Ганбаатар.Ж 2017.02.17 | Сонин: Монголын үнэн

Ж.Ганбаатар: ОУВС-гийн шаардлага хатуу ч бид биелүүлэхээс аргагүй

Ж.Ганбаатар: ОУВС-гийн шаардлага хатуу ч бид биелүүлэхээс аргагүй
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАРТАЙ ярилцлаа.

-Намрын чуулган хаалтаа хийлээ. Эдийн засаг хүндрэлтэй үеийнх гэдгээрээ гаргаж буй шийдэл нь олны анхааралд байсан гэж хэлж болно. Ер нь энэ чиглэлд УИХ хангалттай хурдан ажиллаж чадсан эсэхэд та ямар хариулт өгөх вэ?

-Засгийн газрын зүгээс эдийн засгийн чиглэлээр амласан зүйлээ зах зухаас нь амжуулахаар хичээж байгааг хэлмээр байна. Жишээлбэл, жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлнө гэснийгээ Засгийн газар биелүүлсэн. Энэ хуулийн төслийг би санаачилж оруулаад эцэслүүлсэн. Энэ хуулийг ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлээд явах юм.

Мөн 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогыг нэг хувь болгоход дөрвөн аж ахуйн нэгжийг хамруулсан. Энэ бол уул уурхай шиг хөгжилд шууд хувь нэмрээ оруулахгүй ч гэлээ бага хэмжээгээр нөлөөлнө. МАН ч энэ чиглэлийн зүйлийг хийнэ гэж мөрийн хөтөлбөрөө тусгасан л даа. Тэгэхээр 2018 юмуу 2019 оноос 1.5 тэрбумаас доош орлоготой бүх аж ахуйн нэгж нэг хувийн татвартай болно гэдэгт би итгэлтэй байгаа.

Хэрвээ энэ чиглэлийн хуулийг Засгийн газар санаачлахгүй бол би санаачилж оруулна гэж бодож байгаа. Харин УИХ дээр эдийн засгийн хөгжлийн тухай асуудлыг түлхүү ярьсан уу гэвэл үгүй гэж хариулах байна.

-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа атлаа Засгийн газрыг удаан гэж дүгнэх хэсэг байна л даа. Гэхдээ мэдээж нэг өдөр л бүх зүйл өөрчлөгдчихгүй байх?

-Би хувьдаа удаан гэдэгтэй санал нийлэхгүй. Нөхцөл байдал маш хүнд байгаа учраас асуудлыг нэг амьсгаагаар шийдчих боломж үнэхээр хомс. Үнэндээ улс орныг өөд татаж, эдийн засгийг хямралаас гаргана гэдэг жижиг компани авч явах хэмжээний ажил биш гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд болж бүтэхгүй маш олон зүйл хуримтлагдсан учраас олон талаас нь ярилцаж цаг зарцуулахаас аргагүй байгаа юм л даа. Тэгэхээр би хувьдаа Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байгаа гэж хэлэх байна.

-Таны харж байгаагаар УИХ намрын чуулганы хугацаанд ямар зүйлд түлхүү анхаарал хандуулав?

-Ихэвчлэн зарлага талдаа анхаарч ажилласан гэж би дүгнэнэ. Тухайлбал, халамжаас гадна дотоод зохион байгуулалт, төрийн байгууллагын асуудал талдаа нэлээд сайн ярьж, ажилласан. Миний хувьд УИХ-ын гишүүн болсноор юу анзаарч байна гэхээр УИХ, Засгийн газар ч гэсэн төрийн байгууллагын асуудлаар болон аюулгүй байдлын талаар маш их туршлагатай. Олон гишүүн энэ сэдвээр санаа оноогоо уралдуулж, ярьж чаддаг. Харин яг эдийн засгаар юм уу Монгол Улсын хөгжлийн талаар тод дуугардаг гишүүн цөөхөн гэж би харж байгаа.

Өнөөдрийн тухайд бид Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гарцын талаар олон талаас нь харж ярих учиртай цаг үе гэж ойлгож байгаа юм. Мэдээж цагдаагийн, эрүү, зөрчил, хилийн тухай хууль хэрэгтэй. Гэхдээ эдгээрээс урьтаад хамгийн түрүүнд ярих учиртай зүйл бол Монгол Улсын хөгжлийн тухай асуудал юм. Уул уурхайгаас яаж үл хамаарсан байх вэ, аялал, жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг яаж хөгжүүлэх вэ гэдгийг л ярих ёстой. Миний харж байгаагаар энэ бүхэн хоцрогдоод байна.

-Бизнесийн салбараас улс төрд орж ирсний хувьд та өнөөдрийн эдийн засаг, бизнесийн орчныг хэрхэн дүгнэж байгаа вэ. Ажлын байрыг авч үлдэх, нэмэгдүүлэх ажлыг УИХ хэр хийв. Танд хувь гишүүнийхээ хувиар санаачлан боловсруулсан хууль байна уу?

-Та бүхэн бүгд мэднэ. Ер нь АНУ-ын юмуу барууны жижиг, дунд компаниуд маш хурдацтайгаар өсч хөгждөг. Жишээлбэл, Хятадын компаниудыг хар л даа. Байгуулаад таван жилийн дотор л маш хурдацтайгаар өсч улсдаа маш их хэмжээний татвар төлж, орлого төвлөрүүлдэг дэлхийн хэмжээний компани болчихдог. Гэтэл Монголд хэзээ ч ийм боломж байхгүй. Жишээлбэл, би бизнес эрхэлж байгаад төрд орж ирсэн. Бизнесийн салбарт 20 жил явж байж дунд хэмжээний компанитай болох жишээтэй.

Үүнд мэдээж надад буюу бизнес эрхлэгчдэдасуудал байж таарна. Хажуугаар нь бизнест үзүүлдэг төрийн дэмжлэг бараг нойл хувьтай тэнцүү гээд хэлчихэд буруудахгүй байх. Ийм байдал өнөөдөр ч үргэлжилж байна. Уг нь төрийн ажлыг хийж байгаа шигээ бизнесийн салбарыг ч мөн эн тэнцүү буюу тавь тавин хувьтай авч үзэж байж жигд хөгжих учиртай юм. Ингэхгүйгээр бизнес бол нөгөө талын асуудал гэдэг байдлаар хандаад байгаагаас хурдацтай хөгжил ярих боломжгүй болчихоод байна л даа. Эцсийн дүндээ Монгол Улсын хөгжил гэдэг хүн бүрийг ажилтай байлгах л асуудал шүү дээ.

Хүн бүр дундаж давхаргад хамрагдах байх хэрэгтэй гэж би хувьдаа үздэг. Тиймээс Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид 3-5 жилийн дотор өсч өндийгөөд улсдаа ихээхэн хэмжээний татвар төлж, хөрөнгө оруулдаг болох нь чухал байгаа юм. Миний хувьд Баянгол дүүргийнхээ дунд сургуулийн хүүхдүүдэд лекц уншиж байна. Тэдэнд аль болох бүтээлч салбарт орж ажиллаарай гэж л уриалж байна. Өөрөөр хэлбэл, инженер, нягтлан бодогч, эдийн засагч болоорой гэж уриалж байгаа юм. Ингэхгүйгээр бүгд урлаг эсвэл спорт руу хошуурч болохгүй.

Ингэж салбар бүрийг тэгш хөгжүүлж байж бид ирээдүйд уул уурхайгаас хамаарахаа болино. Үнэндээ уул уурхай гэдэг авдранд байгаа бараа шүү дээ. Түүнээс хэн ч үүнийг бүтээж бий болгоогүй гэсэн үг. Тиймээс л хүн бүрийг бүтээлч байгаасай гэж хэлээд байгаа юм. Миний харж байгаагаар УИХ дээр харамсалтай нь бүтээлч ажлын талаар бага ярьж байна. Энэ тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаагаа ч би хэлдэг.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд маш хатуу шалгуур тавьж байгаа юм билээ. Нэгэнт хямралд орчихсон эдийн засгаа аврахын тулд хатуу шаардлагыг нь хангах хэрэгтэй ч үүнд сөрөг нөлөө бий юү?

-Үүнээс өөр гарцгүй гэж байгаа бол ОУВС-гийн зүгээс тавьж байгаа шаардлагуудыг биелүүлэхээс аргагүй. ОУВС-гийнхны шаардлагыг харахад татвар нэмнэ, халамжийг багасгана, төсөвт оролцоно гэсэн байна билээ. Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ хөтөлбөрт хамрагдчихвал бид цаашдаа улсынхаа төсвийг хүртэл бие даан батлах боломжгүй болно гэсэн үг.

Тухайлбал, ОУВС-гийн зүгээс төсвийг батлахдаа ийм зүйлийг өөрчилж, үүнийг нэм гэх мэтээр оролцоод явна гэж ойлгох хэрэгтэй. Нэлээд хүнд хэцүү зүйлтэй тулгарна гэсэн үг. Гэхдээ хүнд хэцүү гэдэг нь зарчимтай байна л гэсэн үг. Халамжийг маш их бууруулна, харин эргээд татварыг тэр хэмжээгээр нэмэгдүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ үүнийг биелүүлэхээс аргагүй бол бизнесмэнүүд бүсээ чангалаад ч болов татвараа төлөхөөс аргагүй болно. Ард иргэд маань ч хүртдэг халамжаасаа татгалзахаас аргагүй болох юм. Хар ухаанаар бодоход хүнээс мөнгө гуйж байгаа улс чинь тавьсан шаардлагыг нь биелүүлэхээс аргагүй биз дээ.

-Сангийн сайд хэлэлцээрийн дундуур АНУ руу яваад ирсэн.Ямар зорилгоор тус улсыг зорьсон талаар танд мэдээлэл байна уу. Ямар нөхцөл үүссэн гэж ойлгох вэ?

-ОУВС-тай хэлэлцээр хийж байгаатай холбогдуулан Сангийн сайд АНУ-д ажиллаад ирсэн нь үнэн. Ингэхдээ яг аль хөтөлбөрийг нь авах талаар ярилцсан гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид “Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах уу эсвэл түүний цаадах болон өмнөх хөтөлбөрт хамрагдах уу гэдгийг ярилцсан юм билээ. ОУВС-гаас улс орнуудад олгодог хөтөлбөрийг зөвхөн “Стэнд бай“- аар хэмжиж болохгүй юм билээ. Учир нь, тэдний санал болгодог хөтөлбөрүүд өөр өөр буюу олон сонголттой байдаг юм билээ. Тэр талаар л Сангийн сайд ярилцаад ирсэн.