Эрдэнэт"-тэй холбоотой 8 сая ам.долларын асуудал Арбитрын шүүх дээр яригдаж байгаа гэсэн
Байнгын хороон дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Нямбаатар нар
2017.02.16

Эрдэнэт"-тэй холбоотой 8 сая ам.долларын асуудал Арбитрын шүүх дээр яригдаж байгаа гэсэн

УИХ-ын Хууль зүйн Байнгын хороо 2016 оны намрын чуулганаар хэлэлцсэн асуудлуудынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд тус Байнгын хороон дарга Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Х.Нямбаатар нар оролцов. 

Намрын чуулганы хугацаанд ХЗБХ бие даасан найм, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72, УИХ-ын 13 тогтоолыг хэлэлцэж, батлуулжээ.

Байнгын хороон дарга Ш.Раднаасэд “Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийг баталлаа. Өмнө нь Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах асуудлыг хэн хариуцаж хийх нь тодорхойгүй байсан. Энэ бүхнийг нэгтгэж, хуулийг улам бүр төгөлдөржүүлсэн. Мөн 2003 онд батлагдсан  Арбитрын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Хуулийг энэ сарын 21-нд олон улсад танилцуулна.  

Ирэх хаврын чуулганаар 27 байгууллага, албан тушаалтанд хамрагдах 1,470 зөрчлийг хянан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийг боловронгуй болгоход иргэдийн санал хүсэлтийг тусгах шаардлагтай. Ирэх хаврын чуулган хүртэл Хууль зүйн байнгын хороо иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй хүлээж авах болно” гэлээ. 

Дээрх мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой шалгалтыг Хууль зүйн Байнгын хорооноос явуулж үүнийг үндэслэн УИХ-ын тогтоол гарсан байгаа. Одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр дахиад шалгалт явуулж байгаа гэж байна. Энэ танай Байнгын хороотой холбоотой юу? 

-“Эрдэнэт”-ийн асуудлаар ТӨБЗГ-аас Сангийн яам, татварын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ шалгалт 20-иод хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үр дүн нь цагаан сарын өмнө гарах байх. Энэ шалгалтыг бид анхааралтай ажиглаж байгаа. 

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн. Гэсэн ч энэ хууль хэрэгжиж эхэлсэн эхлээгүй, хэрэгжүүлэх нөхцөл боломж нь бүрдээгүй гэсэн мэдээллүүд гарах боллоо. Баталсан хуулиудынхаа хэрэгжилтийг эргээд яаж хянадаг юм бэ. Үүнд тайлбар өгнө үү?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Их хурал хууль баталсан л бол хэрэгжих ёстой. Хэрэгжилтийг шалгадаг хоёр янзын хэлбэр бий. Нэг нь, Их хурал өөрөө шалгадаг. Хоёрдах нь, Аудитын газар хууль тогтоомжийн хэрэгжилтээр гүйцэтгэлийн аудит хийдэг. Бид 2017 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг Үндэсний Аудитын газраар аудит хийлгэхээр оруулсан байгаа. 

-Намрын чуулганаар батлагдсан Арбитрын тухай хууль дэлхийн жишигт нийцсэн гэж байна. Энэ хуульд яг ямар өөрчдлөлт орсон юм бэ? 

-2003 оноос мөрдөгдөж байгаа Арбитрын хуулийн зохицуулалт нь хэрэг маргаан шийдвэрлэх үед хэт нэг талыг барьдаг. Эсвэл хараат бусаар ажиллах нөхцөл бололцоо дутмаг, шинжээчийн томилох, үзлэг хийлгэх зэрэг тодорхой ажил бүрхэг байсан. Өөр улсад хийгдэх ажиллагаа хуулиар олгогдоогүй зэрэг асуудлууд байсан. Арбитраас гарч байгаа шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах асуудал нь бусад хуулиудтайгаа уялдаа муутай байсан.

Өөрөөр хэлбэл, Арбитрын шийдвэр гарчихдаг. Нөгөө талд нь өөр өнцгөөс шүүхийн шийдвэр гардаг. Эсвэл цагдаа хэрэг үүсгэдэг зэргээр аль ч үгүй юм болгох тохиолдол байсан. Шинэ хуулиар энэ бүхнийг зассан. Гол нь Арбитраас гарсан шийдвэр Монгол Улсад шүүхийн шийдвэр бүрэн төгс хэрэгжих боломж бололцоог бүрдүүлсэн.  

-“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар Байнгын хороонд ямар мэдээлэл байгаа вэ. Гуравдугаар сарын 20-нд Арбитрын шүүх хурал болно гэсэн. Энэ хуралд манай талаас ямар хүмүүс оролцох вэ?

-Гуравдугаар сарын 20-ны шүүх хурлын талаар мэдэхгүй байна. 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй. Явах эрх нь тэдэнд байгаа. 

-Эрүүгийн хуульд эмч нартай холбоотой заалт байсан. Тэр заалт өөрчлөгдсөн үү? 

-Эмч нартай холбоотой торгуулийн хэмжээ хоёр дахин буурсан. Хамгийн сүүлийн Их хурлын чуулганы эхний хэлэлцүүлгээр эмч нарыг хорих ялыг байхгүй болгосон. Одоо эцсийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцэгдэнэ. 

-Байнгын хорооны хуралдааны үеэр үргэлжлүүлээд Худалдаа хөгжлийн банктай холбоотой концесын гэрээнүүдэд хяналт шалгалт хийнэ гэж яригдаж байсан. Энэ хэзээнээс хийгдэж эхлэх вэ. Зөвхөн ХХБ-тай холбоотой концесуудыг шалгах уу эсвэл бусад концес болон векселтэй холбоотой асуудлыг нийтэд нь шалгах уу? 

-Нийтдээ 1.6 их наяд төгрөгийн концес байгаа. Энд шалгах ёстой юм их бий. 1.6 их наядыг Монголын төр, татвар төлөгч иргэд төлнө. Бодитой хийгдсэн юм байна уу гэдгийг цэгцэлж үзэх хэрэгтэй. Зарим газар нь зам тавьчихсан. Хэн барьсан нь мэдэгдэхгүй байна гэж байна. Зарим газар үнийн дүн явцдаа 3-4 удаа өөрчлөгддөг, анх батлагдсанаасаа 1,180 дахин өссөн концес ч байгаа.

Хөгжлийн банкаар дамжиж гарсан 1.3 их наяд төгрөгийн ихэнх нь концесоор явсан. Энэ бүхнийг ил гаргах ёстой. Ингэж байгаа нь хэн нэгний мууг үзэж, зовоох гэсэн асуудал биш. Өрийг ард түмэн бага төлж, идсэн хүмүүсээр нь төлүүлэх зорилготой юм.  

-“Эрдэнэт” үйлдвэр ард түмэнд хамаагүй, хэсэг бүлэг улстөрчдийн саалийн үнээ гэж яригдаад байна. Байнгын хороо хувьчлалын хүрээнд шалгалт хийлээ. Цаашдаа “Эрдэнэт”-д шахаа хийсэн улстөрчдийг нэрлэх боломж байгаа юу. Ажлын хэсэгт гишүүнээр орсон Ц.Нямдорж гишүүний хүү 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэж яригдаж байна. 

-Сангийн яам, ТӨБЗГ-ын шалгалтын дараа ил тод болох байх. Худалдан авах ажиллагаа, аливаа компанийн үйл ажиллагаа нээлттэй байж, цаана нь муу муухай зүйл нуугдахгүй. Засгийн газрын 30 дугаар тогтоол нууц л байсан. Үүнтэй ижилхэн арга хэлбэрээр бүх зүйл хийгдсэн. Тийм учраас бид хуулийн хэрэгжилт, ил тод байдлыг ил болгох ёстой. Компаниудын тайланг ил тод зарлах хэрэгтэй. “Эрдэнэт” ч биш бусад төрийн өмчит компаниудыг мэдээллийг ил болгох нь ТӨБЗГ-ын бодлого байх ёстой гэж үзэж байгаа. Архангай аймагт “Гудамж” төслийн хүрээнд нэг км замыг 5 тэрбум төгрөгөөр барьж байна гээд бод доо. Төсөвт өртөг нь 1.2 тэрбум төгрөгийн стандарттай байсан. 

-Эрдэнэт”-ийн 51 хувь барьцаанд байгаад Лондонгий шүүх дээр эхний шатанд ялагдчихсан гэдэг асуудлыг нөгөө тал ярьж байгаа. Энэ талаар танд мэдээлэл бий юу?

-“Эрдэнэт”-ийн захирлаас асуухад нийтдээ 8 сая ам.долларын асуудал Арбитрийн шүүх дээр яригдаж байгаа юм билээ. “49” хувьтай хийсэн уулзалтаар 100 сая орчим ам.долларын шийдвэр хийгдсэн гэж байсан. Үүнээс илүү мэдээлэл надад алга байна. Шалгалтын дүнгээр асуудал гарч ирэх байх.

-“Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлыг ярихад ТӨБЗГ-ын дарга “Гуравдугаар сарын 20-нд болох бүх мэдээллийг Хууль зүйн Байнгын хороонд өгч байгаа” гэж мэдээлсэн. Таны зүгээс тодорхой мэдээлэл байхгүй гэж байна. 

-Хууль зүйн Байнгын хороонд албан ёсны мэдээлэл алга. ТЕГ-аас шалгалт очиход 109 сая ам.долларын асуудал байгаагүй. 109 сая ам.долларыг тухайн үед авсан Хадгаламж банкны нөхөд өөрсдөө төлж барагдуулаад явж байгаа гэдгийг Хууль зүйн Байнгын хорооны хуралдаан дээр Ц.Ням-Осор дарга хэлж байсан. 

-УИХ-аас баталсан тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахдаа Монголбанк, Хөгжлийн банкнаас ХХБ-нд олгосон зээл, бонд зэргээс суутган тооцохоор заасан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг суутган тооцох боломжгүй. Харин ч Засгийн газар ХХБ-нд 1 их наяд төгрөгийн өглөгтэй гэсэн. Ажлын хэсэгт Сангийн яам, Монголбанкнаас төлөөлөл оролцсон уу, ХХБ-наас авах авцаа байхгүй байхад нь суутган тооцох шийдвэр гаргачихсан юм биш үү? 

-Манай ажлын хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Хяналтын шалгалтын газрын дарга нь, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга, ТЕГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга орсон. Энэ бүрэлдэхүүн тодорхой удирдамжийн дагуу өөр, өөрсдийнхөө чиглэлийн дагуу ажиллаж гаргаж ирсэн мэдээллийн дагуу “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг суутган тооцох хэлбэрээр төрд авах шийдвэр гаргасан. 

-Хөгжлийн банкнаас Говь-Алтай аймагт хөрөнгө гарган зам барихаар болсон ч зам ч олддоггүй, мөнгө нь ч хайгаад гарч ирэхгүй байгаа талаар та өмнө нь хөндсөн. Учир нь олдсон уу? 

-Яах аргагүй 30 гаруй тэрбум төгрөгийг зам тавина гээд аваад явчихсан байгаа.
2008-2012 онд Говь-Алтай аймгаас Дэлгэр сум хүртэл 100 км хүртэл зам орсон. Энэ бол төсвөөс тендэр зарлаж барьсан зам. 2012 оноос хойш 100 км байтугай 6 км зам ч тавиагүй. Аймгаараа бид замаа хайгаад олохгүй байгаа