Оюунхорол.Д 2017.02.15 | Сайт: Ikon.mn

Баянзүрх дүүргийн иргэнийг гэртэй болголоо

Баянзүрх дүүргийн иргэнийг гэртэй болголоо

УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Л.Амаржаргалд иж бүрэн таван ханатай гэрийг тавилгын хамт хүлээлгэн өглөө.  

Өнгөрсөн нэгдүгээр сард Д.Оюунхорол сайд тойрогтоо ажиллах үеэрээ Л.Амаржаргал гуайн амьдрал ахуйтай танилцаж 1.5 тонн шахмал түлшийг тусламж болгон өгсөн. 

Тэр үед Л.Амаржаргал гуай шавар байшинд охин, ач хүүгийн хамт түрээс төлж амьдарч байв. Тиймээс ойрын үед орон гэртэй болгохоо УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд амласан. Л.Амаржаргал гуай гурван жилийн турш өөрийн гэсэн орон гэргүй амьдарч иржээ. Тэрбээр, Сар шинийн өмнө дулаан гэртэй болж байгаадаа баяртай байна. Цаашдаа гэр орноо сайхан авч явна”  гэж баярлаж байгаагаа илэрхийлэв. 

Тус хорооны иргэн Б.Ариунаа “Манай хорооны өрх толгойлсон нэг эмэгтэй өөрийн гэсэн дулаан орон гэртэй болж байгаад би хувьдаа туйлын их баяртай байна. Бид гэрийг нь барьж өгөхөөр  ирсэн. Амаржаргал эгч маань өөрөө сахарын өвчинтэй, охин нь зүрхний ховдол нь цоорхой юм. Оюунхорол гишүүн тойргийнхоо иргэдийн ахуй амьдралтай биечлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэж өгч байгаад баяртай байна” хэмээлээ.