Болд.Л 2017.02.24 | Сонин: Өглөөний сонин

С.Лувсанвандангийн нэрэмжит Их сургууль байгуулна

С.Лувсанвандангийн нэрэмжит Их сургууль байгуулна

Соёл урлагийн их сургуулийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, С.Лувсанвандангийн нэрэмжит Судалгааны баримтын сан хамтран “Баримт бичгийн эмхэтгэл” номын анхны ботийг хэвлэн гаргалаа.

Судалгааны баримтын сан “Монголын соёл, урлаг судлалд холбогдох баримт, эх сурвалжийг цуглуулах, сан хөмрөг үүсгэж хадгалан хамгаалах, судалгааны эргэлтэнд оруулах, нийтийн хүртээл болгох” үндсэн зорилгынхоо хүрээнд хийж буй ажлынхаа эхлэлийг энэ жил 85 насны ой нь тохиож буй нэрт эрдэмтэн, Соёл, урлаг судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч агсан Сономын Лувсанванданд холбогдох баримтаар эхлүүлж байгаа аж.

Тус эмхэтгэлд Монгол Улсын Үндэсний төв архив, Соёл урлаг судлалын баримтын санд хадгалагдаж буй 171 ширхэг баримт, 150 гаруй захидлыг оруулсан байна.

Сономын Лувсанвандан /1932-1992/ бол монголын орчин цагийн соёл, урлаг, утга зохиолыг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэхэд онол, практикийн судалгаа шинжилгээг удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн, ардын урлагийн санг хадгалан хамгаалж, уламжлан хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, хожмын судлаачдад жим мөрийг нь татаж өгсөн нэрт эрдэмтэн, Соёл урлаг судлалын хүрээлэнг үндэслэн байгуулагч юм.

Номын нээлтэд С.Лувсанвандан гуайн үр хүүхдүүд, шавь нар, хамтран ажиллаж байсан нөхөд нь хүрэлцэн иржээ.

145A0941

Энэхүү баримтын агуулга ач холбогдлын талаар номыг хянан тохиолдуулсан СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал Б.Баатархүү:

-Сономын Лувсанвандан гэдэг эрдэмтний эрдэм судлалын үйл хэрэг болоод Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн түүхэн замнал, Соёлын яаманд ажиллах хугацааны болон тухайн үеийн соёлын бодлоготой холбогдох баримтууд эрдэм шинжилгээний эргэлтэнд орж байгаагаараа чухал ач холбогдолтой  юм.

145A0947

Номыг хэвлүүлэхэд туслалцаа үзүүлж дэмжсэн С.Лувсанвандан агсны хүү УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын Соёл урлаг, судлалын салбарын цаашдын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахуйц гурван зүйлийг хөгжүүлэн эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэлээ. Үүнд:

  1. С.Лувсанвандангийн нэрэмжит Их сургууль байгуулах
  2. С.Лувсанвандангийн нэрэмжит Номын сан нээх
  3. Театр, Монгол судлалыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

145A0996

Академич Ж.Болдбаатар: “Сономын Лувсанвандан бол Монгол Улсын Урлагийн түүхийн “ТОЛЬ БИЧИГ”. Түүний баримт бичгийн эмхэтгэлийг залуус уншиж санаж, сэрээсэй”гэдгийг онцлон хэлсэн юм.