О.Баасанхүү: Зарим нөхдүүд ЗГ-ыг шантаажлаад байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.02.23

О.Баасанхүү: Зарим нөхдүүд ЗГ-ыг шантаажлаад байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Монгол Улс Олон улсын валютын сан(ОУВС)-гийн маш хатуу нөхцөлт хөтөлбөрт хамрагдах боллоо. Та ямар байр суурь барьж байгаа вэ?

-Нэг талаасаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц байхгүй.

Монгол Улс 1992-2012 он хүртэл 139.5 тэрбумын өртэй байсан бол одоо 391 тэрбумын өртэй болсон. Өртэй байхын нэг аюул нь тухайн улсын дампуурлыг зарладаг. ОУВС дээр хандивлагч орнуудын хурал хийгээд өрийг нь багасгадаг. Үлдсэн өрийг нь аль нэг улс нь худалдаж авдаг. Өрөндөө тухайн орны юуг ч авч болдог. Газар нутаг юу ч байж болно, ийм олон улсын эрх зүйн бололцоо байгаа.

ОУВС биднийг дампуурлаа зарлачихаасай гэж хүсэхгүй байгаа. Тэгэхээр гарцаагүй шалтгаан бол тэдний яриад байгаа санхүүгийн дэг журмыг авахаас аргагүй. Гэхдээ Засгийн газар юунаас хэмнэлт хийж болох вэ, яаж хэмнэж болох вэ гэдэг дээр өөрсдийнхөө тансаглалын мэдээллийг гаргаж өгөөгүй нь анхаарал татаж байгаа. Татвар нэмж, ард иргэд, аж ахуйн нэгжийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэхээсээ урьтаад дээд шатнаасаа танаж болох ямар албан тушаал байна, ямар зардал байна түүнээс эхлэх ёстой юм.

Өмнө нь Монгол Улсын Засгийн газар 11 сайдтай ажиллаад болоод л байсан. Эвсэж нэгдэж, Засгийн газар байгуулсан биш нэг нам дангаараа Засаглаж байгаа нөхцөлд 10 яамтай байж болно. Гэтэл 13 яамтай, 15 сайдтай, 13 дэд сайдтай. Маш олон агентлагтай, агентлагийн дарга бүр нь орлогчтой байна.

Эдийн засаг хүнд байхад төсөвтөө дарамт учруулж энэ олон яамаар яах юм, яамдаа 10 болгоод, дэд сайд нараа, орлогч дарга нартай нь цомхотгочих л доо.

Орхон аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн дарга, Засаг дарга хоёр тус бүр нь 300 сая төгрөгөөр үнэлэгдэх жип унаж байна, “Соната-7” унахад л болно шүү дээ. Гадаад руу зугаалах нь дэндсэн, үүнийгээ больчих хэрэгтэй.

УИХ дахь гурван нам нийлээд суудлын мөнгө гэх мэт зүйлээр төсвөөс нэг тэрбумыг авдаг, үүнийгээ больчих хэрэгтэй.

Төсөв ухах юм бол долоон баг дээр клуб барина гээд байгаа, больчих л хэрэгтэй шүү дээ.

Дээр нь зарим нэг салбарын зардлыг бууруулах санал оруулаад ирж болно. Жишээлбэл, цэцэрлэгийн хүүхдийн сарын хоолны мөнгө 20 мянган төгрөгийг эцэг, эх нь төлчихдөг болох хэрэгтэй. Хувийн цэцэрлэгийн сарын төлбөр нь 300 мянга байдаг. “Бид дээрээсээ зардлаа ингэж хумилаа, одоо эцэг, эхчүүд маань хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөх шаардлага байна” гэхэд “Үгүй” гэх хүн цөөхөн л болов уу. Дандаа “Авна, авна” гэж болохгүй шүү дээ.

-Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор энэ оны төсөвт тодотгол хийх шаардлага гарч байгаа. Ээлжит бус чуулган зарлаад төсвийн тодотголыг хэлэлцэх үед УИХ, Засгийн газрын гишүүдийн цалинг бууруулъя гэдэг санал гарвал та дэмжих үү?

-Тэгж туйлширч болохгүй. Манай зарим дарга нар “УИХ-ын гишүүн цалингүй байх ёстой”, “Цалингаа хандивлалаа” гэдэг. Цалингүй амьдаръя ч гэх шиг. Ямар авлига авалтай биш дээ. Цалингаа хандивлаж байгаа хүнийг би ойлгодоггүй ш дээ. Ийм санал гарвал дэмжихгүй.

-Тэтгэвэрт гарах насыг хойшлуулах тухайд. Энэ хямралаас гарах зорилт мөн үү. ОУВС-гийн хөтөлбөрт уг асуудал багтсан байгаа?

-Тэтгэвэрт гарах насыг хойшлуулах бол амьдралгүй шүү дээ. Япон, БНСУ зэрэг хөгжилтэй орны жишгээр амьдарч байгаа бол тэртэй тэргүй 80 хүрэх юм чинь, 70 хүрч тэтгэвэртээ гарч болно. Гэтэл 66 хүрээд мөнх бусыг үзүүлдэг байтал энэ насанд тэтгэвэрт гаргана гэдэг ямар учиртай юм. Ийм харгислал байж болохгүй. Хэмнэхийг дэмжиж байна, ганцхан ядарсан хүнээ очиж, дээрэлхдэг биш дээрээсээ л өөрчлөлтийг эхлүүлэх ёстой юм.

-Татвар нэмэхийг дэмжих үү. Жишээ нь архи, тамхины татварыг нэмнэ?

-Архи, тамхины татварыг нэмнэ гэж байна. Нэг талдаа зөв байх. Гэхдээ амьдрал хямрахаар архидалт нэмэгддэг. Сайхан юм ярьж болно, сууриараа зөв үү гэдгийг бодох ёстой. Энэ болгон дээр нэгдсэн нэг бодлого гаргах ёстой юм.

Татварыг хэн төлдөг юм, жижиг, дунд бизнес эрхлэгчид төлдөг.

Тэгэхээр эх оронч байя, хэмнэлтийн горимд шилжье гэвэл эхлээд тансаглалаа зогсоох ёстой юм.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр 440 сая ам.доллар орж ирнэ. Дээр нь таван тэрбум доллар зээлэх эрх авах боломжтой болно. Үүнийг үр ашигтай зарцуулахын тулд яах ёстой вэ?

-440 сая ам.долларыг төсвийн цоорхойг нөхөх зорилгоор авах юм билээ. Дээр нь гурван жилийн хугацаанд Япон, Солонгос, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас гурван тэрбум ам.доллар зээлэх эрх авна.

Хятадад манайх хоёр тэрбум ам.долларын өртэй байсан, төлөх хугацаагаа гурван жилээр хойшлуулахаар хөөцөлдөж байгаа. Гурван тэрбум долларыг гурван жилд авна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 440 тэрбум, маргааш таван тэрбум орж ирнэ гэж харах хэрэггүй. Сүүлийн дөрвөн жил бүсээ чангалах юм байна л гэж ойлгох хэрэгтэй.

Яагаад гэвэл байгалийн баялгаа барьцаалж тодорхой хөтөлбөрт хамрагдаж байна шүү дээ.

-Зээлээ ашигтай төсөлд зарцуулж чадвал үр дүнгээ өгөх юм биш үү?

-Тийм ээ, мөнгө ороод ирж болно, ямар ашигтай төсөлд оруулахаа тохирох хэрэгтэй. Банкнаас зээл авах болбол эхэлж төслөө бичиж үзүүлчихээд, зээл авдаг биз дээ. Одоо тэгтэл манай тал мөнгөө авчихаад төслөө бичнэ гээд байх юм. Өмнө нь Чингис бонд дээр ингэж алдаа биз дээ.

Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нэгэнтээ л ард түмэн МАН-д найдаад 65 суудал өгсөн. Энэ жилийн дотор багтаагаад төмөр зам, Оюутолгой, Тавантолгой, нефть боловсруулах үйлдвэрээ шийдэх хэрэгтэй. Хэрэлдээд байвал дороо л эргээд байна. Авсан зээлийн үр ашиг ч гарахгүй. Тийм учраас төслүүдээ бэлэн болгох шаардлагатай, хөдөлгөх хэрэгтэй.

Би нэг зүйлд баярлаж байгаа нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар дүрэмгүй тоглолт хийх боломжгүй болно. Тэгэхээр энэ дүрмийнх нь хүрээнд дороо эргээд байлгүй бушуухан жилийн дотор багтаад өндийх ёстой. Тэгэхийн тулд дээр дурдсан асуудлыг шийдэх ёстой.

-Хадгаламжийн хүүнээс татвар авна гэсэн. Дэмжих үү?

-Хадгаламжийн хүүнээс татвар авах нь зөв, том хадгаламж дээр татвар ногдуулах ёстой болов уу. Долларын хадгаламжаас татвар авах ёстой. Валютын хадгаламж 3.5 тэрбум ам.долларт хүрсэн байгаа. Татвар тогтоохоор үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа бизнест зарцуулах байх.

Дээр нь ченжээр явдаг алтны урсгалаа зогсоох ёстой. Манайд хамгийн баян хүмүүс хэн бэ гэхээр хуулийнхан, гаалийнхан.

1996 онд Монгол Улс “Алт” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр жилд 18 мянган тонн алт олборлож авдаг байсан. Өнөөдөр ч энэ хэмжээндээ л байна. Гэтэл энэ хугацаанд хэчнээн гол горхи ширгэж, хэчнээн “нинжа” бий болж, олон уурхай ажиллав. Алт нь хаана байна, хууль бусаар гараад явчихсан.

Хуулийн байгууллага хуульд үнэнч ажиллах ёстой. Цалинг нь нэмээд ч адилхан, амьдралыг нь сайжруулаад ч адилхан, хулгайгаа хийгээд байгаа байхгүй юу.

Хөрөнгөжсөн хурандаа нараас хэн нь өнөөдөр ажлаасаа халагдсан юм, хэн нь шоронд орсон юм. Халагдсан нэртэй ажиллаж л байна.

-Төрд ажиллаж байгаа нь үнэнчээр ажиллал, хуулиа барьж ажилла гэж та хэлээд байна уу?

-Тийм ээ, хууль биелүүлж ажилла. Хэн ч байсан. Ингэж ажиллахгүй болохоор эцсийн дүндээ гадныхнаар бүх юмаа заалгах болж байна шүү дээ.

-УИХ-ын намрын чуулган завсарлалаа, хэр үр дүнтэй ажилласан бол. Мэргэжлийн Засгийн газар хэр сайн ажиллаж байна вэ?

-Би шүүмжлэхийн тулд шүүмжилж байгаа юм биш. Ард түмэн бол нэг намд үнэмлэхүй олонхийн ялалт өгсөн. Нэг талаасаа ялалт боловч, нөгөө талаасаа хариуцлага.

Ард түмэн эдийн засгийг сэргээгээсэй, талцалгүй байгаасай гэж итгэл хүлээлгэсэн.

Үр дүн та бидний нүдэн дээр ил байгаа. Зах дээр очоод өөрийнхөө авч чадаж байгаа барааг хар. Сагсандаа ганц ширхэг талх авбал ямар байх вэ, сагс дүүрэн бараа авбал ямар вэ. Хэцүүхэн л байгаа даа, үнэндээ.

-Засгийн газар ажиллахгүй байна гэсэн үг үү, 65-ын бүлэг хөдлөхгүй байна гэсэн үг үү?

-Засгийн газрыг шантаажлаад байна. Зарим нөхдүүд нь Ерөнхийлөгчөөр явах хүнийхээ оронд УИХ-ын гишүүн болно, зарим нь УИХ-ын дарга, зарим нь намын дарга, зарим нь сайд болно гээд ойлгочихсон Засгийн газраа барьцаалаад байна шүү дээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн дээр, бие даагч С.Жавхлан бид 11 Засгийн газрын тухай ярихгүй байгаа. Гэтэл Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар “Хариуцлага тооцно” гэж яриад байгаа биз дээ.

Энэ бол Монголын Засгийн газар болохоос биш Ардын намын Засгийн газар биш. Гэтэл зарим нэг нь Ардын намын Засгийн газар гэдгээр улстөржөөд нэгийгээ Авлигатай тэмцэх газарт матаад явж байгаа юм билээ. Ингэж таарахгүй, ажил хийх хэрэгтэй.

Жишээ нь, Тавантолгойн асуудлыг яаралтай шийдмээр байна. 2008-2012 оны УИХ 39 дүгээр тогтоол баталсан. Өнгөрсөн 2016 онд хэд, хэдэн асуудал яригдаад манай Өргөдлийн байнгын хороо хүртэл чиглэл өгч байсан. Гэтэл өнөөдөр олигархууд нь хоорондоо зодоон хийгээд хөдөлгөхгүй суугаад байна шүү дээ. Энэ асуудлаа 65 шийдэх хэрэгтэй. Эрх зүй, хууль дүрмийг нь батлаад өгсөн. УИХ-ын тогтоол нь муу байж магадгүй, тэгвэл засаад сайжруулж болно.

Өмнөх парламентын үед бараг 50 гишүүн УИХ-ын дарга М.Энхболд, Сангийн сайд Б.Чойжилсүрэн бүгдээрээ сууж, дэмжээд УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьж байсан. Тэр хүрээнд ч гэсэн ярих хэрэгтэй. Том төслүүд хэрэгжихгүйгээр хөгжихгүй.

Г.ДАРЬ