Тэрбишдагва.Д 2017.02.24 | Сайт: News.mn

Д.Тэрбишдагва: Бодит үнэнийг хэлбэл ард түмэн ойлгоно

Д.Тэрбишдагва: Бодит үнэнийг хэлбэл ард түмэн ойлгоно
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Засгийн газар Олон улсын валютын сан/ОУВС/-тай хийсэн хэлэлцээрийн дагуу найман төрлийн татвар нэмэх болж, төсвийн тодотголыг боловсрууллаа. Татвар нэмэхгүйгээр зохицуулах боломж бий юу. Шатахууны татвар нэмэгдэхэд бүхий л бараа, бүтээгдэхүүний үнэ өснө, эргээд л ард түмний нуруун дээр ачаа нь бууна?

-ОУВС Монгол Улсын Засгийн газартай ажиллаад "Extended Fund Facility" хөтөлбөрөө захирлуудын зөвлөлөөр оруулахаар болсон тухай мэдээлэл авсан. Ээлжит бус чуулган хийхээр энэ талын мэдээлэл нэлээд тодорхой болно.

Татвар нэмэгдэхээр ард иргэдийн нуруун дээр ачаа үүрэгдэхгүй гэж байхгүй. Ямар нэг хэмжээгээр ачаа үүрүүлнэ, ойлгомжтой.

Засгийн газар өнгөрсөн оны намар УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийг хэлэлцүүлж байхдаа зарчмын саналаасаа буцсан. Тухайн үед би “Архи, тамхи, алтны татвараа нэмэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байсан. Гэтэл Засгийн газар саналаа татаад авсан

Уг нь төсөв хэлэлцүүлэхээсээ өмнө ОУВС-тай бүх зүйлээ тохироод ороод ирсэн бол  “Стэнд бай” хөтөлбөрт ч хамрагдах боломж байсан байхыг үгүйсгэх аргагүй. Би энэнд  шүүмжлэлтэй хандаж байгаа. Эдийн засаг амаргүй байгааг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр эдийн засаг ийм байгаа нөхцөлд дэмжлэг авахаас аргагүй. Гэхдээ ОУВС-гийн энэ хөтөлбөр бол 1990-ээд оноос хойш долоо дахь нь. Гуравхан сая иргэнтэй, газар доогуураа зэс, нүүрс, алтны арвин эрдэс баялагтай, 60 сая толгой малтай, газар тариалангийн үүргээ хангаж байгаа орон ингэж явж байгаа нь харамсалтай.

Энэ хөтөлбөр дээр монгол хүн болгон бодож, анхаарах ёстой.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ “Маршал төлөвлөгөө” нэртэйгээр Европын 16 оронд 14 тэрбум ам.долларын тусламж олгосон. Үүнээс хамгийн ихийг Грек, хамгийн багийг нь Герман улс авсан байдаг. Тухайн үед Герман зөв бодлого хэрэгжүүлсний дүнд  20 хэдэн жилийн дараа Европын тэргүүлэх орнуудын нэг болсон.

Гэтэл Грек хамгийн их зээл авсан байтлаа одоог хүртэл авсаар л байна. Эндээс тусламжийг үр ашигтай зөв ашиглах нь чухал гэдгийг харж болно. Бид мөнхийн тусламж авдаг орон байж болохгүй.  Энэ удаагийн тусламж сүүлийнх байгаасай гэж хүсэж байна. Эндээс гарах боломж бидэнд бий. Сахилга хариуцлага, дэг журмыг өөрсдөөсөө эхлүүлэх ёстой.

2010-2016 оны хооронд статистик судалгаа гаргахад төрийн албан хаагчийн тоо 46 мянгаар нэмэгдсэн байгаа.

Засгийн газар гарч ирэх бүрийдээ 20.000-25.000 иргэнийг өргөдлийг нь өгүүлээд гаргадаг. Тэр хүмүүстээ зургаан сарын тэтгэмж өгдөг. Энэ мэт хариуцлагагүй зүйлээсээ салах ёстой. Хэрвээ бид дээд шатандаа зогсоо зайгүй ажиллах юм бол зургаан сарын дотор цэгцтэй улс болж болно. Хоёр жилийн дотор Монгол Улсыг хөгжүүлж болно, нөөц байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлсэн нөхцөлд валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрнэ гэсэн мэдэгдлийг хийсэн. Ийм боломжтой юу?

-Дэлхийн зах зээлд уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь боломж. Таван тэрбум ам.доллар зах зээлд орж ирэх юм бол валютын нөөц хангалттай бий болж, төгрөгийн ханш чангарна. Гэхдээ энийг сайн бодож, урьдчилж төлөвлөгөө гаргаж, зөв зарцуулахгүй бол савлагаа бий болох эрсдэл бий. Зөрчил гарахыг үгүйсгэх аргагүй. Зөв зарчмаар явуулах нь чухал. Хамгийн гол нь юунд зарцуулах вэ, тэр нь маш ойлгомжтой, үр ашигтай төсөл байх ёстой.

Эдийн засгаа бүхэлд нь харах юм бол маш хүнд байдалд орсон. Монгол Улс өнөөдөр 24 тэрбум ам.долларын гадаад өртэй байна. Энэнээс бүх чиглэлээр бүсээ чангалж гарах ёстой. Төрийн дээд албанд ажиллаж байгаа хүмүүсээсээ эхлээд бүгдээрээ татварын асуудал дээр онцгойлон анхаарах ёстой.

Татвар төлж байж, улс мөнгөтэй болно. Буцаагаад нийгмийн салбартаа хуваарилдаг зарчимтай. Гэтэл манайхан халамжийн бодлого баталсаар намрын чуулганаа хаасан.

Бодит үнэнийг хэлэх юм бол ард түмэн ойлгоно. Монгол Улсаа дампууруулахгүй байхын тулд бүх ард түмний хүчин зүтгэл хэрэгтэй, гэхдээ ард түмнээс хандив цуглуулж болохгүй. Ядаж хуралдаа цагтаа ирдэг,  хурлаа цагтаа эхлүүлчихдэг. Орой, үдэшгүй хуралдаад шийдвэрээ зөв гаргаад явах юм бол бидэнд асар их нөөц бололцоо байгаа.

-Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Өмнө нь УИХ-д энэ асуудал орж ирээд буцсан бил үү, татвар ногдуулах хугацааг нь хойшлуулсан билүү, нэг юм болсон санагдана. Зарим эдийн засагчид том хадгаламжид татвар ногдуулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх үүд хаалгаа нээх ёстой гэж байна?

-Хадгаламжийн хүүгийн орлогоос нь татвар авах асуудал бол дэлхийн улс оронд байдаг л жишээ юм. Хэдий хэмжээний татвар авахаар оруулж ирж байгаа талаар сайн мэдээлэл алга. Татвар ногдуулахдаа хавтгайруулах хэрэггүй болов уу.

Монгол Улсын санхүүгийн зах зээл нэг арилжааны банктай хамааралтай болсон учраас хөрөнгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулах шаардлагатай. Япон, БНСУ-ын туршлагаас арилжааны банкуудыг хармаар байгаа юм.

“Хьюандай”, “Самсунг” зэрэг компани, аливаа нэг арилжааны банкинд хөрөнгө эзэмшиж болдоггүй.

“Сони” мэт компани 10 хувиас илүү хөрөнгө эзэмшиж болдоггүй. Манайд бол арилжааны банкнууд нэг хүний, нэг чиглэлийн болоод байгаа учраас хувь хэмжээг нь зохицуулах шаардлага гарч байгаа. Арилжааны банкийг хөгжүүлэх нь чухал ч хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь бас чухал. Тийм учраас Арилжааны банкны тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж байна гэсэн бодолтой байна.

-УИХ-аар Эдийн засгийг сэргээх, хямралыг даван туулах хөтөлбөр батлахдаа энэ онд Оюутолгой төслийг эрчимжүүлнэ, Тавантолгой төслийг хөдөлгөнө, төмөр зам барина гэсэн. Гэтэл намрын чуулганаас төмөр зам төслийг Засгийн газар луу буцаасан. Тавантолгой төсөл батлагдсангүй. Ийм нөхцөлд зорьсон төвшиндөө эдийн засгийн өсөлт бий болгож чадах уу?

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажил бол орж ирж байгаа хууль, тогтоомжийн төслийг батлуулах, тэрэн дээр ажлын хэсэг байгуулаад сайжруулах гол үүрэгтэй.

Монгол Улсын эдийн засаг хямарчихсан байгаа үед ажлын хуваарьтаа байхгүй байгаа гэх олон ажлыг хийж, яам, агентлагийн мэдээллийг нэг бүрчлэн сонсож, нийт Монгол Улсын эдийн засгийг иж бүрнээр нь харах гэж оролдож байгаа.

Эдийн засгийг сэргээх хөтөлбөр дотор Оюутолгой, Тавантолгой, төмөр зам орж ирсэн. Төмөр замын төсөл буцсан нь дутуу дулимаг байсантай л холбоотой. Тэрнээс биш бид ямар нэг зүйлийг нь саатуулсан зүйлгүй. УИХ –ын хувьд төслөө оруулаад ир, бид чадах ядахаараа батлаад өгье л гэдэг. Тухайлбал, Хөгжлийн банкны асуудлыг шийдлээ, дүрмийн санг нь нэмэгдүүлж өглөө. Хаашаа ч дэлхийн улс орнууд руу мөнгө босгох боломжтой болсон.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо асуудлыг улс орны эрх ашигтай нийцүүлж богино хугацаанд шийдвэрлэх, буруу зөрүү зүйл дээр ташуур өгч ажиллаж байгаа.