Эрдэнэ.С 2017.02.15 | Телевиз: NTV

АН шинэ үйл ажиллагаагаа шинэ орчинд эхлүүлэв

АН-ын дарга С.Эрдэнэ

АН ирэх хавраас өөрийн байртай болох барилгын ажлаа эхлүүлэх хүртэл “Шонхор тауэр”-т байрлахаар боллоо. Тус тауэрын нэрийг өөрчилж, Ардчиллын өргөө болгож, АН-ын төв байр байрлах юм байна. Энэхүү байрны нээлтийг өчигдөр намын тамга тэмдгээ хүлээж авсан АН-ын дарга С.Эрдэнэ намын нөхдийнхөө хамт өнөөдөр хийлээ.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын шинэчлэлийн ажил үе шаттайгаар явж байна. Бид VII их хурлаа амжилттай зохион байгууллаа. Намын дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлж чадлаа. Мөн өнөөдөр шинэ байранд буурь сэлгэж байна. Энэ байраар маань намын гишүүд дэмжигчид өдөр бүр орж гарч, санал бодлоо уралдуулна гэдэгт итгэж байна. Ирэх хавраас шинэ байр барих ажилдаа орно. АН-ын хуучин ашиглаж байсан байрыг намын Сургалт, сурталчилгааны байр болгож ашиглана” гэлээ.