Сөрөг хүчний даргын байр суурь
2017.02.15

Сөрөг хүчний даргын байр суурь

УИХ-ын намрын чуулган хуралдаж завсарлалаа.Намрын чуулган 85 өдөр үргэлжилж, УИХ-ын нэгдсэн хуралдаан нийт 34 удаа болж, байнгын болон дэд хороо 140 удаа хуралдсан байна. 

Энэ удаагийн парламентын нэг онцлог нь УИХ-ын 65 гишүүн МАН-аас сонгогдсон явдал юм. Тиймээс 9 гишүүнээс бүрдсэн АН-ын бүлэг хүчтэй сөрөг хүчин болж ажиллах үүрэг хүлээсэн билээ. 

Энэ чуулганы хугацаанд АН-ын бүлгийн даргаар ажилласан  УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн чуулган дээр  илэрхийлсэн голлох байр суурийг хүргэж байна.

2017 оны нэгдсэн төсөв хэлэлцэх үед илэрхийлсэн байр суурь

2016.10.06 

С.ЭРДЭНЭ: ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ ЯЛГАВАРТАЙ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Нэг зүйл дээр зориуд хэлэхэд бид өмнөхөө харлуулах гэж өмнөхөө үгүйсгэх гэж  ийм бодлогоор явж байгаа нь эдийн засгийн томоохон алдаануудыг хийхэд хүргээд байна гэдгийг аль аль талдаа ойлгох ёстой. Оюутны 70,0 мянган төгрөг хүчингүй болгохдоо дотор нь яагаад ялгамжтай хандаж болоогүй юм бэ их дээд сургуульд сурч байгаа оюутныг хүчингүй болгодог юм байж, тэгвэл ядаж  МСҮТ ийн  тэтгэмж, урсгал зардлыг яагаад хүчингүй болгож байгаа юм бэ өнөөдөр мэргэшсэн мэргэжлийн инженер техникийн ажилчид асар их хэрэгтэй байна. 

2016.11.03 

С.ЭРДЭНЭ: "ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА" ШИГ ЭНЭ ЗАВААН ЯРИАГАА БОЛЬ

2015 он хүртэл Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож ирсэн. 2016 оны төсвийн тухай хуульд 7 дугаар сарын 1 хүртэл олгоно гэж баталсан. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа улсын төсөвт тодотгол хийж шийдэх УИХ-ын тогтоолын төслийг та бид хамтдаа баталсан. УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа, өмнөх УИХ, Засгийн газрын үед гишүүн байсан хүмүүс бүгд л энэ тогтоол шийдвэрт оролцсон шүү дээ. Өмнөх дөрвөн жил рүүгээ хамаг буруугаа чихсэн. Өөрсдийгөө “энхийн цагаан тагтаа” болгож харуулах гэсэн оролдлогоо болих хэрэгтэй. 

2016.11.04

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг УИХ дахь АН-ын бүлэг судлан үзэж, дараах санал, дүгнэлтийг гаргаж, УИХ-д танилцуулав. Бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү.

2016.10.10

С.ЭРДЭНЭ: АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын асуудал бол өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй үед маш чухал асуудал. Аж ахуйн нэгжүүдийг ялгаварлан гадуурхаж байгаа юм шиг бизнес эрхэлж буй салбараар нь ялгаварлан гадуурхаж байхаар шууд ААНОАТ-ын хувь хэмжээг 0 хувь болгочихвол яасан юм бэ? Аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого болгоод явбал илүү үр дүнтэй юм биш үү?

2016.11.17 

С.ЭРДЭНЭ: САНГИЙН САЙД 20 МЯНГАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ХАЛНА ГЭСЭН АМЛАЛТАНДАА ХҮРЧ БАЙХ ШИГ БАЙНА

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Улсын тунхагласан түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэхийг дэмжиж байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Өнөөдөр Үндсэн хууль батлагдсан өдрийг баяр ёслолын байдалтай тэмдэглэж байна. Монгол Улсын иргэнд олдсон бодит эрх, эрх чөлөө, иргэдийн халдашгүй байдлыг дархалсан Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн эрх зүйн чадамж дээшилсэн гэж хардаг. Харамсалтай нь төдийгөөс өдий хүртэлх түүхэн хугацаанд бий болж ирсэн иргэний эрх зүйн эрх чөлөө, иргэний дархлаа илт суларч байна. Яг л 1939, 1940 оны эхээр улс орон даяар явагдсан их хэлмэгдүүлэлт шиг хэдэн мянгаар нь хүмүүсийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халж байна. төрийн албаны зөвлөл нь ажиллахаа байлаа. Шүүх, хуулийн байгууллага нь ажиллахаа байлаа. цагдаа, тагнуул, АТГ нь эрх баригчдын талд ажиллаж эхэллээ.

2016.12.02

С.ЭРДЭНЭ: ХҮҮХДИЙН МӨНГӨ БОЛ ХАЛАМЖИЙН МӨНГӨ БИШ

“Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал,тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдээллийг сонсов

Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Хүүхдийн мөнгө бол хүүхдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Хүний хөгжлийн сангаас олгодог мөнгө. Халамжийг халамжийн сангаас олгодог. Хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгохоор эцэслэн шийдвэрлэсэнд үнэхээр харамсаж байна

Нэг зүйлийг тодорхой хэлэхэд, тэтгэврийг өвлүүлэх, хувь хүний өөрийн насан туршдаа хуримтлуулсан хөрөнгийг өөрт нь шилжүүлэх эхний алхам бол Хамтын тэтгэврийн тухай хууль байсан.

2017.01.26 

С.ЭРДЭНЭ: ТЭТГЭВРИЙН НАСНЫ БҮХ ХҮНД "НАСНЫ ХИШИГ" ОЛГОХ ЁСТОЙ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсӨл

Ахмадуудаа дөрвөн насны ангилалд хувааж, ангилан гадуурхах замаар “Насны хишиг” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь зохимжгүй юм. Энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл. Үндсэн хуульд Монгол Улсын иргэнийг нас, хүйс, нийгмийн гарлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэсэн онцгой заалт бий

Ахмад настнуудаа насаар нь ялгаварлан гадуурхаж, 65-аас дээш настай бол хамрагдана, 65-аас дээш настай бол хамрагдахгүй гэж байдаг. Гэтэл Монгол Улсын хүн амын дундаж наслалт хэд билээ?

Миний мэдэж байгаагаар эрэгтэйчүүд дундаж нас 66, эмэгтэйчүүдийн 70-аас дээш байна. Тэтгэвэрт гарсан бол тэтгэврийн насны ахмадууд 100 хувь хамрагдаж байх ёстой. Тэтгэвэрт гарсан ахмадуудыг насаар нь ангилж байна. Аливаа хууль тогтоомж иргэдэд тэгш үйлчилдэг байх ёстой

2017.02.09 

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ЧУУЛГАН ЗАВСАРЛАХААС ӨМНӨ АМЖИЖ ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Энэ өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал дээр илэрхийлсэн байр суурь

 Эрдэнэтийн 49 хувийг шалгах хууль хяналтын байгууллагын хяналт, шалгалт дутуу дулимаг  байна гэж үзэж байна. Уг асуудлаар бүх талын оролцоог хангасан хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй. Эрдэнэтийн 49 хувийг шалгах талаар АН-ын бүлгийн талаар ямар нэгэн эсэргүүцэх зүйл алга. Гэхдээ яагаад Эрдэнэтийн 51 хувийг ярихгүй байгаа юм бэ? 140 сая ам.долларыг Английн Арбитрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр төлөх болчихоод байна шүү дээ. Тус үйлдвэрт шахааны бизнес цэцэглэсэн тухай асуудлыг шалгах нь зүйтэй. 51 ч бай, 49 ч бай нэг л үйлдвэрийн тухай ярьж байгаа учраас Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувийг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.