2017.02.22

"Тусгай салаа" УСК Берлиний кино наадмаас "Энхийн төлөө" шагнал хүртлээ

Берлиний олон улсын кино наадмын үеэр жил бүр олгодог Cinema for Peace буюу “Энхийн төлөө кино” шагналыг Монголын кино уран бүтээлчид хүртлээ.

Энэ сарын 13-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Берлиний кино наадмын хүрээнд 15 дахь удаагийн Cinema for Peace ёслолын арга хэмжээ болж, Best Supporter буюу "Энхийн төлөө" киног дэмжигч шагналыг “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, МҮОНТ-ийн бүтээл “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны киног бүтээсэн гурамсан төсөлд олгожээ.

3

Шагналыг тус төслийн санаачлагч, зөвлөх продюсер, УИХ-ын гишүүн Л.Болд ахлагчтай баг Рейхстагийн ордонд гардан авчээ.

Түүнтэй хамт “Догшин хар сүлдний нууц” баримтат киноны продюссер Ц.Ганболд, найруулагч Л.Ариунжаргал, зохиогч А.Батпүрэв, “Тусгай салаа” киноны продюсер Ц.Оюундарь, ерөнхий найруулагч Ж.Батбаяр нар уран бүтээлчдээ төлөөлөн шагналаа авсан байна.

Тэдний шагналыг Францын алдартай жүжигчин Катерин Денёв болон Монгол-Германы хамтран бүтээсэн “Газарчин” киногоор монголчуудад танигдсан Югослав-Германы жүжигчин Гойка Митич нар гардуулжээ.

Дээрх кино төслүүдтэй холбоотойгоор уран бүтээлчид баяртай байгаа сэтгэгдлээ хуваалцаж эхэллээ. Тухайлбал “Тусгай салаа” киноны зохиолч А.Амарсайхан “Энэ киног бүтээхэд оролцсон бүх хүмүүстээ баяр хүргэе” хэмээжээ.

Capture

Энэхүү шагналыг дэлхийн энх тайван, хүний эрх, байгаль орчинд тулгамдсан асуудлыг олны анхааралд хүргэж, асуудлыг шийдэхэд уран бүтээлчид хувь нэмрээ оруулах зорилгоор "Cinema for Peace" Олон улсын сангаас жил бүрийн Берлиний кино наадмын үеэр олгодог.

Сангийн анхны хүндэт даргаар жүжигчин Леонардо Ди Каприо сонгогдож байсан бол Жорж Клуни, Николь Кидман, Бэн Аффлек, Шон Пенн нарын супер одод, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Мандела, ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михайл Горбачёв нарын улс төр, нийгмийн зүтгэлтнүүд жил бүр манлайлж, хамтран ажиллаж ирсэн тухай тус байгууллагын танилцуулгад дурдсан байна.

4

"Cinema for Peace" ёслолын үеэр манай уран бүтээлчдэд олгосон шагналаас гадна 4 төрлөөр шилдэг уран бүтээлүүдэд шагнал олгожээ. Тухайлбал,

- “Үнэ цэнэтэй УСК” номинацад Мэл Гибсоны бүтээл, Дэлхийн II дайны фронтод нэг ч хүн рүү буу шагайлгүй 75 хүний амийг аварсан Десмонд Тоссын бодит түүхээс сэдэвлэсэн “Хаксо Ридж” кино,

- “Ногоон кино” номинацид Хятад дахь зааны соёоны худалдаа наймаа Африкийн заануудыг устгах аюулд хүргэж буй тухай эрэн сурвалжилсан “Айвори Гэйм”

- “Шударга ёсны төлөө” шагналд Эдуард Сноудений амьдралаас сэдэвлэсэн ”Сноуден” кино шалгарчээ. “Сноуден” киноны шагналыг Оскарын шагналын гурван удаагийн эзэн, домогт найруулагч Оливер Стоун өөрийн биеэр ирж авсан нь Берлиний кино фестивалийн бас нэгэн онцлох үйл явдал болж байв.

Шагнал хүртсэн “Догшин хар сүлдний нууц” баримтат кино, “Тусгай салаа” телевизийн олон ангит кино болон “Тусгай салаа 2” уран сайхны кинонууд нь эрт цагаас эдүгээг хүртэлх монгол цэргийн амьдрал тэмцэл, цэргийн урлаг, дэлхий дахины энхийн төлөө үйлсийг түүхэн болон уран сайхны хэлбэрээр үзэгчдэд хүргэсэн цогц төсөл юм.

Төслийг тухайн үед Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилга дэмжлэгээр хэрэгжүүлжээ.

unnamed

Кино наадмын үеэр болсон нэгэн сонирхолтой үйл явдал нь 1983 онд Монгол-Германы уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Газарчин” киноны уран бүтээлчдийн эчнээ уулзалт байв.

Тус киноны гол дүрийн жүжигчин Гойка Митич манай уран бүтээлчдийн шагналыг гардуулсан бөгөөд түүнтэй хамтран кинонд тоглож байсан Монгол Улсын гавъяат жүжигчин Н.Батцэцэгийн видео мэндчилгээг хүргэж, сюрприз барьжээ.

35 жилийн өмнөх хамтрагчийнхаа видео мэндчилгээг үзсэн Гойка Митич Монгол оронд ирж уран бүтээл хийж байсан тухайгаа догдлон дурссан байна. 

“Бүргэдийн анчин” киноны продессерууд монголчуудад мэндчилгээ дэвшүүлэв

Баян-Өлгий аймгийн бүргэдчин охин Айшолпаны тухай “Бүргэдийн анчин” кино сүүлийн үед кино судлаачдын анхаарлын төвд байгаа билээ. Уг кино олон улсын хэд хэдэн томоохон шагналд нэр дэвшсэний нэг нь Cinema for Peace шагналын “Ногоон кино” номинаци байв.

“Бүргэдийн анчин” энэ удаад шагнал хүртээгүй ч гэлээ тус киноны продюсероор ажилласан Стэйси Рэйсс, Шарон Чанг нар Монголын киночидтой зорьж уулзан манай үзэгчдэд мэндчилгээ дэвшүүлж, киноны гол дүр Айшолпандаа “санаж байна шүү” хэмээн хэлүүлжээ.