Даваасүрэн.Ц Аюурсайхан.Т Оюунчимэг.М 2017.02.23 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Монголбанкинд шалгалт хийх ажлын хэсгийнхэн хэвлэлийн бага хурал хийлээ

Монголбанкинд шалгалт хийх ажлын хэсгийнхэн хэвлэлийн бага хурал хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан, гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн нар мэдээлэл хийсэн юм.

Ажлын хэсгийн ахлагч Т.Аюурсайхан,

-Бид гурав дээр нэмэгдээд Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Х.Болорчулуун нарын гишүүд ажлын хэсэгт багтсан.

Өнөөдрөөс бид ажилдаа орж байна. Өчигдөр ажлын хэсэг удирдамжаа батлуулсан.

Ажлын хэсэг хяналт шалгалт хийсний үндсэн дээр шийдвэрийн төсөл боловсруулан Эдийн засгийн байнгын хороонд танилцуулах юм.

Өнгөрсөн хугацаанд Монголбанкинд тодорхой үйл ажиллагаанууд явагдсан.

Өөрөөр хэлбэл, монгол төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хэр зэрэг хангаж ажилласан бэ, хуульд заасны дагуу тогтвортой байдлыг хангах үүргээ хэрэг зэрэг биелүүлсэн бэ, үнэ тогтворжуулах болон бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн хууль зүйн үндэслэл, хүрсэн үр дүнд шалгалт хийнэ.

Мөн Монголбанкнаас эмиссийн үйл ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл мөнгө хэвлэх. Найм орчим их наяд төгрөгийн эмиссийн үйл ажиллагаа явуулсан мэдээллийг тодорхой албаны хүмүүс өнгөрсөн дөрвөн жилд өгч байсан. Үүнийг нягтлана.

Нэг анхаарал татаж буй асуудал Монголбанкны алдагдал байгаа. Нэн ялангуяа өнгөрсөн дөрвөн жилд жил тутамд хоёр дахин нэмэгдсэн. 2016 он гэхэд тайланд туссан байдлаар 962 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэ алдагдал төсөвт дарамт учруулдаг, алдагдлыг төсвөөс хаадаг байгаа. Тийм учраас алдагдалд орсон нөхцөл шалтгааныг тодруулна. Өмнө нь  2011 он хүртэл ерөнхий байдлаар ашигтай ажилладаг байсан. 2007-2011 онуудад гэхэд ганцхан 2010 онд л алдагдалтай, бусад жилүүдэд ашигтай ажилласан. Гэвч 2012 оноос огцом алдагдалд орсныг тодруулж, дүгнэлт гаргах юм.

Монголбанкнаас мөн арилжааны зээлүүд олгосон мэдээллийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас энэ зээлийг олгосон хууль зүйн үндэслэл, хүрсэн үр дүнг нягтлах юм.

Түүнчлэн Монголбанкны мэдээллийн ил тод байдлыг нягтлана. Шилэн дансны үр дүн, тайлан тэнцэлд шалгалт хийнэ. Нэлээн их ажил байгаа учраас 2017 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд шалгалт явуулахаар чиг үүрэгтэй ажилдаа орж байна.

Ажлын хэсгийн гишүүн Ц.Даваасүрэн,

-Эдийн засагт тулгараад байгаа хямрал, хүндрэлийн гол учир, үндсэн шалтгаан Монголбанктай холбоотой гэж боддог. Өмнө нь ч гэсэн би энэ талаар хэвлэл мэдээллээр  хэлж байсан. Яагаад хямралыг ингэж гүнзгийрүүлсэн бэ гэвэл төгрөгийн худалдан авах чадварыг унагаж, валютын ханшийг өсгөсөн явдал. 2012 оны долдугаар сард валютын ханш 1450 орчим төгрөгтэй тэнцэж байсан. Одоо 2400 төгрөг байна. 70 хувиар валютын ханш өсч, төгрөгийн худалдан авах чадвар унасан байна. Төгрөгийн худалдан авах чадвар унана гэдэг эцсийн дүндээ ядуурлыг гүнзгийрүүлж байгаа явдал. Эдийн засгаа 70 хувиар шууд унагасан гэсэн үг. Энэ асуудлыг ажлын хэсгийн шалгалтаар судалж үзнэ.

Мөн Монголбанк хуулиа зөрчиж, хувийн компаниудад зээл олгосон асуудлыг нарийвчилж шалгана. Орон сууц гэдэг юмуу, урамшууллын байдлаар хэдэн арван тэрбум төгрөгийг ажиллагсдадаа тараасан байдаг. Энэ талаар мэдээлэл хаалттай байсан бол одоо ил тод авах бололцоо бүрдлээ гэж үзэж байна.

Өнгөрсөн дөрвөн жилд валютын ханш бидэнд хамаагүй гэж хэлээд суудаг хүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр сонгосон байсан. Мөн своп хэлцлүүдээр авч байгаа зээлийг зээл биш гээд суудаг байсан. Валютын ханшийг тогтвортой барих нь тус банкны гол гурван зорилгын нэг. Энэ бүхэн эргээд эдийн засгийг өнөөдрийн байдалд хүргэсэн. Бүх салбар хямралд орсон байна.

2014 оны зургаадугаар сард хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 200 гаруй тэрбум төгрөг байсан бол жилийн дотор 900 тэрбум болж өссөн байгаа. Компаниуд банкинд зээлээ төлж чадахгүй болсон. Компаниуд ч, иргэд ч худалдан авах чадваргүй болсон энэ асуудлыг бид шалгах гэж байгаа гэдгийг хэлэх байна. Ажлын хэсэг ажлынхаа явц дунд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх болно.

Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг: 

-Бидний хамгийн гол зорилго оношилгоо зөв байж цаашид яаж эмчлэхээ шийдэх явдал. Манай улс Олон улсын валютын сангийн хатуу болзолтой хөтөлбөрт хамрагдахад хүрч, татвар нэмэх, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ царцаах хүртэл хямралд орчихсон байна. Монголбанкнаас явуулж байгаа мөнгөний бодлого, бодит секторыг дэмжсэн байдал, арилжааны банкуудад хяналт байсан уу, үнэхээр шударга өрсөлдөөн энэ салбарт байв уу гэдгийг хянаж шалгаад, оношоо тогтоогоод цаашаа явахгүй бол болохгүй байна.

Арагшаа харж хэн нэгний араас хөөцөлдөхдөө биш, цаашид зөв явахын тулд хууль бус зөрчлийг илрүүлэх, хуульд өөрчлөлт оруулах нь ажлын хэсгийн гол зорилго байх юм. Сая Ц.Даваасүрэн гишүүн хэллээ. Чанаргүй зээл их наяд хүрч байна. Манай улстай хамтарч ажилладаг гадны санхүүгийн байгууллагуудын өгч байгаа зөвлөгөө бол арилжааны банкуудаа хүртэл ялгаж салгаж, ажиллаж байгааг нь явуулаад, бодит байдалд үнэлгээ хий гэж байна.

Өнгөрсөн жилүүдэд Монголбанкнаас явуулсан хууль бус ажиллагаа, гүйлгээ, өр авлага, бонд худалдаж авсан төлбөр тооцоо хэд болсон гэх мэт тодорхойгүй олон асуудал байдаг. Тиймээс ажлын хэсгийн зорилго бол энэ бүхэнд тодорхой хариулт олж, тохирсон арга хэмжээ авах юм гэж ярилаа.

Төгсгөлд нь ажлын хэсгийнхэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.