Л.Болд: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн
УИХ-ын гишүүн Л.Болд
2017.02.23

Л.Болд: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

-ОУВС-гийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т орох талаархн мэдээллийг Засгийн газраас хийлээ. Үүнийг нэлээд хатуу шаардлагатай хөтөлбөр гэх юм. Эрх баригчдын зүгээс энэ хөтөлбөрт орохоос өөр аргагүй болсон гэж байгаа Өмнө нь манай улс ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Таны хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

-Эрх баригчдын хувьд сонгуульд орсон мөрийн хөтөлбөр, амласан зүйлсээсээ ухарсан алхам боллоо. Сонгуулийн дараа ч төсөв батлах болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах зэрэг өнгөрсөн бүх хугацаанд мэдэгдэж, зорилт тавьж байсан бүх асуудлаасаа үргэлжлүүлээд ухраад байгаа нь харамсалтай байна. Эрх баригчдын хувьд засаг авснаасаа хойш маш санаачилгагүй ажиллаж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс өөр гарц Монгол Улсад байхгүй юм шиг, зөвхөн хэн нэгэн ирээд биднийг аварна гэх байдлаар ажиллаж ирлээ.

Тэгээд ард түмэндээ болохоор бондын өр төлбөр хаяанд тулдаа гэх зэргээр шалтаг шалтгаан тоочоод яваад байдаг. Энэ бүхний эцэст үнэхээр харамсмаар хувилбараар асуудал явж байна. Бидэнд Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орохоос өөр арга замууд байсан гэж харж байгаа. Одоо ингээд Олон улсьга валютын сангийн санал болгосон Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөрийг харж байхад олон талаас нь дахин авч үзэх зүйл их байна. Тэр бүхэн дээр бид албан ёсоор байр сууриа илэрхийлэх бололцоо гарах байх л тэж бодож байна.

-ОУВС-д орохоос өөр ямар арга замууд байсан юм бэ. Зарим улстөрчийн зүгээс гэрээний нөхцөлийг илүү сайжруулах талаар ажилласангүй гэдэг шүүмжлэлийг хэлээд байгаа?

-Бид гадаадын шууд хөрөнгө оруулалтын өөр олон эх үүсвэрээс татах талаар санаачилгатай ажиллах ёстой байсан. Дээр нь дотоодын аж ахуй эрхлэгч, бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Нэг үгээр хувийн секторыг дэмжиж үйл ажиллагааг нь идэвхжүүлэх чиглэлд ажиллаж болно. Нөгөөтэйгүүр засаг төр өөрийнхөө үрэлгэн зардлыг танах ёстой. Өчнөөн олон хэмнэж болох зардлууд байна шүү дээ. Бас төрийн албаны

үр ашиггүй данхайсан орон тоог хэмнэсэн бол тулгамдаад байгаа бондын өр төлбөрийг бүрэн барагдуулаад зогсохгүй өшөө дахиад ажлын байр бий болгоод, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлчих боломж бий. Тэгсэн бол нийгмээ ингэж цохилтод оруулахгүйгээр асуудлыг шийдэх бүрэн бололцоо байгаа байхгүй юу. Гэтэл хамгийн хялбархан аргаар шийдэхийг оролдсон явуургүй зүйл хийж байна. Төрийн хийж байгаа бизнесийг яг тэр чигээр нь үлдээлээ. Өөрсдийнхөө орон тоо, эрх мэдэл, хангамж ямбандаа огт халдахгүйгээр хэвээр нь үлдээсэн. Харин хүмүүсийн тэтгэврийн насыг нэмэх болзолыг хүлээж аваад сууж байна. Тэтгэвэрт гарах насны хэмжээг өндөр хөгжилтэй орнуудын түвшинд аваачсан байж боломгүй шийдвэр гаргаж байна шүү дээ.

Энэ мэтчилэнгээр ахмадуудыг, хүүхдүүдийг, бизнес эрхлэгчдийг хохироосон шийдвэр гаргах гэж байна. Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг нэмэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэдэг чинь ерөөсөө базаад хэлбэл ажил хийж байгаа хүн болгоныг хамруулсан зүйл. Ингэж гулгараад байгаа хүндрэлийг ард түмэндээ үүрүүлэх замаар асуудлыг шийдэж болохгүй. Өөрсдөө зүгээр суугаад төрийнхөө санхүү, хөрөнгө оруулалтын бүх эрх мэдлийг гаднаталд шилжүүлэх замаар маш амархан гэж өөрсдөө бодож байгаа хамгийн буруу замаар явж байгаа нь харамсалтай байгаа юм.

Ийм байдалд хүрэхгүйгээр ажиллах бүрэн бололцоо байсан. Одоо нэгэнт өнгөрчихсөн. Гэтэл үүнийгээ улстөржүүлээд буруу тайлбар өгөөд яваад байгаа юм. Хэрвээ Монгол Улс өнөөдөр Грек шиг дампуурчихсан бол яг нүдэн дээр дампуурах л ёстой шүү дээ. Гэтэл Пакистан шиг том мөргөлдөөнтэй, терроризмтай улсуудын төвшинд өнөөдөр хүмүүсийн сэтгэл санааг аваачиж байна. Монгол бол тийм орон биш. Ардчилсан нээлттэй засаглалтай, чөлөөт зах зээлийн эдийн засгаа тодорхой өндөрт гаргачихсан, их баялагтай улс. Ийм зүв зүгээр аваад явж болох байсны улсын зориудын ийм нөхцөл рүү түлхэж байна гэдэг бол өөрөө бол маш харалган бодлого л гэж харж байгаа.

-Чуулган завсарласан энэ үед Байнгын хороод ажлын тайлангаа тавьж байна л даа. Парламентад олон суусан туршлагатай улстөрчийн хувьд та өнгөрсөн намрын чуулган хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна вэ?

-Чуулганаар гаргасан тодорхой хуулийн тоо олон байна. Том хуулиуд ч гаргасан. Гэхдээ миний харж байгаагаар энэ дотор бүтцийн дорвитой өөрчлөлт хийсэн, эдийн засгаа сэргээсэн, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийг      дэмжсэн. Иргэдийнхээ амьжиргааг энэ цаг үед зөв аваад явах, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжсэн шинэчлэлүүдээ хийж чадаагүй.

Уг нь хамгийн эхэнд хийдэг хамгийн чухал чуулган л даа. Гэтэл ерөнхийдөө баахан буцаасан хуулиудаасаа заримыг нь нөхөж гаргалаа. Нэгэнт батлагдсан хуулийг дахиж гаргаж цаг алдсан ийм нөхцөл бол байгаа. Дээр нь цэрэг, цагдаа гэх мэтээр хуулийн салбарын олон хуулиуд дээр голчлон анхаарч баахан албан тушаалтан, генерал төрүүллээ. Энэ цаг үед бид олон генералтай болсноор эдийн засгийн хямралаас гарахгүй л дээ. Хөлс хүчээ шавхаад ажиллаж байгаа компаниуд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цаг үеийг үнэхээр мэдэрч чадсангүй. Тэр талаас нь харвал би сэтгэл дундуур байгаа.

-УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг АТГ-аас Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан баривчлаад байна. Энэ үйл явдлыг та хэрхэн харж байна?

-Хөгжлийн банк болон “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон шалгах ёстой эргэлзээтэй асуудал бий гэдэг бол бүх хүнд ойлгомжтой. Сонгуулиар ч яригдсан, дараа нь ч яригдсан. Одоо бүтэн жил болж байна шүү дээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Олон улсын валютын сангийн ард олонд ашиггүй хөтөлбөрт орохоо зарлачихаад маргааш нь үүнийгээ буруутан олох улс төр маягаар ажиллаж байна.

Тэртэй тэргүй л шалгаад явж байгаа хүмүүсийг зориуд барьж хориод хүний эрхийг зөрчиж байгаа юм. Дуудсан цагт очоод явж байсан тэр хүмүүс хаашаа зугтах юм. Зөвхөн зугтах нөхцөл байдал үүссэн бол барьж хорих ёстой юм байгаа биз дээ. Тэгэхээр үүний цаад бол зорилго, улстөржилт нь ойлгомжтой байна. Энэ хэргүүдийг хэдэн сар жилээр шалгана, тогтооно. Хэрвээ буруутай гэж үзэх юм бол шүүхээр явна.

Энэ чинь олон сарын процесс шүү дээ. Гэтэл яг Цагаан сарынхаа өмнө, ОУВС-гийн тохиролцоотой уялдуулаад  баривчилгаа хийж олны анхаарлыг татаж байгаагийн цаана бохир улс төр явагдаж байна гэж харагдаж байна л даа. Ийм бохир улс төрийг өнөөдөр бид хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Газар дээр нь таслан зогсоох ёстой.

-Таныг АН-ын бүлэг дээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр нэрээ дэвшүүлнэ гэж хэлсэн талаар мэдээлэл байна. Үнэн үү?

Бүлэг дээр нэрээ дэвшүүлэхээ илэрхийлсэн асуудал бий. Гэхдээ одоогоор бүх зүйл тодорхойгүй байгаа л даа. Асуудал нь тодорхой болог. Тэр үед шийдвэрээ танилцуулна.

-Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр боллоо гэхэд та нам дотроо хэр дэмжлэг авах бол? АН фракцгүй болно гэж ярьдаг ч тав, зургаан нэгдэлдээ хуваагдсан байдал бол хэвээрээ л байгаа шүү дээ?

-Манай намын шинэчлэл ямар ч байсан дээрээсээ эхлээд явж байна. Цаашаагаа анхан, дунд шатандаа намын шинэчлэлийн зохион байгуулалтууд хийгдэнэ. Ер нь бол улс төрийн намыг эрүүлжүүлэх, бодлогын нам болгох, гишүүдийнхээ оролцоог хангасан нээлттэй нам болох энэ шинэчлэлүүд цаашдаа амжилттай хэрэглэх юм бол ер нь бүх шатандаа цэвэршиж зөв зам руугаа орно.