Саранчимэг.Б 2017.02.20 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

  УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүлэн, санал бодлыг нь сонслоо.

Тэрбээр Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн амар мэндийг айлтгаад, улиран одож буй бичин жилд Баянзүрх дүүргийн иргэдийн итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа хийж хэрэгжүүлсэн болон УИХ-ын намрын ээлжит чуулганы  үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг

“Намрын чуулганы хугацаанд 2017 оны төсөв, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах зэрэг хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Үүнээс УИХ-ын нэгдсэн чуулганаар Ахмадын тухай хуулийг баталсан нь цагаа олсон шийдвэр боллоо гэж үзэж байгаа. Энэ хууль өндөр настны аж байдал руу чиглэсэн цогц хууль болсноороо онцлогтой. Ахмадуудад “Насны хишиг”-ийг цагаан сар болон үндэсний баяр наадмаараа авах боломжийг бүрдүүлж өгсөн. Цаашлаад тэтгэврийн зээлийн хүүг гурван хувиар буулгаж чадлаа” гэв. 

УИХ-ын 2016 оны ээлжит чуулган нийт ажлын 85 хоног чуулж, төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэсэн байна. Намрын чуулганы хугацаанд нийт дүнгээрээ УИХ-ын чуулганы хуралдаан 134, байнгын болон дэд хороод 143 удаа хуралджээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг  Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд тус тус ажилласан байна.

Намрын чуулганаар бие даасан 22 хууль, хуульд өөрчлөлт оруулах тухай 190, зээлийн хэрэгцээ соёрхон батлах тухай гурав, УИХ-ын 59 тогтоолыг хэлэлцэн баталсан тухай тойргийн гишүүддээ танилцууллаа.