Баярсайхан.Ц Батсуурь.Ж Элбэгдорж.Ц 2017.02.22 | Хэвлэл мэдээллийн алба: Ерөнхийлөгч

“Монголын эртний түүх” 5 боть номын нээлт болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд "Монголын эртний түүх" (таван боть) төслийг хэрэгжүүллээ. 

Уг таван ботийн нээлтийн ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон юм. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, эрдэмтэд, судлаачид, багш нарын төлөөлөл оролцлоо.

“Монголын эртний түүх” 5 боть зохиол нь НТӨ V-IV зуунаас Нийтийн тооллын XII зууныг хүртэлх үеийн монгол угсаатны түүх, угсаа гарвал, улс төрийн түүх, төр нийгмийн байгуулал, аж ахуй, соёлын түүхийг цогцоор авч үзэж, судалгааны өнөөгийн түвшинд нэгтгэсэн бүтээл бөгөөд монголын эртний түүх бичлэгийг урагш ахиулсан суурь судалгааны бүтээл хэвлэгдэн гарч байгаараа чухал ач холбогдолтой. Түүнчлэн Монголын эртний улсуудын төрийн залгамж чанар, монгол угсаатан бүрэлдэн тогтох үйл явц, аж ахуй соёлын монгол хэв шинж бүрэлдсэн түүх, нүүдэлчдийн Евроазийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг зэргийг тод томруун нээн харуулснаараа эх түүх, соёлоороо бахархах, түүхээ эргэцүүлэн ухаарах, түүхэн сургамжийг танин мэдэх бололцоог олон нийтэд олгож байгаагаараа онцлог юм.