай намд олон сайхан залуучууд бий шүү.

-Та намынхаа хуралд оролцоно биз дээ?

-Оролгүй яах вэ. Намын үүр дээр сонгууль болж төлөөлөгчид хэн орох эсэхийг шийдэж байна шүү дээ. Миний хувьд Чингэлтэй дүүргийг төлөөлж Их хуралд оролцоно.

-АН-ын генсек хэн байх вэ. Заримынх нь амнаас хэд. хэдэн хүний нэр цухалзаад эхэлж. Таны таамгаар АН-ын генсек хэн байх бол?

-Хэн байх нь чухал биш. Шинэ дүрмээ хэрэгжүүлж чадах чадвартай хүн байх нь чухал, Дээр нь намын чиглэл хариуцсан нарийн бичгийн дарга нарыг зөв сонгох ёстой. Дүрмэнд намын нарийн бичгийн даргатай холбоотой ганц заалт байгаа юм. “Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын Нарийн бичгийн даргыг намын тэргүүнтэй зөвшилцөж сонго” гэсэн ганцхан заалт. Гэтэл Нарийн бичгийн дарга ямар үүрэг, функцтэй хүн байх юм бэ. Ерөнхий нарийн бичгийн дарга 160 мянган гишүүнтэй намын хүн болгонтой ч юм уу, эсвэл хариуцсан хүн бүртэй уулзаад байхгүй. Тэгэхээр чиглэл, чиглэлийн асуудлыг тухайн хүн нам руу яриад орчих Нарийн бичгийн дарга нартай болох ёстой.

ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙХДАА ХҮН БОЛГОНЫГ ХАДААСНЫ ТОЛГОЙ ШИГ САНАЖ АЛХААР ЦОХИЖ БАЙСАН ҮЕ НЬ ӨНГӨРСӨН

-Намын даргын сунгааны өмнөхөн З.Энхболдыг шүүхэд өгнө гээд хэвлэлийн хурал хийгээд сууж байсныг чинь харсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Энэ хүн надад муу юм хийгээгүй л дээ, хөөрхий, Гэхдээ их зарчимгүй байсаар намаа ялагдуулж, муухай харагдуулаад байгаа болохоор хэлэхээс өөр аргагүй. З.Энхболд хүмүүст их шударга харагддаг хүн шүү дээ. Ухаантай юм шиг ярина. Шударга харагдана. Зүй нь би хэрвээ намын дарга байж байгаад ялагдсан бол тэр өдрөө хурал хийж, тамгаа өгчихөөд явчих байсан.

Гэтэл Зи-гийн хувьд унжраад, заваараад. Монгол хүний сайхан сэтгэлээр их тоглож байна шүү дээ. УИХ-ын дарга байхдаа хүссэн шийдвэрээ гаргуулж, хүссэн юмаа хийдэг байсан. Дээр нь нэг асуудалд хоёр өөр байр сууринаас дандаа ханддаг. Алдаагаа бусдаас хайдаг. АН сонгуульд ялагдсан нь С.Баяцогтын буруу, АН ялагдсан нь МАН-ын буруу гэх жишээний. З.Энхболд өндөг шиг өөгүй байгаа байхгүй юу. Хүмүүс хэлдэг, “Чи УИХ-ын дарга байхад нь хэлэхгүй яасан юм бэ” гээд. Би хэлж байсан. Миний өгсөн ярилцлагууд байж л байна шүү дээ. Тэр хүн эрх мэдэлтэй байхдаа хүн болгоныг хадаасны толгой шиг санаж алхаар цохиж байсан үе нь өнгөрсөн.

-АН-ын      дүрмийн шинэчлэл зарим хүнд таалагдаж байхад заримд нь учир дутагдалтай санагдах нь дамжиггүй. Таны хувьд намын дүрмийн шинэчлэлд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-АН-ын дүрмийн шинэчлэлд зөвлөхүүдийг нь зөвлөл гээд байгууллага байгуулагдах юм. Үүнд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, гол шийдвэр гаргаж байсан хүмүүс нь зөвлөлд ажиллах юм. Энэ нь шинэчлэлд олж батлагдах гэж байгаад бодолтой байна.

Шийдвэр гаргахад алдаа оноо байна. Алдаа, оноогоо намд хэлнэ гэдэг санах ой. Үндэсний зөвлөлдөх хороо худлаа зөвлөлдөөд байдгаа болъё. Бодлого гаргадаг байя гэхчлэнгээр намын шинэ дүрмэнд тусгасан. Эхлээд намын системийг угсрах нь зөв юм байна. Гэхдээ том агуулгаар манай нам шинэчлэлийн зүг зөв замаар явж байна гэдэгт итгэж сууна.

Намын дүрмийн шинэчлэлээр намын даргыг сунгаагаар тодруулчихлаа. Хамгийн гол нь дүүргийн намын дарга, УИХ, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна, тэр дунд гишүүдийн саналаар тодруулна гэдэг маш чухал.

-Магадгүй улс төрийн хувьд маш том жишиг юм даа?

-АН-ын тухайд дандаа сайн юм эхлүүлдэг. Одоо АН- ын залуучууд урагшаа хараад Ерөнхийлөгчийн сонгуульд яаж ялах вэ гэдгээ бодох хэрэгтэй. 2020 онд АН-аа яаж ялуулах вэ гэдгээ бод. Нам дотроо “зодолдох” биш сөрөг хүчнээ хий, Би ч гэсэн сөрөг хүчний дуу хоолой болох ёстой. Одоо нам дотроо “зодолцож” ханалаа, боллоо. Намын даргаа сонголоо. Манайхан хэмлэлдэж боллоо, одоо сөрөг хүчнийхээ ажлыг хийе, АН-ынхан гар гараасаа барилцаад сөрөг хүчний ажлаа хий. 2020 онд ялвал юу хийхээ төлөвлө. Намынхаа залуучуудад уриалахад эрдэм мэдлэгээдээшлүүлэхэд анхаар. Эдийн засгаа сайжруулахад анхаар. Энэ болохгүй бүтэхгүй байгаа шийдвэрийг шүүмжлэхийн тулд шүүмжлэх биш алдаатай зүйлийг нь шүүмжил. Ард түмэнд ойлгуул. Ард түмнээр дэмжүүл. Олонхи бол. Ялсан хойно юу хийхээ тодорхой болго.

-Намын шинэчлэлийн явцыг удаан байна гэх шүүмжлэл бий?

-Аливаа шинэчлэл, өөрчлөлт удаан байдаг шүү дээ. Нэг өдөр шинэчлэл хийе гэж хашгираад болчихдог юм биш. Маш олон хүний хүч хөдөлмөр, хугацаа, хүсэл мөрөөдөл, зорилго, тэмүүлэл, нийгмийн хэрэгцээ шаардлага бүгд нийлж байж шинэчлэл явагдана.

-Иргэн хүний чинь хувиар эдийн засгийн өнөөгийн байдлыг асуухгүй өнгөрч болохгүй нь, уучлаарай. Эдийн засгийн хүнд нөхцөлөөс манай улс яаж гарах ёстой юм бол?

-Манайх төрд ч бай, хувьд ч бай урт хугацааны тогтвортой харилцаа хамтын ажиллагаа гэдэг юмаа хийж чадахгүй бол хямарсаар л байх болно. Гадны хөрөнгө оруулагч ирээд нэг, дарга, мэргэжилтэнтэй нь ажлаа яриад явдаг. Жилийн дараа гэхэд нөгөө ярьсан юм нь байхгүй. Дахиад шинээр ярих болдог. Шаварт суухаар хий эргэдэгтэй л адилхан амьдарч байна, монголын эдийн засаг.

-Эдийн засгийн хямралаас гарах “энгийн арга” хандив цуглуулах гээд Гавъяат эдийн засагч нь ярьчихлаа. Энэ ер нь хэр оновчтой алхам юм бол?

-Иймэрхүү тэнэглэлээ больчихооч дээ. Бонд төлөх гэж Монгол Улс хандив цуглуулж болохгүй. Бондыг авсан эзэн нь байгаа биз дээ. МАН, АН-гүй. Аль намын гишүүн авсан нь гол биш. Бонд авсан эзэд нь төл, төлж чадахгүй бол барьцаанд тавьсан юмыг нь хурааж ав, тийм үү.

Тэгэхгүйгээр нэг олигархи зээл аваад төлөхгүй болохоор Гавъяат эдийн засагч нь 10 сая төгрөг өгөөд сууж болохгүй биз дээ. Хэрэв би Гавъяат эдийн засагч байсан бол улс орны эдийн засгийг ингэж авч явна гэсэн шийдэл хэлэх байсан. Яаж Гавъяат болсон юм бол доо, уучлаарай. Сэтгэл нь сайхан юм. Ард түмэн баярлах ёстой.

-Засгийн газрын 200 хоног болсон. АН-ынхны хувьд МАН 200 хоногт юу хийв гэсэн хариулт эрэлхийлсэн. Таны хувьд МАН-ын 200 хоногт ямар дүн тавих вэ?

-Би багш байсан бол муу тавина. Ийм л байна. Сөрөг хүчин байхад шүүмжилж л байдаг. МАН сөрөг хүчин байхдаа АН-ыг хангалттай муулж, доош нь чихсэн. Өнөөх шилэн данс нь яасан юм бэ. Ил тод байна гэсэн нь яасан юм бэ. Нөгөө давхар дээлээ яасан юм бэ. Урд нь ч, одоо ч тэр дэд сайд нь байна л биз дээ. Сайд нь байхгүй бол ажлыг нь хийгээ л биз. Арван залуу дэд сайд хийснээр Монгол Улсын төсөв муудчихгүй шүү дээ. Дэд сайдаа болиул гээд. Би давхар дээлийг тийм ч муу зүйл гэж анхнаасаа харж байгаагүй.

-Яагаад тэр вэ?

-Яах уу дээ. Иргэдийн саналыг аваад сонгогдчихсон хүн сайд хийгээ л биз дээ. Зарим нь 5,6,7 давхар дээл өмсчихсөн явж л байна шүү дээ. “Тийм юм байж болохгүй” гэж хэлчихээд тийм юмаа өөрөө хийгээд явж байгаа нь улс төрийн соёлгүйн шинж. Дэд сайд байна л биз дээ.

-Улс төрийн соёлгүйн шинж гэлээ. Яг үнэндээ улс төрийн соёл гэж байхаа больчихсон биз дээ?

-Байх ёстой шүү дээ. Залуучууд улс төрийн соёлыг бий болгох ёстой.