Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч
2017.02.23

Истанбул хотын Захиргааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч болон бусад албаныхныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй өөрийн хамт уулзалтанд оролцож буй төлөөлөгчдийг танилцуулаад “Улаанбаатар хот Истанбул хотын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Бид Истанбул хоттой гэр хорооллын дахин төлөвлөлт, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаа.

Мөн Улаанбаатар хот Туркийн Анкара, Газиентил хоттой ах дүүгийн харилцаатай байдаг. Хэдийгээр Засгийн эрх солигдсон ч манай хоёр хотын өмнө нь хийж хэрэгжүүлж байсан ажил цаашид үргэлжлэх болно. Буруу бодлого, төсөв улс орны эдийн засаг, хөгжлийг хэрхэн дордуулдгийг өмнөх эрх барьж байсан эрхэмүүдийн туршлагаас бид мэднэ. Тиймээс хамтран ажиллах төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжихэд та бүхний дэмжлэг хамгаас чухал билээ” гэсэн юм.

Харин Истанбул хотын Хурлын Төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Би Монгол Улсад 3 дахь удаагаа айлчилж байна. Танай хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр бүгд хүмүүнлэгийн чиглэлийнх юм. Энэ төсөл Улаанбаатар хотод хэрэгжихэд Истанбулд суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирын хүчин чармайлт их нөлөөлсөн гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Манай улсын одоогийн ерөнхийлөгч 1994 онд Истанбул хотын Захирагчаар сонгогдож байсан. Тухайн үед хот хогондоо дарагдаж, агаарын бохирдол маш өндөр хэмжээнд хүрсэн байсан юм. Үүнд хотын дарга маш богино хугацаанд оновчтой төслийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлснээр уг асуудлаас гарч чадсан. Та бүхнийг манай хотод айлчилж, туршлага солилцохыг урьж байна” гэлээ.