Тэрбишдагва.Д 2017.02.22 | Сайт: Gogo.mn

Д.Тэрбишдагва: Стэнд бай хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан

Д.Тэрбишдагва: Стэнд бай хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрөгч чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр тус Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагваас зарим зүйл тодрууллаа.   

-ОУВС-тай хэлэлцээ хийж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр урьдчилан тохироод байна. Энэ тухайд байр сууриа илэрхийлнэ үү?

-Засгийн газар өнөөдөр хуралдаж, ээлжит бус чуулган хийх, эсэх талаар шийдвэр гарах юм шиг байна лээ. Тэр үеэр уг асуудал нэлээд тодорхой болох байх. Татвар нэмэгдэж байгаа үед ард иргэдийн нуруун дээр ачаа ирэхгүй байна гэж үгүй. Гэхдээ 2017 оны төсвийг хэлэлцүүлж байх үед Засгийн газар оруулж ирсэн төсвөөсөө буцсан шүү дээ. ОУВС-тай хэлэлцээ хийсэн хүмүүсийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагаас харахад, “Бид ийм санал гаргасан, ОУВС анхаараарай” гэсэн хэмээхийн оронд ерөөсөө л ОУВС тэгж хэлсэн учраас бид ингэж хийх гэж байна гээд байгаа нь зохимжтой бус.

Монгол Улс өөрийн гэсэн толгойтой. Эдийн засгийн хүндрэлтэй үед ийм ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй гэдгээ хэлчих хэрэгтэй юм. Тэгэхгүй өөсдийгөө цэвэр болгож, ОУВС-г муухай харагдуулах гэсэн шиг ярьж болохгүй. Уг нь өнөөдөр яригдаж байгаа асуудлуудыг эртхэн шийдээд явсан бол “Стэндбай” хөтөлбтөрт хамрагдах боломжтой байсан. Гэхдээ ямар ч байсан дэмжлэг авах ёстой байх. Ер нь 1990 оноос хойш “Стэндбай” мэтийн долоон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Болохоо байгаад ирэхээр гадаадаас хөтөлбөр аваад суугаад байж болохгүй л дээ. Тиймээс энэ хөтөлбөрт монгол хүн бүр анхаарах хэрэгтэй. Энэ хөтөлбөр сүүлийнх нь байгаасай. 

-Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр багагүй эерэг үр дүн гарна гэж холбогдох хүмүүс тайлбарлаж буй. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд та үүнтэй санал нийлж байна уу?

-Дээрээ зогсоо зайгүй ажиллавал бид зургаан сарын дотор улсаа цэгцтэй болгож чадна. Хоёр жилийн дотор хөгжүүлэх боломж бий. Бидэнд нөөц, бололцоо бий. Орж ирж байгаа мөнгийг зөв зарцуулах төлөвлөгөөгөө гаргаж ажиллахгүй бол янз бүрийн зөрчил гарахыг үгүйсгэхгүй.   

-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах төсөл Засгийн газраас санаачилж байсан. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Яг ямар хэмжээгээр татвар ногдуулах гэж байгаа нь Байнгын хороонд орж ирэх үед санал бодлоо хэлнэ.