Ж.Энхбаяр: Ийм хариуцлагатай үед Засгийн газарт ая тал засч болохгүй
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
2017.02.14

Ж.Энхбаяр: Ийм хариуцлагатай үед Засгийн газарт ая тал засч болохгүй

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяртай ярилцлаа.

-УИХ-д МАН 65 суудалтай болж анхны намрын чуулганаа үдэж байна. УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт өгөх вэ. Танай намыг засаг авахад эдийн засаг хүнд байсан. Долоон сарын хугацаа өнгөрлөө. Эдийн засгийн уналт тогтворжиж чадсангүй?

-Юуны өмнө өөрийн хариуцсан байнгын хорооныхоо хийсэн ажлаас цухас танилцуулъя. Монгол Улс батлан хамгаалах салбарынхаа бичиг баримтыг УИХ-аар баталсан. Үүнтэй холбоотойгоор тусгай чиг үүргийн байгууллагуудын эрх зүйн орчинг иж бүрнээр нь шинэчлэх зайлшгүй шаардлага бий болсон юм. Бид 20 гаруй жилийн өмнө батлагдсан хуулийн хүрээнд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байлаа.

Тиймээс шинэчлэх зайлшгүй шаардлага нь энэ парламентад үүрэг болж ирсэн гэхэд болно. Ямартай ч манай байнгын хорооны хувьд үр дүнтэй намрын чуулганыг өндөрлүүллээ. Зэвсэгт хүчний тухай хууль, Батлан хамгаалах тухай хууль, Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Хилийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийг Их хурлаар батлуулсан.

Мөн бодлоготой холбоотойгоор Дотоодын цэргийн тухай хууль, Цагдаагийн тухай хууль, тагнуулын байгууллагатай холбоотой хуулиудыг баталж чадлаа. Гадаад харилцаатай холбоотойгоор Дипломат албан, тухай хууль, Олон улсын гэрээний тухай хуулийг баталсан бол Олон улсын харилцааны тухай хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдэж чадсан юм. Миний бие эдгээр хуулиудын дийлэнхийнх нь ажлын хэсгийг ахалж ажилласан. Завгүй л байлаа даа.

-Та завгүй байсан байж болно. Гэхдээ энэ улс орны эдийн засаг мөлхөж байсан бол элгээрээ хэвтчихлээ шүү дээ. Үнэмлэхүй олонхийн хувьд хангалтгүй биш үү?

-Эдийн засаг туйлын хямралтай, хүнд байгаа нь үнэн. Гадаад талд геополитик, эдийн засгийн огцом хувирал, өөрчлөлтүүд явагдаж байна. Т иймээс Монгол Улсад нэлээд зүйлсийг бид эргээд харах цаг нь болсон гэдгийг сануулж байгаа. Дотоод эдийн засаг нь хүнд, гадаад нөхцөл байдал нь хүнд байдалд орчихсон. Энэ үнэн. Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт орохоос өөр ямар ч сонголт үлдсэнгүй. Валютын нөөц шавхагдсан, гадаад өр зээл хэтэрсэн, зээлийн эргэн төлөлтийн хугацаа тулчихсан, үүнийгээ төлөх боломж нь хязгаарлагдмал байна л даа.

Ийм л амаргүй цаг үед намрын чуулган хуралдсан. 65-ын бүлгийн гол зорилго богино хугацаанд хямралаас гарах, эдийн засгийн уналтыг тогтворжуулах. Нөгөө талдаа хариуцлагын асуудлыг заавал хөндөх учиртай. Улс орныг ийм байдалд оруулсан улстөрч болон албан тушаалтнуудын хариуцлагыг, өнгөрсөн хугацаанд авсан өр зээлийн асуудлыг шалгаж ард түмэнд хүргэх том ажил дуусч байна. Тухайлбал, Хөгжлийн банктай холбоотой ажлын хэсэг ажилласан. Хэдэн төсөл хөтөлбөрийг хичнээн аж ахуйн нэгжид яаж хэрэгжүүлсэн тухай дэлгэрэнгүй танилцуулсан. АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч шалгалт явагдаж байна. Зөрчилтэй гэж үзсэн материалуудыг албан ёсоор шилжүүлж хуулийн байгууллагууд ажлаа хийгээд эхэлсэн.

-Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын ажил ямархуу байна вэ. Олон хүн шүүмжилж байна. Та ч бас шүүмжлэгчдийнх нь нэг нь шүү дээ. Наймдугаар сард л ОУВС-д хамрагдана гэж ярьж байсан ч өнөөдрийг хүртэл эцсийн шийдлээ олж чадаагүй байна шүү дээ?

-Засгийн газар маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Энэ хугацаанд маш олон мэдээлэл ил тод болсон. Санхүүгийн сахилга батгүй, бодлогогүй, үр ашиггүй, үрэлгэн явж ирсэн нь ил болчихлоо. Өнөөдөр хоолойд тулаад буй хямрал, ханшийн уналт, өр зээлийн асуудал дээр илүү тод харагдаж байна. Ард түмэн үүнийг мэдэрч МАН-ыг олонхи болгосон. Нэг талдаа их итгэл мэт боловч нөгөө талдаа маш том хариуцлагыг үүрүүлчихсэн юм. Нэхэл хатуу даалгавар гэж ойлгож болно.

Засгийн газар эдийн засгийн уналтыг' зогсоох эхний алхмаа хийж байна. Бүх боломжоо дайчилж байна. УИХ дахь МАН-ын бүлэг, Байнгын хороод гээд бүхий л түвшинд бид дэмжлэг үзүүлж байгаа. Аль болох хурдан шуурхай ажиллаж, шийдэмгий, хурдтай байхыг хүсч, шаардаж, шахаж зарим зүйл дээр нь шүүмжлэлтэй хандаж байгаа нь үнэн. Ингэж байж үр дүн гарах ёстой. Бид Засгийн газартаа бүхнээ даатгаад орхиж болохгүй. Бүх талаараа нэгдэж, дэмжиж, буруу зүйл дээр нь хазаар болж явна. Эцсийн эцэст хэн нэгний Засгийн газар гэж яригдахгүй шүү дээ. МАН-ын Засгийн газар гэж яригдана. Тиймээс бүгдээрээ хариуцлагаа үүрч, хуваалцах ёстой.

-ОУВС-гийн талаар хариулт өгсөнгүй. Одоо болтол Хятадаас авах зээлдээ найдаад байгаа юм уу?

-Цаг хугацаа алдсан нь бодитой үнэн л дээ. Ялангуяа бид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ОУВС-тай хэлэлцээрт орсон бол өнөөдрийнхөөс илүү боломжгой хувилбарыг сонгох байсан. ОУВС АНУ- тай санхүүгийн хувьд нэлээд уялдаатай ажилладаг. Тэр утгаараа бодлогын нөлөөлөл нь их. Шинэ Ерөнхийлөгч, шинэ Засгийн газрын бодлого нь бидэнд эерэг тусах уу, сөрөг тусах уу гэдэг нь тодорхойгүй байна. Цаг хугацааны хувьд алдаа гарсан гэдэгтэй санал нэг байна.

-АНУ шинээр төрийн тэргүүнээ сонгочихлоо. Трампын бодлого манай оронд хэр тусах бол. АБГББХ-ны даргын тань хувьд сонирхож байгаа юм шүү?

-АНУ-ын Засгийн газрын бодлого эцэслэгдэн тодорхой болоогүй байна. Учир нь АНУ их гүрэн. Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулна, бодлогоо гаргана. Тухайн бүс нутгийн ашиг сонирхол өөр өөр байдаг. Цаашид гарах бодлого, шийдвэрийг нь судалж, хүлээж байна. Бүх түвшинд мэдээлэл солилцож, боловсруулалт хийж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тал дээр Гадаад харилцааны яаманд үүрэг даалгавар өгсөн. Юм тодорхой болох болоогүй байна.

-Эдийн засгийн хямралын цаг үеийг туулж байгаа нь үнэн ч манай эдийн засагт эерэг дохио өгчих мэдээлэл огт дуулдахгүй юм. Хүн бүрээс энэ талаар асуух ч дорвитой хариулт өгчих хүн гарахгүй юм л даа. Дахиад танаас асуучихъя?

-Дөрөвхөн жилийн өмнө эдийн засгийн өсөлт, жилдээ 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татдаг, ирээдүйн Кувейт, Катар болно гэж яригдаж байсан улс яагаад дөрвөн жилийн дотор эдийн засгийн уналттай, үндэсний валют нь мөн л унасан, өр зээлэнд баригдсан, авлигын үзүүлэлт нь өсчихсөн, олон улсад зээлжих зэрэглэл нь дөрвөн шатаар уначихсан улс болов оо гэдгээ бид эргэн бодох учиртай. Бид юун дээр алдав гэдгээ бодох хэрэгтэй.

-Бид юун дээр алдсан юм бэ. Өнгөрсөн дөрвөн жил танай нам сөрөг хүчнээр ажилласан. Алдааг нь бол хамгийн их анзаарсан байх ёстой доо?

-Нэгдүгээрт, уул уурхай гэдэг бол бидний бүтээсэн, бий болгосон баялаг биш. Байгалийн баялаг. Нэмүү өртөг шингээгүй зүйлсээ бид байнгын юм шиг бодож, орж ирсэн орлогоороо дараагийн орлого олох салбараа босголгүйгээр хэт үрэлгэн зарцуулсан. Уул уурхайгаас ангид эдийн засгийн бүтцийг босгож чадаагүй нь хамгийн том алдаа. 60 сая гаруй малтай хөдөө аж ахуйн орон гэдэг хэдий ч өнөөдөр сүүнийхээ 80 хувийг импортоор авч байна. Жилдээ 10 сая толгой мал экспортолдог хөдөө аж ахуйн салбар маань 10 мянган мал чаДахаа ~больсон.

Үүндээ бид дүгнэлт хийж, хөдөө аж ахуйн салбараа босгох ёстой. Хөдөө аж ахуйн салбар босно гэдэг чинь хөнгөн үйлдвэрийн салбараа босгох суурь нь юм. Бодлогын алдаа гаргаж, эрэмбэ алдсан. Хэт үрэлгэн зарцуулалтуудыг хийсэн. Шинэ эдийн засгийн тулгууруудаа бий болгож чадсан бол байдал өөр байх байлаа. Дэлхийн хэмжээний ганц том цогцолбор босгоод аялал жуулчлалын төвийг бий болгосон бол байдал өөр байх байлаа. Хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлсэн бол хөнгөн үйлдвэрийн салбар хөдөлж ажлын байр нэмэгдэх байлаа.

Гэх мэтчилэн олон зүйлийг ярьж болно. Бид уул уурхайгаас олсон мөнгөөрөө байшин бариад дууссан. Өндөр үнэтэй бараа гаднаас авч хэт тансаглаж сурсан. Хэрэглээний зээлэнд ард түмнээрээ автсан. Иргэн, аж ахуйн нэгж, улс, засаг, Монголбанк гээд бүгд зээлээр амьсгалж байна. Нэмүү өртөг бүтээлгүйгээр бүгдийг зээлээр хангаж эхэлсэн. Тэр нь манайханд хялбар санагддаг болсон. Тэртэй тэргүй ухаад өгчихнө. Түүнийгээ зарчихна гэж боддог болсон.

Нийтээрээ буруу хэвшилтэй болсон. Олсон мөнгөө улс төрийн зорилгоор баруун, солгойгүй тарааж эхэлсэн. Хавтгайруулан хуваарилж эхэлсэн. Ингэж явж ирснийхээ горыг амсаж байна. Юу ойлгож байна гэхээр бид хөдөлмөрлөх ёстой, нэмүү өртөг бүтээх ёстой. Тэгж байж хүн нь хөгжинө, үйлдвэр нь ч хөгжинө, улс орон бэхжинэ гэдгийг ойлгож байна. Түүнээс биш ухаад, зараад хол явахгүй. Дахиад хэлье. Энэ бүхэн бидний бүтээсэн баялаг биш.

Байгалиас заяагдмал гэнэтийн орлогыг эдийн засагт бодлогогүй, хамаагүй цутгах нь суурь эдийн засгаа тэр чигт нь татаж унагадгийн хамгийн том жишээ. Баялгийн хараал гэдэг зүйл ил тод болсон. Дэлхийд “Голланд өвчин” гэдэг байсан бол “Монгол өвчин” гэдэг шинэ нэр томьёотой болж орж ирж байна. Эдийн засгийн супер өсөлт, эдийн засгийн супер уналтад яаж богино хугацаанд орж болдгийг бид харлаа.

Бид үндэсний ганц том “Эрдэнэт” үйлдвэрээ хувьдаа авна, улсдаа авна гээд хэрэлдээд сууж байна.

-Уг нь хувийн хэвшил нь авчихвал улстөрчдийн шахаагүй болно гээд байсан. Гэсэн ч УИХ шийдвэрээ гаргачихлаа...

-Төр 100 хувь авлаа гээд сайн үр дүн гарахгүй.

-Та ч шүүмжлэгчийн байр сууринд байгаа л даа...

-“Эрдэнэт” үйлдвэр 20 жил төрд байсан шүү дээ. “Эрдэнэт”-ийг тойрсон улс төрийн шахаа их явдаг. Ямар сайндаа л “Саалийн үнээ” гэхэв дээ. Ийм л байсан. Төрийн мэдэлд нэртэй олон түмэнд хүртээлгүй явж ирсэн. Нөгөө талдаа “Худалдаа хөгжлийн банк” тэргүүтэй эдийн засаглалын бүлэглэлд  авлаа гээд мөн л ард түмэнд хүртээлгүй. Хэтэрхий цөөнхөд очих юм. Миний хувилбар харин дундынх.

-Дундынх гэдэг нь юу юм бэ?

-“Худалдаа хөгжлийн банк” 49 хувийнхаа 20-иос доошгүй хувийг, төр өөрийн мэдлийн 51 хувийн 20-иос доошгүй хувийг арилж гэж байгаа юм. 40 хувийг нь Монголын ард түмэнд нээлттэй хувьцаа хэлбэрээр арилжих хэрэгтэй. Баталгаатай 20 гаруй жил ажиллах өнгөт металын ордын хувьцааг авахыг иргэд, аж ахуйн нэгжүүд бүгд хүсч байгаа. Яахаараа төр нэртэй улс төрийн намуудын шахааны бизнес болох ёстой юм бэ. Яахаараа хэт цөөнхөд “Эрдэнэт” үйлдвэр очих ёстой гэж. Яагаад Монголын ард түмэн хүртэж болохгүй юм. Цөөнхөд очдог саалийн үнээг ард түмэн саадаг саалийн үнээ болгоё гэж байгаа хэрэг л дээ.

Өнөөдрийн нийгэмд үүсээд буй бухимдал, ард түмний хүсэмжлэлд нийцэх юм болов уу л гэж бодож байна. Энгийн албан хаагч хэн ч бай “Эрдэнэт”-ийн хувьцааг авах боломжийг нээх ёстой. Одоо улс төрийн томилгоо явагдаж, улс төрийн шахаа хийгдэнэ. Т иймээс энэ бодитой зүйл биш. Олон түмэнд нээлттэй хувьцаат компани болгох ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Тэгэхийн тулд хоёр талаас алхам гаргах ёстой. Ч.Сайханбилэгийн Засгийн газар нь өгөх нь зөв гээд, Ж.Эрдэнэбатын Засгийн газар хурааж авах нь зөв гээд нөгөө талд нь шийдвэр гаргадаг байж болох юм уу.

Үүний дүнд Монгол Улсын эрх ашиг хохирно. Их хурал шийдвэрээ гаргасан ч урт хугацааны шүүх, маргаан болно. Үүний дүнд Монголд итгэх гадны хөрөнгө оруулагчдын итгэл бүр суларна. Монгол үнэхээр бодлогын тогтворгүй юм аа гэдэг нь Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын алинд нь ч хамаагүй. Монгол төрийн бодлого л гэж гадныханд харагдана. Хөрөнгө оруулалтын орчин асар муудна гэдгийг л хамгийн сайн мэдэж байна. “Эрдэнэт”-ийн энэ асуудалтай холбоотойгоор монгол төгрөгийн ханш дахин суларна.

Хохирол нь ард түмэн дээр л бууна. Олон түмэнд нээлттэй болгох цаг нь болсон. Хэрэв тэгвэл Монголын ард түмэн цаашид тайвшрах болов уу. Учир нь тэд нийгмийн баялгаасаа хүртээд эхэлж байгаа юм. Бидний онцлог гурван саяулаа. Зах зээл маань дэндүү жижиг. Монголын зах зээлд хийж болох гол ажлууд үндсэндээ хийгдээд дуусчихсан. Гурван сая хүнтэй зах зээл ханаад, хэт хөөсрөөд буцаад хагарч байна.

Дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын үнэ өсвөл иргэдийн эдийн засгийн мэдлэг дээшилнэ. Хувьцааны үнэ өсч, ноогдол ашгаа ч авна. Энэ нь өөрөө улс төрийн баталгаатай суурь болж өгнө. “Эрдэнэт”- ийн хувьцааг нээлттэй арилжаалаад эхэлбэл эдийн засаг, улс төрийн хамаарлыг иргэд ойлгодог болно. Өнөөдөр гэтэл зэсийн үнэ өсөөд ч тухайн иргэнд үнэндээ хамаа алга. Энэ хувьчлал олон түмэнд хүртээлгүй яваад байгаад асуудлын гол нь байгаа юм.

Тэгш хуваах асуудал байж болохгүй. Харин тэгш боломжийг нээх асуудал байх ёстой. Монгол Улсын эдийн засгийн бүтцийг аваад үзэхээр 98 хувь нь арилжааны банкинд хамаарч, үлдсэн хоёр хувь нь хөрөнгийн бирж, даатгалд хамаардаг. Ийм болохоор даатгал хөгжихгүй байна. Одоо “Эрдэнэт” үйлдвэрээс эхлээд хэрэгжүүлж эхэлмээр байгаа юм.

Төр 51 хувиасаа 20 хувийг нь нээлттэй арилжаалчихаар одоо төлөх гээд ухнатаад байгаа 580 сая ам.долларыг дотоодын зах зээлээс босгох боломж бүрдэнэ. Иргэдийн хадгаламжинд долоон их наяд төгрөг сул байна шүү дээ. Ядаж тэр мөнгөний 2-3 их наяд төгрөг буюу 1-2 тэрбум ам.доллар хөрөнгийн зах зээлд очих боломж бүрдэнэ. Баялгийн хуваарилалтыг шинээр хийж байж эдийн засгийн хямралыг давна.

-Үүнийг хийчих зүрх сэтгэл олигархи бүлэглэлүүдэд байх уу. Таны ярьж байгаа зүйлс сайхан сонсогдож байгаа ч бүтэхгүй мэт санагдах юм?

-Нийгэмд хүртээмжтэй буюу хөрөнгөтний хувьсгалыг хийх ёстой. Аж ахуйн нэгжийн том эздэд “Нийгмийн баялгийн хуваарилалт дээр хөрөнгөтний хувьсгалаа хий” гэж уриалмаар байгаа юм. Тэгэхгүй бол алдах зүйлгүй болсон ард түмэн пролетарийн хувьсгалыг хийнэ. Энэ чинь нийгмийн зүй тогтол.

Гэхдээ монголчууд ингэж эвдэрч болмооргүй дэндүү цөөхүүлээ. Дэндүү эмзэг улс орон шүү дээ. Намайг ингээд ярихад мөрөөдөл мэт сонгогдож байж магадгүй. Үүнийг хийж байж л Монголд шударга ёс, зах зээлийн нийгэм бий болж төр нь төр шиг, хувийн хэвшил нь хувийн хэвшил шиг явна. Тэгэхгүй бол олигаполи, олигархи гэгдэх монополь зах зээлийг бий болгож байгаа аж ахуйн нэгжүүд өөрийн эрхгүй бизнесээ хамгаалахын тулд улс төрд хутгалдаж байна.

Улстөрчдөд бүх талын захиалга дэмжлэг үзүүлэн бодлогод оролцож байгаа нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон. Украинд гэхэд хөрөнгөтнүүд нь улс орныхоо хувь заяагаар тоглосон. Тэр улс иргэний дайны байдалтай байна. Бид ийм зүйл рүү орж болохгүй. Энэ бол хөрөнгө хураах асуудал биш.

Их олон зүйл эрүүлжих үндэс нь эдийн засагтай холбоотой. Хууль шүүхийн байгууллагад ч гэсэн энэ нөлөөлнө. Улс төрийн нам тойрсон хандив, мөнгөний асуудал, захиалга чинь үүнтэй холбоотой. Хэт цөөнхийн тэмцэл өрнөсөөр л байгаа. Үүнээс зайлсхийх ганц боломж нь энэ. Түүнээс барилга, худалдаа, үйлчилгээ гээд бусад салбарууд нь цэвэр өрсөлдөөний журмаараа явах ёстой.

-Гэхдээ таны жиргэсэн БОАЖ-ын яамны газрын дарга 150 сая төгрөг авч байгаад баригдсан асуудлаас эхлээд хэцүү л харагдах юм даа. Түмнийхээ төлөө байсан бол тэр хүнээс ийм сэтгэл гарах байсан гэж үү?

-Авлигын асуудал өнөөдрийн нийгмийн хорт хавдар болсон зүйл. Энэ хавдрыг л яаралтай эмчлэх хэрэгтэй. Авлигыг бүх нийтээрээ үзэн ядах сэтгэлзүйг бий болгох ёстой л доо. Ингэхийн тулд нөр их хүч, улс төрийн зориг шаардагдана. Багаар бодоход дахин 20 жил тэмцэхээс өөр аргагүй.

Газрын даргын авлига авсан асуудал Ардын намын нэр хүндэд ноцтой хохирол учруулсан.

Үүнтэй бид яагаад ч эвлэрч болохгүй. Үүнийг ил болгож, хатуу шүүмжилж бага дээр нь дарах ёстой. Өнгөрсөн дөрвөн жилд манай нам сонгуульд ялагдсан шалтгаан нь авлигын асуудал байсан. Бид алдаанаасаа сургамж авсан болохоор тэр алдаагаа давтахгүйн тулд таслан зогсоох ёстой. Энэ намын асуудал биш. Монгол Улсын асуудал. Идээ бээрийг бага дээр нь хагалж шахахгүй бол хөл гараа тайруулах болно.

-Гуравдугаар сард бондын өрөө төлж чадах уу. Та “Манайх бондоо тараасан. Дараа нь Өршөөлийн хууль баталсан. Одоо хямрал өр зээлээ төлөх боломжгүй болсон” хэмээн цахим хуудастаа бичсэн байсан?

-Яг өнөөдрийн нөхцөлд боломжгүй л байна. Гэхдээ арга замыг нь олох ёстой. Арилжааны банкинд иргэдийн хөдөлгөөнгүй болсон долоон их наяд төгрөг бий. Дотоод нөөц боломжоо ашигла.

-МАН-ын бүлэг дотор “Элсний 13” гэдэг шиг Ө.Энхтүвшин дарга, Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, та гээд сөрөг хүчин бий болсон гэх боллоо. Өрнөж байгаа процессыг харахаар үнэн ч юм шиг?

-Тийм зүйл байхгүй. Бид асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүс. Бид засгаа хайрласандаа шүүмжилж байгаа. Алдаа битгий хийгээсэй гэж шүүмжилж байгаа. Энэ алдаа Ардын намын алдаа болж хувирна. Ард түмэн биднийг эдийн засгийн хямралыг зогсоогоосой гэж сонгосон. Тайван байж болохгүй. Хямралын үед хямралын менежмэнт, илүү хурд, шийдмэг ажиллагаа, улс төрийн манлайлал хэрэгтэй. Дургүй биш. Засгийн газрыг унагаах гээд байгаадаа ч ингээд байгаа юм биш.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Засгийн газраа огцруулах юм уу. Тийм яриа гараад байна л даа?

-Тийм зүйл болохгүй. Засгийн газар дор хаяж нэг жил ажиллана. Үр дүнг нь үзнэ. Нэг жилийн дотор ажлаа хийж чадаагүй бол хариуцлага тооцох л болно. Цэвэрлэх байгууламжийн асуудлаар Улаанбаатар хотын дарга, БОАЖ-ын сайд, Барилга хот байгуулалтын сайдыг нэг жилийн дотор ажлаа эхлүүлж чадахгүй бол хариуцлага тооцно гэсэн шиг хариуцлагын асуудлыг хөндөх болно. Ажлаа хийж чадвал бид тойрогтоо очоод хангалттай сурталчлаад өгнө.

Энэ сайд нараа тэнгэрт тултал нь магтаад өгнө. Намын эрх ашиг гэхээсээ илүү Монгол Улсын хувь заяаны асуудал яригдаж байна. Ийм хариуцлагатай үед Засгийн газарт ая тал засч болохгүй. Муу муухайг далдалж, хаацайлж болохгүй. Шударга бус зүйлтэй эвлэрч болохгүй. Дахиад хэлье.

Монгол Улс маш том сорилтыг туулж байна гэдгийг ойлго. Унах уу, босох уу, үхэх үү, сэхэх үү гэдэг асуудал яригдаж байна. Ийм үед хурдтай, хүчтэй ажиллах нь чухал. Илүү шударга, ил тод байх ёстой. Ямар нэгэн авлига, албан тушаалын асуудал байж болохгүй. Ямар нэгэн ашиг сонирхлыг үүн дотор хавчуулЖ болохгүй. Учир нь ард түмэн үүнийг тэсвэрлэхгүй.