Чинзориг.С 2017.02.14 | Сонин: Өдрийн сонин

С.Чинзориг: Ээжүүд болон малчдын нийгмийн хамгааллыг сайжруулсан хоёр хуулийн төсөл батлагдлаа

С.Чинзориг: Ээжүүд болон малчдын нийгмийн хамгааллыг сайжруулсан хоёр хуулийн төсөл батлагдлаа
УИХ-ын гишүүн С.Чинзориг

УИХ-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.

ХҮҮХДЭЭ ГУРВАН НАС ХҮРТЭЛ НЬ ГЭРТЭЭ ХАРСАН ЭЭЖҮҮДИЙН НДШ-ИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ

-Өнгөрсөн долоо хоногийн уиХ-ын нэгдсэн чуулганаар таны өргөн барьсан тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хоёр хуулийг баталлаа. Хуулийн гол ач холбогдол юу вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гэсэн хоёр хуулийн төслийг боловсруулж батлууллаа.Хууль батлагдсанаар хэд хэдэн асуудал шийдэгдэж байгаа. Ялангуяа олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитоор үнэлэх, тэдний нийгмийн баталгааг сайжруулах тал дээр тодорхой арга хэмжээ авахаар болсон. Тухайн ээжийн төрүүлж, өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцдог байх, хүүхдээ гурван нас хүртэл нь гэртээ харж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлийг нь тасалдуулахгүй төлнө. Ингэснээр ажилласан жил тасалдахгүй. Мөн даатгуулсан хэлбэрээс үл хамаарч жирэмсний болон амаржсаны тэтгэврээ бүрэн авдаг байх гэхчилэн олон хуулийн заалтыг оруулж өглөө.

-Гэртээ хүүхдээ харж буй ээжүүдийн НДШ-ийг улсаас төлөхөд хэдий хэрийн хөрөнгө зарцуулах бол?

-Төсөвт зохих хэмжээний ачаалал өгөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ талууд санхүүгийн ачааллаа жигд хариуцах учраас дан ганц төсөвт ачаалал өгөхгүй. Хүүхдээ гэртээ гурван нас хүртэл харж буй ээжүүдийн НДШ-ийг ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол Нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас төлнө. Харин огт ажил хөдөлмөр эрхэлдэггүй ээжүүд бий. Тэдний НДШ-ийн тал хувийг төр хариуцахаар болж байгаа. Үлдсэн хувиа иргэн өөрөө төлнө. Нэг ёсондоо ажил олгогч, төр, иргэн, Нийгмийн даатгалын сан дөрвүүлээ ачааллаа жигд хуваах юм.

-Уг хууль хэрэгжээд эхлэхээр тав ч юм уу арван жилийн дараа төрөлт нэмэгдэнэ гэсэн судалгаа бий юү?

-Төрөлт хэрхэн нэмэгдэх вэ гэсэн нарийвчилсан судалгаа хийгдээгүй. Гэхдээ ээжүүдийн нийгмийн баталгаа сайжраад олон хүүхэд төрүүлсэн хөдөлмөрийг нь бодитоор үнэлээд ирэхээр төрөлт нэмэгдэнэ гэж бодож байгаа. Нийгмийн хамгаалалтай холбоотой арга хэмжээ хэрэгжүүлэхээр төрөлт нэмэгддэг судалгаа байдаг юм билээ.

МАЛЧИД НДШ-ЭЭ ТӨЛЖ БАЙГААГҮЙ БОЛ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

-Малчдын тухайд мөн олон боломжийг нээж өгсөн биз дээ?

-Аль ч Их хурлын үед малчдын нийгмийн асуудал орхигдчих гээд байдаг байсан. Тиймээс хатуу ширүүн уур амьсгалд ажиллаж, амьдарч буй малчин түмнийхээ хөдөлмөрийг бодитой үнэлэхийн тулд нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр наашлуулсан. Байгалийн хатуу ширүүн нөхцөлд жилийн дөрвөн улиралд мал малладгаас хамаараад малчдын дундаж наслалт, төв суурин газрын иргэдийн дундаж наслалтаас харьцангуй доогуур байдаг. Үүнтэй холбоотойгоор малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах шаардлагатай байна гэж үзсэн юм. Мөн өнөөдөр улсын хэмжээнд 1.1 сая ажил хөдөлмөр хийж буй хүн бий. Үүний 47 хувийг нь малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд эзэлж байгаа. Тэгсэн атлаа нийгмийн даатгалын төлөлтийг нь аваад үзэхээр малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 13 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Ерөнхийдөө малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 80-90 хувь нь үндсэндээ нийгмийн хамгааллын гадна байна гэсэн үг. Ахмад, өндөр настан болсон хойноо Нийгмийн хамгааллын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсэхгүй, ирээдүйн нийгмийн баталгаа нь алдагдах нөхцөлтэй байгаа. Ийм учраас малчин болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлж чадаагүй явж ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх боломжийг олгосон хуулийн зохицуулалттай болчихлоо.

-Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулахаар мөн төсөвт ачаалал ирнэ биз дээ?

-Мэдээж хэрэг ачаалал ирнэ. Гэхдээ малчдын төлөөгүй байгаа НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэхээр 200-300 орчим тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд төвлөрөх байх гэсэн тооцоо бий. Энэ хөрөнгөнд зөв менежмэнт хийгээд өсгөж чадвал малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулсан ч гэлээ төсөвт ачаалал өгөлгүйгээр шийдэх боломжтой.

-Алдар цолтой ахмадуудад нэмэлт хөнгөлөлт олгоно гэсэн. Энэ хуулийн талаар?

-Засгийн газраас ахмад настнуудтай холбоотой хоёр хуулийн төсөл оруулж ирсэн. Нэг нь Ахмад настны тухай хууль. Энэ хууль батлагдсанаар ахмадууд маань ахмад сургагч багш болж байгаа юм. Тэдний мэдээллийг бүрдүүлсэн мэдээллийн сантай болж хүсэл сонирхол, мэдлэг, мэргэжил, чадварт тохирсон хөдөлмөрийг санал болгож байх юм. Мөн залуу үедээ сургаал, туршлагаа хуваалцах ажлууд зохион байгуулна. Мөн шүдний протезын хугацаа таван жил байсныг гурав болголоо. Алдар цолтой ахмадуудад нэмэгдэл хөнгөлөлт олгоно. Үүний дагуу гавьяат цолтой ахмадууд маань сар бүр 150 мянган төгрөг авна.

-Оффшорын хуулийн тухайд гишүүд янз бүрээр байр сууриа илэрхийлж байна. Таны хувьд энэ хуулийн төсөл дээр ямар бодолтой байгаа вэ?

-Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслийн ерөнхий агуулга, зарчмыг нь дэмжиж байгаа. Ер нь улстөрчид болоод төрд зүтгэж, албан тушаал хашиж байгаа хүн бол тэр татваргүй бүс буюу оффшорын бүсэд данс эзэмших ёсгүй. Гэхдээ одоо УИХ-д хэлэлцэгдэж байгаа хуулийн төслийн томьёоллыг нь харахаар санал нийлэхгүй асуудал байна. УИХ дээр Засгийн газраас орж ирээд хэлэлцэгдсэн хуулиар бол нэлэнхүйд нь буюу гадаад улсад данстай байхыг хориглох гээд байгаа юм. Үүнийг би буруу гэж үзэж байгаа. Нэг төрийн албан хаагч байлаа гэхэд хүүхэд нь гадаад орны тэтгэлэгт хамрагдаад гадагшаа сургуульд сурч болно. Бас манай улсаас эрүүл мэндийн асуудлаар гадагш, дотогшоо явдаг улсууд байж л байдаг. Тэд бас хязгаарлагдчих гээд байгаа юм.

-Тэгвэл яах ёстой гэж?

-Ерөөсөө гадаад улсад дансгүй бай гэж хориглохгүйгээр харин яг тэр татваргүй бүс буюу татвараас зугтдаг, хууль бусаар олсон орлогоо нуудаг оффшор бүсдээ данстай байхыг нь хориглоё гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Мөн Засгийн газраас орж ирсэн саналд зөвхөн тухайн төрийн албан хаагчийг гадаад улсад данстай байхыг нь хориглочихсон. Цаана нь үр хүүхэд, ах, дүү нь данстай байх нь нээлттэй байгаад байна.