Баасанхүү.О 2017.02.16 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

О.Баасанхүү гишүүн сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэхээр Ерөнхий прокурорт ханджээ

О.Баасанхүү гишүүн сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэхээр Ерөнхий прокурорт ханджээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүлжээний бизнест хяналт шалгалт хийлгүүлэхээр Монгол Улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлжээ.

Албан бичиг:

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “G time” хэмээх сүлжээний бизнес газар авч, энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Тодруулбал энэхүү үйл ажиллагаа нь шууд пирамидын зарчмаар хэрэгжиж, уг сүлжээнд энгийн иргэд ялангуяа Эрдэнэт хотын амьжиргааны баталгаат түвшнээс бага орлоготой иргэдийн зүгээс түргэн хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэлдээ автагдаж, бодит бус мэдээлэл, ухуулга сурталчилгаанд автан эдийн засаг, эд материалын хохирол авах нөхцөл бүрдэж эхэлсэн тухай иргэдээс УИХ-ын гишүүн миний нэр дээр гомдол санал ирүүлсээр байгаа болно.

Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын хувьд таны зүгээс бодит нөхцөл байдлыг газар дээр нь судлах Ажлын хэсгийг чиг үүргийнхээ хүрээнд байгуулж, шалгалт хийлгэн гэмт хэргийн шинжтэй аливаа нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй таслан зогсоож, иргэдийг гэмт хэргийн золис болохоос урьдчилан сэргийлж ажиллахыг хүсье.

Ажлын явц, үр дүнгийн талаар зохих мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлнэ үү гэжээ.