Эрдэнэ.С 2017.02.14 | Сонин: Ардчилал

С.Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн асуудал арбитрын шүүхэд очих байх

С.Эрдэнэ: “Эрдэнэт”-ийн асуудал арбитрын шүүхэд очих байх
АН-ын дарга С.Эрдэнэ

АН-ын дарга С.Эрдэнэ АН-ын VII Их хурлаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр түүнээс “Эрдэнэт” үйлдвэр болон бусад асуудлаар ярилцлаа.

-Өчигдөр (уржигдар) АН-ын VII Их хурал болж өндөрлөлөө. Таныг АН-ын даргаар батламжилж, хурал хаалттай үргэлжилсэн. Ямар асуудлуудыг хэлэлцсэн юм бэ?

-Хэд, хэдэн асуудал хэлэлцсэн. Гэхдээ юун түрүүнд 3200 гаруй зочид, төлөөлөгч оролцсон, Монголын улс төрийн түүхэнд тэмдэглэгдэх томоохон бүрэлдэхүүнтэй хурал болсон гэдгийг хэлмээр байна. Нийт 2700 гаруй мандаттай буюу саналын эрхтэй Их хурлын гишүүн, 500 орчим гадаад, дотоодын зочид урилгаар оролцсон. Их хурлын цар хүрээ, шийдэх асуудал өргөн байсан. АН-ын даргыг батламжилсны дараа АН-ын үндсэн дүрмийг хэлэлцэн баталсан. Гуравдугаарт, VII Их хурлаас гарах тогтоолын төслүүдийг хэлэлцсэн. 

Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн гол утга санаа нь АН-ын шинэчлэлийн үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, үргэлжлүүлэх байсан. Бид хуралдаанаар гол эрх зүйн заалтуудыг нь баталж чадсан болохоор зөвхөн дарга гэлтгүй анхан, дунд шатны бүх удирдлагууд, удирдах байгууллагыг бүх гишүүдийн оролцоотойгоор, тэдний саналаар сонгох боломжтой болсон. Дүрмээ албажуулж баталсан тул энэ долоо хоногоос эхлээд шинэчлэлийн ажил эрчимтэй явагдана гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, гишүүдийн санал асуулгаар сум хороодын намын үүрийн бүрэлдэхүүн, сум хороо, аймаг, дүүргийн намын дарга болон намын хороодын дарга нарыг сонгож, баталгаажуулна. Ингэснээр бүх шатандаа шинэчлэгдэж байгаа.

-Намын үндсэн дүрмийг бүхэлд нь батлаагүй гэсэн. Хэзээ дүрмийн шинэчлэлээ дуусгах вэ?  

-Саяны хурлаар АН-ын Үндсэн дүрэм, үзэл баримтлалын зөвлөлийг 35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэд намын VIII Их хурал хүртэл хэлэлцүүлэг явуулж, батлуулах чиглэлтэй ажиллах юм. Мөн Үндсэн дүрмийн хороо болон дотоодын сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах саналыг VII Их хурлаар дэмжсэн.

-Өмнө нь үндсэн дүрмийн төслөө боловс­руулчихсан гэж мэдэгдэж байсан болохоор VII Их хурлаар Үндсэн дүрмээ шинэчлэх байх гэсэн хүлээлт байсан. Гэхдээ баталсангүй. Яг ямар “засвар” хийх шаардлагатай болсон юм бэ?

-Үзэл баримтлалын болон үндсэн дүрмийн төслийн баг VI Их хурлаас томилогдсон. Тэд маань сайн ажиллаж байгаа. Гэхдээ үзэл баримтлалын төслийг хараахан болоогүй байна гэж үзсэн, мөн үндсэн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн болохоор хэлэлцүүлэг явуулахаар болсон юм. Ирэх тавдугаар сард эцсийн найруулгаа батлуулна. АН өөрийн үнэт, зүйл үзэл баримтлалтай. Гэхдээ 2000 онд таван нам нэгдэж, үзэл санааны тулгуураа эцсийн байдлаар хараахан батлаагүй, үзэл санааныхаа тугийг босгож амжаагүй.

Тиймээс дандаа дотроо сөргөлддөг. Таван намын угшил дээр үүссэн фракц бий болсон. Энэ нь яваандаа, намын дотоод шийдвэр, бодлогод нөлөөлж, тогтворгүй болгож байсан. Үүнийг Их хурлаар эцэслээд үндсэн дүрэм, үзэл баримтлалын төгс шийдлийг батлуулах болно. Ер нь, АН төв барууны үзэл баримтлалыг барьдаг, дэлхийн ардчилсан холбооны гишүүн.

-Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байхад ажлын хэсэг нь ч мэдээгүй заалт орж ирсэн гэх мэдээлэл гарсан байна лээ. Хаалттай Их хурлаар ийм маргаан гарсан юм уу?

-Үндсэн дүрмийн төсөл дээр ажлын хэсэг нь мэдээгүй нэг ширхэг ч асуудал ороогүй. Харин ч нэмэлт, өөрчлөлтийг VI Их хурлаас сонгогдсон ажлын хэсгийн саналаар шууд баталсан. Үндсэн дүрмийн хэлэлцүүлэг явж байх үед намын даргын хувиар зарим нэг санал оруулсан. Мөн аймаг, дүүргүүд хамгийн сүүлийн шатны хэлэлцүүлгийн үеэр зарим саналаа нэмж тусгасан. Түүнээс тэнгэрээс юм уу, гаднаас хэн ч мэдэхгүй заалт орж ирсэн зүйл огт байхгүй.

-VII Их хуралд Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар ирээгүй. Мөн З.Энхболд “бид оффшорчдоосоо салж чадлаа” гэж Их хурлын үеэр ярьсан. Тиймээс тэдэнтэй холбоотой ярьж байгаа юм биш биз гэсэн ойлголт иргэдийн дунд явж байна. Та ямар бодолтой байна?

-Сайханбилэг, Баярцогт, Алтанхуяг нарыг оффшорч, олигарх гэдгийг Монгол Улсын шүүх хуулийн байгууллагын түвшинд тогтоогоогүй. Тэр байтугай хууль, хяналтын байгууллага ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Тэгэхээр С.Баярцогт гэхээр шууд л оффшорчин, Ч.Сайханбилэг гэхээр олигарх гэж нэрлэж болохгүй. Өчигдөр (уржигдар) Ч.Сайханбилэг надаас чөлөө авсан. Яаралтай эмчилгээтэй байгаа болохоор очиж амжихгүй гэдгээ хэлсэн. Харин Баярцогт, Алтанхуяг нар тодорхой шалтгаан хэлээгүй ч, янз бүрийн асуудал байгаа байх. Манай намд үе, үеийн өндөр албан тушаал хашч байсан олон арван хүн бий. Тиймээс цөөн хэдэн хүн ирээгүйн төлөө лидерүүд нь ирсэнгүй гэж ярих нь зохимжгүй.     

-Өнөөдөр (өчигдөр) АН-ын шинэ байрны нээлт болсон. Хуучин байраа ямар байдлаар ашиглах вэ?

-Ардчиллын өргөө (хуучнаар “Шонхор” цамхаг) нь цаашдаа АН-ын төв байр гэж нэрлэгдэж, үйл ажиллагаа нь тэнд явагдана. Хуучин байрыг мэдээлэл, судалгаа, сургалтын төв болгох гэж байгаа. Намын дэргэдэх олон нийтийн төвүүд бас нүүж орох байх. Намын даргын хувьд үйл ажиллагаагаа хэвийн явуулах, бүх шатны гишүүн байгууллагууд төв намтай хамтарч ажиллах үүднээс намын төв байрыг шилжүүлсэн. Ер нь, аль ч нам, төрийн бус байгууллагын удирдлагууд тухайн удирдаж байгаа байгууллагынхаа санхүү, үйл ажиллагааг хэвийн явуулах үндсэн үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу л хийсэн ажил гэж болно.

-Та анхны тушаалаараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилсон байна. Гэхдээ генсекийг ч гэсэн Их хурлаар томилно эсвэл ҮЗХ томилно гэж яригдаж байсан биз дээ. Мөн АН фракцлахгүй гэж ярьдаг ч Ц.Тувааныг Шонхор буюу таны фракцынх болохоор ийм томилгоо хийгдлээ гэж хардах хэсэг байна?

-Ц.Тувааныг томилсон. Өмнө нь, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны (хуучин нэрээр) харьяа Нийгмийн халамж, хамгааллын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн. Туршлагатай, улс төрд олон жил явж байгаа, манай дунд үеийн төлөөлөл гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, намын дүрмээр ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрх нь Үндэсний бодлогын хороо (хуучнаар Үндэсний зөвлөлдөх хороо)-нд байгаа. Гэхдээ өчигдрийн (уржигдрын) Их хурлаас “Үндэсний бодлогын хороо шинээр бүрэлдэхүүнээ батлах хүртэлх хугацаанд намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилох эрхийг намын даргад олгох” тогтоол баталсан.

Энэ хүрээнд Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Харин биднийг “Шонхор” гэж овоглох хэрэггүй. Хэн илүү хийж чадна, тэр хүнд л албан тушаал очих ёстой. Аль фракц байх нь хамаагүй. Ажил хийж чаддаг нь л авах ёстой. Би өнөөдөр аль нэг фракцийн лоббигоор сонгогдсон дарга биш. Би бүх гишүүдээс сонгогдсон намын дарга. Тиймээс аль нэг фракцад барьцаалагдаж эсвэл илүү харсан зүйл байхгүй.

-Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах эрхийг бас л гишүүдэд үлдээх үү. Одоо бол танд эрх, үүрэг нь байгаа биз дээ?

-АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би нэрлэхгүй. Хэдийгээр надад тийм боломж, эрх, хэмжээ байгаа ч миний байр суурь бүх гишүүдийн оролцоонд тулгуурлана. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хүрээнд тавдугаар сарын 1-7-ны хооронд нэр дэвшигчээ зарлах ёстой. Тиймээс бид тавдугаар сарын 2-нд бүх гишүүдийн санал хураалтаар эхний шатны сунгааг явуулна. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг тавдугаар сарын 6-7-ны өдөр Их хурлаараа оруулж, шууд, нууц санал хураалтаар нэгийг нь тодруулах төлөвлөгөө байгаа. Ерөнхийдөө, хоёр үе шаттайгаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулна.

-Хэрвээ сонгуульд бүдрэх юм бол тухайн шатны дарга болоод АН-ын дарга өчиггүй халаагаа өгдөг болох нь АН-ын нэг шинэчлэл гэж ярьсан. Гэвч, намын даргын ажлаа аваад удаагүй байхад тань Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үр дүнгээс нь хамаарч, хариуцлага тооцох асуудал сөхөгдөх болов уу. Их хурлаар ийм асуудал яригдсан уу?

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН ялахын тулд л оролцоно. Мэдээж, хоёр ч бай, 100 ч бай уралдвал нэг нь л ялагч болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч намын удирдлага хариуцлага хүлээхгүй. Ёс зүйн хувьд тайлангаа тавьж, Үндэсний бодлогын хороогоор үр дүнг хэлэлцүүлнэ.

-ҮЗХ тарсан. Одоо Үндэсний бодлогын хороо гэж нэрлэгдээд бүтэц нь өөрчлөгдөх гэж байгаа. Хэзээ энэ бүтэц ажиллаж эхлэх вэ. Ямар шалгуураар гишүүдээ оруулахаар төлөвлөж байгаа юм вэ?

-Хуучин УИХ-ын нэг мандат дээр ҮЗХ-ны гурван гишүүн сонгогддог байсан. Одоо УИХ-ын 76 тойрог дээр үндэсний бодлогын таван гишүүн сонгогдохоор өөрчилж байгаа. 380 гишүүн дээр 76 хүртэлх шууд суудал байж болно гэж дүрэмд орж байгаа. УИХ-ын гишүүнээр сонгогдвол шууд намын бодлогын гишүүн болно гэж ойлгож болно. Дөрөвдүгээр сарын 6-нд анхан, дунд шатны намын сонгуулийг бүх гишүүдийн дунд явуулахаар ярьж байгаа. Үүгээр 76 тойргийн зөвлөлөөс 380 гишүүн гарч ирнэ. 380 гишүүн гэдгийг Их хурлаар баталсан.

-“Эрдэнэт”-ийн 49 ху­вийн асуудал дээр АН ямар байр, суурьтай байгаа вэ. Цаашдаа 100 хувь төрийн өмчийн үйлдвэрийн газар боллоо гэхэд хэрхэн хяналт тавих боломжтой вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал, үйл явдлыг шалгах шаардлагатай гэж АН-ын бүлэг гурван удаа УИХ-ын удирдлагуудаас шаардсан. Хамгийн сүүлд, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын дарга М.Энхболдод “УИХ-аас нэгдсэн ажлын хэсэг гаргаж, 49 болон 51 хувьд нь шалгалт оруулах шаардлагатай” гэсэн. Одоогоор нэгдсэн ажлын хэсэг гаргаагүй байна.

Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар байр сууриа илэрхийлж, гол үүрэг гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн үйлдлийг хараад гайхаж байна л даа. Уг нь, өмнө нь УИХ-аар ямар нэг хяналт, шалгалтын ажил явуулах гэхээр Ц.Нямдорж гишүүн “УИХ шүүх биш. УИХ бол мөрдөн шалгах газар, прокуруор биш. Шалгадаг, хянадаг газраар нь асуудлыг шалгуул” гэдэг байсан. Энэ байр суурин дээрээ маш хатуу байдаг байлаа. Гэтэл өнөөдөр Ц.Нямдорж гишүүн эсрэгээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь дээр УИХ-ыг шүүх, цагдаа, прокурорын байгууллага болгочихсон. УИХ-д хуулийн хэрэгжилт, түүнд хяналт тавих эрх нь бий.

Гэхдээ хууль зөрчсөн асуудал байвал хууль, хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах үүрэгтэй. Өөрсдөө шалгаад, өөрсдөө шийдвэр гаргаад байж болохгүй. Огт монголын өмчид байгаагүй 49 хувийг шилжүүлээд аваад ирсэн нь маш зөв гэж харж байгаа. Гэхдээ яг хуулийн дагуу байсан уу, гэдгийг шалгах нь хуулийн байгууллагын л үүрэг шүү дээ. Мөн нөгөө талдаа 51 хувийг зайлшгүй ярих л ёстой. Яагаад 49 хувь руу улайраад байгаа юм. Английн арбитрын шүүх дээр 51 хувь чинь барьцаанд явчихсан. 54 сая ам.долларын төлбөрийг ард түмнээсээ нуугаад хийчихсэн.

Одоо дахиад дараагийн төлбөрийг хийх гэж байна. Нийт төлбөрийн хэмжээ нь 140 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөг. Үүнийг одоо төлөх гэж байна. Энэ асуудлыг УИХ-ын олонх огтхон ч ярихгүй байгаа. Байсан 51 хувийг барьцаалаад үрэн таран хийж байхад ерөөсөө ярихгүй мөртлөө аваад ирсэн 49 хувийг л яриад байна. Тиймээс ганцхан 49 биш “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг бүхлээр нь л шалгах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Түүнээс би одоо яригдаад байгаа бүлэглэлийн эрх ашигт үйлчилж байгаа юм биш шүү.

Метр нь 50 мянган төгрөгийн үнэтэй кабелийн утсыг 350 мянган төгрөгөөр шахсан, бэлгэвч, нойлын цаас хэдэн тэрбумаар нь авч далд хийсэн, хэзээ ч хэрэглэхгүй дугуй хэдэн арваар нь авсан гээд “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад өчнөөн тэрбум төгрөгийн зөрчил байгаа шүү. Энэ үйлдвэрт шалгалт орохын өмнө агуулах нь шатаж байсан. Үүнийг би санаатай үйлдэл л гэж үздэг. Одоо түүнээс хойш агуулахад нь хэдэн тэрбум төгрөгийн шахааны эд зүйлс байгаа юм бүү мэд. Данс, өглөг, авлага бүх зүйлийг нь бүхлээр нь л шалгах ёстой.

-“Ростех” компани Ерөнхий сайд Ж.Эрдэнэ­батад албан бичиг хүр­гүүлж. Засгийн газар “Эрдэ­нэт” үйлдвэрийн хувьцааны давуу эрхээсээ татгалзсан тогтоолыг хүчингүй болгосноор асуудал арбитрын шүүхэд очно гэсэн агуулгатай юм билээ. Хоёр улсын хооронд байгуулсан Засгийн газар хоорондын гэрээнд энэ асуудлыг ямар байдлаар зохицуулсан байдаг юм бол. Мөн 400 сая ам.долларыг “Mongolian copper corporation”-д төлөх ёстой. Ямар байдлаар төлөх юм, мөнгөн хөрөнгө байгаа эсэхийг АН судалж үзсэн үү?

-Нөхөн суутгах маягаар энэ компанийн зардлыг нөхөж өгөх боломжтой гэж яриад байгаа юм л даа. Гэвч, Засгийн газрын талаас Худалдаа хөгжлийн банкнаас нөхөн суутгах нэг ч төгрөгийн авлагагүй юм билээ. Харин ч Засгийн газар Худалдаа хөгжлийн банкинд 1.1 их наяд төгрөгийн бондын өртэй юм билээ. Юун авах, юун суутгах. Иймэрхүү л нөхцөл байдалтай байгаа. Надад аль нэг талд нь гарах бодол, сонирхол байхгүй. Бодит байдлыг л ярьж байгаа юм. Хувийн хэвшлийнхний ажилласан жилийг нөхөн тооцлоо, насны хишиг олголоо, малчдын тэтгэврийн насыг таван жилээр татлаа л гэнэ. Эх үүсвэр нь хаана байгаа юм бэ. Засгийн газар цалингаа яая даа л гэж байгаа шүү дээ.

Нийгмийн даатгалын сан хүнд явж ирсэн, тэр хэвээрээ л байгаа. Үнэндээ, популист маягаар л монголын нийгмийг аргацааж байна. Бид дээрх хөнгөлөлт, шийдвэрүүдийг хараагүй биш харж байсан. Гэвч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг төсөв, мөнгөндөө тааруулж, нийгэм, халамжийн бодлогоо үе шаттайгаар хэрэгжүүлж байсан юм. Одоо цаашдаа улс орны нийгэм, эдийн засгийн байдал яах юм, Засгийн газар ямар реформ хийх гээд байгаа юм мэдэхгүй. Үүнийгээ тодорхойлж ч чадахгүй байгаа. Өмнө нь МАН ам.долларын ханш 50, 100 төгрөгөөр өсөхөөр яаж сүржигнэдэг байлаа даа.

Одоо ам.долларын ханш цагаандаа гарч, шатахууны үнэ өссөн. Энэ үнэ нэмэгдэхэд хэн эсэргүүцэж, хэн юм ярьж байна? Эрх баригчид өнөөдөр өөрсдөө ийм увайгүй зүйл хийж байгаа учраас цагаандаа гарсан, бодлогогүй байгаагийн л шинж.  МАН төрийн эрхийг хэт олонхоороо авна гэж төлөвлөөгүй болохоороо бодлого нь багадаж, боловсон хүч нь хүрэхгүй байна л гэж би харж байгаа. Өнгөрсөн найман жил төрийн бодлогыг дандаа АН-аар л хийлгэж байсан, хамтарсан нэрээр. Одоо дангаараа төрийн эрхэнд гартал толгой нь хүрэхгүй, бодлогоо боловсруулж чадахгүй л байна шүү дээ. Би шууд ингэж л дүгнэж байгаа.

-“Ростех” үйлдвэртэй холбоотой дахиад асууя. Уг нь бид “Эрдэнэт” 100 хувь дотоодын асуудал гэж ойлгоод байгаа. Гэтэл Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосноор “Ростех” үйлдвэртэй дахиад хэлэлцэх шаардлагатай юу?

-Засгийн газрын 330 дугаар тогтоолын нэгдүгээр хэсгийг хүчингүй болгосноор оролцогч талууд бүгд үүрэг хүлээх эрсдэл үүсч байгаа. Олон улсын арбитрын шүүх дээр юм уу, олон улсын холбогдох байгууллагын хүрээнд л асуудал яригдах байх. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг ийм том түвшинд хүргэх хэрэггүй байсан юм. Хууль зөрчсөн гэж үзсэн юм бол хууль зөрчсөн этгээдийг дотооддоо шийдэх боломжтой байсан. ОХУ-ыг татаж оруулж ирээд, олон улсын гэрээ хэлэлцээрийн түвшинд маргаан үүсгэх хэрэг байгаагүй л гэж бодож байна.