Түүнд хийх ажил их байна
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол УИХ-ын дарга М.Энхболдын хамт
2017.02.17

Түүнд хийх ажил их байна

"Жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг" гэсэн үг бий дээ. Зарим нэг нь бусдыг ховлон, гоочилж өдрийнхөө хоолыг олдог байхад бусдад шүүмжлүүлсэн ч урдах ажлаа хариуцлагатай хийж, бусдыг хоолтой залгуулдаг нэгэн бас байх.

Тэдний нэг бол Д.Оюунхорол. УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж буй тэрээр өнгөрсөн парламентад ч, энэ үед ч Байгаль орчин, аялал жуулчлалын салбар хариуцсан сайдаар томилогдов. 

Энэ салбарын асуудал дэндүү том, хийх ажил их. Тийм ч болохоор магтуулах гэхээсээ шүүмжлүүлэх нь зонхилно. Хоорондоо салшгүй холбоотой байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн хоёр асуудлыг тэнцвэртэй авч явна гэдэг амаргүй биз.

Аливаад өөлж, гоочлогч биш бүтээлч, ажил хэрэгч өнцгөөс хандья гэдэг үүднээс энэ удаад Д.Оюунхоролыг намрын чуулганы хугацаанд Засгийн газрын сайдын үүднээс ямар ажил хийв, энэ жил ямар ажил хийх талаар хүргэж байна. 

2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 26 зорилтот арга хэмжээний хүрээнд 70 ажлыг хэрэгжүүлж заасан. Тэгвэл энэ хүрээнд хийсэн гол ажлуудыг онцлов.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө:

Олон улсын анхдугаар бага хурлын үеэр

- “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хуралд оролцов.

- Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 2017 оныг “Тогтвортой аялал жуулчлал”-ын жил болгон зарласан. Тиймээс энэ жил Улаанбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудыг аялал жуулчлалын төв, баруун, зүүн бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотыг аялал жуулчлалын үүд хот болгох, Хөвсгөл орчмын 34 км замыг хатуу хучилттай болгох, тэнд бизнес эрхэлж буй ААН, иргэдийг эрчим хүчний сүлжээнд холбох, Хэнтий аймгийг Чингис хааны төрсөн нутаг, түүхэн дурсгалт газар гэдгээр нь жуулчдад сурталчилж таниулна.

Эдгээр бүс нутаг болон Архангай, Өвөрхангай зэрэг байгалийн дурсгалт газар ихтэй аймаг, орон нутгийн зам дагуух дэд бүтцийг шийдэхээр ажиллаж байна. Тухайлбал,

- Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” нэгдсэн төсөл 2016-2019 он хэрэгжүүлэхээр боллоо.

- Яамны дэргэд “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулахаар болов. Тус төв аялал жуулчлалын зорилтот зах зээлийг тодорхойлох, улсаа гадаадад сурталчлах, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, хувийн хэвшил, иргэдтэй хамтран ажиллах юм.

- Гадаадын зочид, жуулчдын урсгалыг нэмэх зорилгоор Засгийн газар болон салбар хооронд санамж бичиг, гэрээг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад Монгол Улсад зорчих визийн хөнгөлөлттэй нөхцөл олгох Засгийн газрын тогтоол баталлаа.

- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын бодлогыг нийслэлд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг Нийслэлийн Засаг даргатай үзэглэлээ.

Агаарын бохирдлын эсрэг:

- “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг ахлав. Энэ хүрээнд дэд ажлын хэсэг байгуулж, нийт 37 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр боллоо. Сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажлын явцаа 7 хоног бүр танилцуулж байна.

- “Агаарын бохирдлын эсрэг сан” байгуулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж, яамдаас санал авч байна.

- “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” боловсруулсан бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Хөтөлбөрийг 2017-2018 он, 2018-2021 он гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн халж, агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоос тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувиар бууруулна.  

- “Агаарын бохирдлын хяналт” мониторинг явуулж, айл өрхүүд галлагаандаа юу хэрэглэж байгааг нарийвчлан судалсан.

- “Улаанбаатар уушги нэгтэй” хөтөлбөрийн хүрээнд 10 элч сонгож, ухуулга сурталчилгаа ажил өрнүүлж байна.

Хөтөлбөрийн элч нар

- “Ногоон зээлийн сан” байгуулж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг судалж байна.

- Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд евро 4, 5 стандартад нийцсэн сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, автомашины улсын үзлэгийн оношилгоог сайжруулах, 7-оос дээш насжилттай автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авна.

- Агаарын бохирдлын эсрэг цахилгааны шөнийн тарифыг тэглэв.

Байгаль хамгаалах үйлсэд:

- Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж байна.

- Сайдаар ахлуулсан хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр суманд ажиллав. Орхон голын эхэнд уул уурхайн олборлолт явуулж буй ААН, иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоов. Орхон гол орчимд ААН-үүдээр хаалт, далан бариулж, гол руу цутгах бохир усыг багасгав.

- Хэнтий аймагт Онон, Балж голын цэвэр ус нөөц, ойн сан бүхий газарт олборлолт явуулж байсан гурван компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа холбогдох байгууллагад хүргүүлэв.

- Ганга нуур яагаад ширгэж байгааг тодруулж, нуурын усны эх үүсвэрийг сэргээх, ширгэлтийг багасгах, арга хэмжээ авсны дүнд нуурын ус сэргээд байна.

- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлж байна.

- Монгол Улс анх удаа олон улсан хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ойн тооллого хийлээ. Уг тооллогоор нийт ургаа нөөц 113 м3/га бөгөөд түүний 40 орчим хувь нь хөгшин мод, сэргэн ургаж байгаа 1 га талбайд 3000 орчим зулзаган мод тоологджээ.

Ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар хөгширсөн ойг багасгаж, эрүүл ой мод болох шийдэлд хүрлээ.

- Байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй зарим компанийг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэдэг шалтгаанаар хууль, хяналтын байгууллагад шалгуулах ажлаа эрчимжүүлж байна. 2016 оны байдлаар 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 566 нэгж талбарт 3984,5 га газар уул уурхайн олборлолтоос болж эвдрэлд оржээ. Тиймээс Улсын Ерөнхий Прокурорын газарт хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ.

- Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумын нутагт бог малын мялзан өвчнөөр бөхөн олноор өвчилж, хорогдож байгаатай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран тус бүс нутагт хорио цээр тогтоон ажиллаж байна.

- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авч байна.

- Хил дамнасан ойн түймэртэй тэмцэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хил дамнан нүүдэллэдэг ан амьтдыг хамгаалахад ОХУ-тай хамтран ажиллана.

- “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, хамгаалах” төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байна.

- Монгол, Герман улсын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Германы талд уламжлав. Тусгай хамгаалалттай газар нутагт хөгжүүлж буй аялал жуучлалын хөтөлбөрөө Германы төлөөлөгчид сурталчлан таниулав.

Боловсруулж, Батлуулсан хууль, тогтоол:

2017.02.09 Хэнтий Хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулав.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох Юнескогийн Дэлхийн өвд Бурхан Халдун уул гэж бүрдүүлсэн боловч Монгол Улсын газрын зураг дээр Хэнтий Хан, Хэнтийн Хаан уул гэж тэмдэглэсэн байдаг нэг уулыг хоёр өөр нэрээр нэрлэдэг байсан асуудлыг нэг мөр цэгцлэх боломж бүрдсэн юм.

Ингээд Монголчууд бидний эртнээс нааш тахин шүтэж ирсэн Бурхан халдун уул Дэлхийн соёлын өвд ч тэр, Монгол Улсын газрын зураг дээр ч тэр Бурхан халдун гэдэг нэрээрээ тэмдэглэгдэх боллоо.

2016.09.01 Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь Конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлуулав.

Уг хэлэлцээрт дэлхийн 194 орон нэгдээд байна. НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн. Тиймээс уг хэлэлцээрт нэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий манай улсын хувьд олон улсын дэмжлэгийг авах боломж бүрдлээ.

Монгол Улс уг хэлэлцээрт нэгдсэнээр 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Тиймээс “Эрдэмтдээ сонсьё” сэдэвт цуврал уулзалтыг зохион байгуулж, шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаатай төсөл хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэхээр болов.

Хэлэлцүүлсэн хуулийн төсөл, тогтоол

“Хог хаягдлыг баялаг” гэж уг хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сарын 28-нд УИХ-д өргөн мэдүүлэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг УИХ 2017 оны нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлээд байна.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Байгаль хамгаалах сан гэснийг Байгаль орчин, уур амьсгалын сан гэж өөрчлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Энэ нь Парисын хэлэлцээрт нэгдсэн орсонтой холбоотойгоор олон улсын санхүүжилт авах хүрээнд хийх ёстой өөрчлөлт юм.

Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн төслийг боловсруулж, байнгын хороогоор хэлэлцүүлэв.

Цаашид хийх ёстой гол ажил 

- Гол мөрөн ширгэх болсон нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой учраас ус бохирдуулсны төлбөр хураамжийг нэмэх, хариуцлагыг чангатгах зэрэг олон арга, хэлбэрээр тэмцэх хэрэгтэй.

- Уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, цөлжилт, ой хээрийн түймэр, хөнөөлт шавж зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд салбар дундын уялдааг сайжруулж, эрчимтэй ажиллах ёстой.

Батлуулах ёстой хуулийн төслүүд

Хуулийн төслөө УИХ-д танилцуулж байгаа нь

Генетик нөөцийн тухай:

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн Генетик нөөцийг ашиглах, түүний өгөөжийг хүртэх эрх зүйн орчныг бүрдүүлэх

Уул уурхайн улмаас эвдрэлд орсон газрын хохирол тооцох, нөхөн сэргээх тухай:

Экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад онцгой ач холбогдолтой усан болон ойн сан болон ховордсон ан амьтан, ургамал тархсан газар нутаг, мөн элэгдэл, эвдрэлд орж, орхигдсон газар нутгийн байгаль орчин, байгалийн нөөцөд учруулсан хохирлыг тооцох, нөхөн сэргээх нэгж талбайн зардал, түүнийг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга:

“Байгалийн унаган төрхөө хадгалсан газар усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч,  улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувьд хүргэнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор уг хуулийг шинэчлэх

Аялал жуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга:

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг  хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, үндэсний өв, уламжлал, соёл, ёс заншил, түүх, дурсгалын үнэт зүйлсийг сурталчлан таниулах, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах

Казиногийн тухай:

Казиногийн үйл ажиллагааг хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу явуулах, казиногийн үйл ажиллагаанд төрөөс хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэх

Хурдан морины бооцоот уралдааны тухай:

Олон улсад орлогын томоохон эх үүсвэрийн нэг болгон хөгжүүлсэн хурдан морины бооцоот уралдааны үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах, зохих ёсны хязгаарлалттай зөвшөөрөх, морин тойруулга болон бооцоотой холбоотой бизнесийн үйл ажиллагаанд төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга хэлбэрийг  тодорхой болгох

Модлог ургамлын үрийн тухай:

Ойн үрийн аж ахуйн цогц бодлогыг хэрэгжүүлж, сор шилмэл модны сайн чанарын үрээр ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлын хэрэгцээг хангах 

Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай:  

Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчин бүрдүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд хариуцан хамгаалж байгаа нутаг дэвсгэрийн байгалийн нөөцийг давуу эрхтэйгээр ашиглах, өөрсдийн өмч хөрөнгөөр бий болгосон байгалийн баялгаа эзэмших, улмаар өмчлөх, болзол нөхцөлийг тогтоох

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулга:

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн хандлагад нийцүүлэн байгалийн үнэт баялаг болох ургамлын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх