“G Time” сүлжээний асуудалд О.Баасанхүү гишүүн онцгойлон анхаарч байна
2017.02.17

“G Time” сүлжээний асуудалд О.Баасанхүү гишүүн онцгойлон анхаарч байна

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалангийн нэр дээр “G Time” сүлжээний бизнесийн асуудалд хяналт шалгалт хийлгүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн билээ.

2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагын зүгээс шуурхай арга хэмжээ авч, тухайн сүлжээний гол толгойлогч болох М.Маратыг албадан саатуулж, тодорхой хөрөнгийг битүүмжлээд байна.

Эрдэнэт хотын иргэд болон зарим иргэдийн зүгээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хяналт шалгалтын явц ямархуу байгаа тухай, цаашид юунд анхаарвал зохих талаар байнгын асуулт асууж, тайлбар хүссээр байгаа тул гишүүний ажлын албаны зүгээс фэйсбүүк дэх дэмжигчдийн хуудсаараа дамжуулан товч тайлбар, зөвлөмжийг өгөх нь зүйтэй гэж үзлээ.

“G Time” сүлжээний бизнест 12 000 орчим иргэд одоогийн байдлаар хамрагдсан байгаа бөгөөд үүний 7000 орчим буюу талаас их хувь нь Эрдэнэт хотын иргэд байгаа учраас тойргоос сонгогдсон гишүүнийхээ хувьд уг асуудалд цаашид онцгойлон анхаарал тавьж ажиллах болно.

Тойргийн иргэдийг санхүүгийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, хохирлыг түргэн шуурхай төлүүлэх тал дээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавьж ажиллах болно.

Зарим нэгэн иргэдийн зүгээс “G Time” сүлжээг ердийн бизнесийн үйл ажиллагаа байсан мэтээр тайлбарлахыг хүсч байна.

Гэвч одоогийн байдлаар энэ сүлжээгээр дамжуулан 1 200 000 төгрөгний үнэтэй цаг өгдөг гэж ярьж байгаа боловч уг цаг нь манай зах зээл дээр 68 000 төгрөгөөр худалдаалагддаг цаг юм.

Иймд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ажлын албаны зүгээс Эрдэнэт хотын иргэд болон “G Time” сүлжээнд хамрагдсан бусад иргэдийн хувьд цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалтын ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, хуулийн байгууллагаас гарах эцсийн шийдвэрүүдийг хүлээх нь зүйтэй гэж зөвлөж байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮГИЙН АЖЛЫН АЛБА