Энхтүвшин.Ө 2017.02.14 | Сонин: Улстөрийн тойм сонин

Олонхийн доторх цөөнх

Олонхийн доторх цөөнх
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Энд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн тухай хэдэн үг хэлэх гэсэн юм. Эчнээ танил энэ хүн маань 1980-аад оноос олонд танигдсан. Өөрөер хэлбэл, МАХН-ын төв хороо, Засгийн газрын төв хэвлэл “Үнэн” сонин төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд түүний бичсэн даацтай өгүүллүүд нийтлэгдэж эхэлснээр уншигчдын танил болсон юм.

Хожим УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялсан нь түүний анхны том оноо байв. 2004 оны УИХ- ын сонгуульд дахин нэр дэвшсэн ч босго давалгүй өвдөг шороодсон. Эл үйл явдал түүнд том сургамж болсныг үгүйсгэх аргагүй. Гэхдээ лааз өшиглөсөн. Ямар ч албан тушаалд очиж чадсангүй. Бараг л намдаа адлагдах шахсан.

Ухаан сууж, амьдралд хатуужсан болоод ч тэр үү өөрийн нам доторх алдааг залруулах зорилгоор жигүүр байгуулсны хүчинд 2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болсон. Олонхиор түрүү барьж заншсан намын нөхөд нь нэг удаагийн намын хурлаар жигүүрийг нь хүчингүй болгосон түүх бий. Нам нь жигүүргүй боллоо хэмээн сайрхдаг ч Ө.Энхтүвшин нам дотроо цөөнх, сөрөг хүчин болдог нь түүний шударга, үнэнч үйлдэлтэй нь холбоотой болов уу.

Өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн дараа шинээр зохион байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэх явцад Ө.Энхтүвшин УИХ-ын сонгуулийн өмнө МАН-аас боловсруулсан олон амлалтыг сонгогч олон түмэнд сурталчилж тэдний итгэлийг хүлээсэн.

Гэтэл Засгийн газраас боловсруулж оруулж ирсэн хөтөлбөр нь сонгуулийн өмнөх хөтөлбөрөөс дэндүү хол зөрж байна. Бид итгэлийг нь хүлээсэн сонгогчдын өмнө юу ярих юм бэ. Олон түмнийг хуурч болохгүй хэмээн чуулганы хуралдааны их танхимаас олонтаа хэлж хөтөлбөрийг залруулахад хүчин зүтгэсэн нэгэн.

Тэрбээр 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан гавъяатан. Одоо бол мэргэжлийн гэхээс илүүтэй мэргэшсэн парламентач болсон. Ө.Энхтүвшин гэж ийм нэгэн улстөрч байх. Түүний үг, үйлдлийг ажиглаж суухад олонхи дотроо ганцаарддаг байхыг үгүйсгэхгүй. Тэрбээр ганцаар биш л дээ. Цөөнх болдогт хамаг учир нь байгаа юм. Тиймээс түүнийг цөөнхийн нүдээр хардаг.