Бизнес эрхлэгчдийн эрх, ашгийн төлөө "цогтой тэмцэгч" Ж.Ганбаатар
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2017.03.03

Бизнес эрхлэгчдийн эрх, ашгийн төлөө "цогтой тэмцэгч" Ж.Ганбаатар

Тэрээр эдийн засагч, хуульч мэргэжилтэй. 1996 онд Оргил худалдааны төвийг үүсгэн байгуулж, 2015 он хүртэл уг төвийн ерөнхий захирал, зөвлөхөөр ажиллаж байв. Ж.Ганбаатар 2004 оноос улс төрд орох эхний алхмаа хийсэн гэж болох юм. Учир нь тэрээр 2012 он хүртэл Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөхөөр найман жил, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байлаа.

Налайх дүүргийн уугуул, Налайх хотын 10 жилийн дунд сургуулийг төгссөн тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүргээс нэр дэвшин сонгогдсон. “Оргил” худалдааны төвөө анх Баянгол дүүрэгт нээж, тус дүүргээс өнөөгийн амжилтын гараа нь эхэлсэн учраас Баянголоос нэр дэвшсэн бололтой.   

Худалдааны салбарт 20 жил аж ахуй эрхэлсний эцэст Ж.Ганбаатар “Монгол төрийн ой санамжинд Монгол хүн байх ёстой” гэсэн слоган үгээр гарч ирэв. Түүнийг тун ч хариуцлагатай, идэвхтэй гишүүн болохыг намрын ээлжит чуулганы ирц, хуралдаа суусан байдлаас харж болно. Тодруулбал,

Намрын ээлжит чуулган нийт 34 удаа хуралдахад 30-д нь оролцож, найман удаа үг хэлж, 11 удаа асуулт асуужээ. Энэ нь 166 цаг хуралдсанаас 144 цагт нь суусан гэсэн үг.

Тэрээр Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны идэвхтэй гишүүдийн нэг бөгөөд УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын албыг хавсран гүйцэтгэж байна.

Түүний харьяалагдах байнгын хороодыг харсан ч тэр, хариуцсан хороог нь анзаарсан ч тэр, УИХ-д нэр дэвшихдээ баримталсан зарчмыг бодолцсон ч тэр бизнес эрхлэгчдийг хүн, иргэн гэдэг үүднээс харж, хандаж байхыг дахин дахин хэлж, сануулж байсан юм. Ингээд намрын чуулганд илэрхийлсэн байр суурийг нь эргэн нэг санацгаая.

“Монгол төрийн ой санамжинд Монгол хүн байх ёстой” Ж.Ганбаатар

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ дээр унасан. Тэгвэл уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх үеэр төсөлд засч, сайжруулах олон зүйл байна гэж үзээд хойшлуулах санал гаргав.

Ж.Ганбаатар хуулийн төслийн тодорхой зүйл заалтыг дурдаад "УИХ, Засгийн газар бизнес эрхлэгчдийг дэмжихийн оронд 500 гаруй төрлийн торгууль ногдуулна гэжээ. Гэтэл торгуулийг явж явж ЖДҮ-чид л төлж таарна. Ядаж тэднийг хөл дээрээ боссоны дараа ийм хууль гаргаж болохгүй юу" гэж бизнес эрхлэгчид тэр дундаа ЖДҮ-ийг төлөөлөн байр сууриа илэрхийлсэн.

Түүний байнгын хороо, чуулганы хуралдаанд илэрхийлсэн байр суурийг үүсгэн байгуулсан компаниудтай нь холбон ойлгох хэрэггүй гэлээ. 

Ж.Ганбаатарын намрын ээлжит чуулганы хугацаанд боловсруулж, батлуулсан хуулийг энд дурдаж болох юм. 2014 оны 6 дугаар сард УИХ-аас ЖДҮ-ийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн албан татвараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл ЖДҮ-ийн санхүүгийн тогтвортой хөгжлийг дэмжиж, орчин үеийн инноваци, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд нь татварын бодлогоор дэмжих үүднээс дахин нэг жилийн хугацаатай гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан нь гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм.

Ингэж тэрээр Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын үүрэг, ролио улам баталгаажуулаад авлаа.

Эрүүгийн хуулиар аж ахуйн нэгж эрхлэгчдийн эрх, ашиг ихээхэн хөндөгддөг. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд Эрүүгийн хуулийн хэрэгжилт бизнес эрхлэгчдэд хүндээр тусдагийг нүдээр харж, компанийн удирдлагууд түүнээс болж ихээхэн дарамтад ордгийг мэдэхийн хувьд Ж.Ганбаатар гишүүн болсных тэдний өмнөөс дуугарав.

Үндэсний үйлдвэрлэл гэж байхаас гадна үндэсний үйлчилгээ гэж байх ёстой. Ж.Ганбаатар

Тэрээр "аж ахуй эрхэлнэ гэдэг гэмт хэрэг биш, бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгтэн гэж битгий хар" хэмээн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нилээд ширүүхэн хэллээ.

Түүний ундууцлыг хүргэсэн гол зүйл бол тухайн компанийн удирдлага нь иргэн гэдэг утгаараа хууль зөрчсөн бол Эрүүгийн хариуцлага хүлээсээр байтал аж ахуй эрхэлснийхээ төлөө торгууль төлдөг явдал юм.

Хүн бүрт хууль эрх тэгш үйлчлэх ёстой байтал бизнес эрхлэгч байлаа гээд давхар хариуцлага хүлээдэг байдлыг таслан зогсоох хэрэгтэй гэлээ. Цаашлаад ААН-ийг татан буулгана, тусгай зөвшөөрлийг цуцална гэдэг бол хэрээс хэтэрсэн хатуу заалт гэж тэрээр үзэж байна.

Засгийн газраас 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, тодорхой дөрвөн салбарт үйлдвэрлэл эрхэлж буй ААН-ийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, нэг хувь болгох хуулийн төсөл өргөн барьж, батлуулсныг бага хэмжээний дэмжлэг гэж Ж.Ганбаатар тодорхойлж байна. Харин 2018 эсвэл 2019 онд 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бүх ААН-ийг уг татварын хөнгөлөлттэй хамруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ.

Харин ААН, иргэдийн эрх, ашиг тодорхой хэмжээнд хөндөгдөх ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд тус байгууллагаас тавьж байгаа шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй гэж Ж.Ганбаатар үзэж байна. 

Энэ мэтчилэн Ж.Ганбаатар бизнес эрхлэгчдийн эрх, ашгийн төлөө дуугарсаар байх болно гэдгээ илэрхийлсэн, энэ дагуу ч дуугарсаар байна. Гэхдээ зарим асуудалд улс орны том эрх, ашгийг урдаа тавих, хэт явцуу хүрээнд асуудалд хандахаас сэрэмжлэх нь зүйтэй болохыг түүнд хандаж хэлье. Давс, хужрыг нь тааруулах л хэрэгтэй.