Бямбацогт.С 2017.02.10 | Сайт: Vip76.mn

С.Бямбацогт: Цагдан хорих, таслан сэргийлэх дээд хугацаа 24 сар байсныг 18 сар болгоно

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийлээ. 

Хууль шүүхийн өмнө эрх, тэгш байх, хүний халдашгүй байх эрхийг хангах, гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэний ч гэм буруутайд тооцохгүй байх, хэргийн байдлыг тал бүрээс нь үнэн, бодитойгоор тогтоох, шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах, шүүн таслах ажиллагааг талуудын эрх тэгш байдал, мэтгэлцээний үндсэн дээр явуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсных байх зэрэг зарчмуудыг хэлэлцэх үндэслэл, журмыг тогтоож, боловсрууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль бус оролцогчийг хууль бус эрхийг хангах шаардлагаар тодорхой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа. Яллагдагчийн гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоох, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглох, яллагдагчаа хэргээ шүүхэд шилжүүлэн хэлэлцэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах эрхтэйг тусгаж өгсөн.

Хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор яллагдагчтай холбоотой тодорхой ажиллагаа явуулах тухай мэдээллээр хохирогчийг урьдчилан хангах зохицуулалтыг оруулсан.

Мөн гэрч, хохирогчид хамгаалалтын арга хэмжээ авахыг тодорхойлж, тусгасан. Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг өөрчилж, аль болох цагдан хорих арга хэмжээ авахгүй байх үүднээс хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах зэрэг таслан сэргийлэх ажиллагааг шинээр оруулж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай баримт нотолгоотой болсон гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тусгалаа.

Түүнчлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг богиносгон тогтоосон. Дээд талын хугацааг 24 сар байсныг 18 сар болгож, өсвөрийн насныхныг цагдан хорих дээд хугацааг 8 сар байсныг 6 сар болгож өөрчиллөө.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийн зөрчил гарахаас сэргийлж, дууны, дүү дурсний бичлэг хийх зэргээр орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглах нөхцөл, журмыг тогтоосон заалтуудыг орууллаа. Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа тус бүрийг явуулах журам, тусгай зөвшөөрөл авах үндэслэлийг нарийвчлан зааж, мөрдөгчийн бие даасан мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын мөрдөн шалгах ажиллагааг тодорхойлж, прокурорын зөвшөөрөл авах журмыг тусгалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэргийн харьяаллыг Эрүүгийн хуулийн тодорхой зарим зүйл хэсгээр тогтоож байсан дээр нэмж, гэм буруугаа сайн дураар хүлээсэн яллагдагч хүсэлт гаргасан нөхцөлд хялбаршуулсан журмаар явуулахыг тусгаж, энэхүү ажиллагааны явцад яллагдагчийн эдлэх эрх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврыг яллагдагчид танилцуулж байх шаардлагыг тусгалаа.

Тухайн этгээдийн гэм буруутай нь нотлох баримтаар тогтоогдсон, эргэлзээ төрүүлэхгүйгээр нотлогдож, гэм буруутай гэж үзсэний дараа ял оноох ажиллагааг эхлүүлэхээр хуулийн төслийн Шүүх хуралдааны хэсгийг боловсруулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж, мөрдөгдсөнөөр Эрүүгийн хэргийн хянах шийдвэрлэх ажиллагаанд бодит байдлыг тогтоохын тулд асуудлыг тал бүрээс нь нягтлан хянаж, түргэн шуурхай шийдвэрлэх, хүний хууль, шүүхийн өмнө эрх, тэгш байх, шударгаар шүүлгэх эрхийг хангах, зохицуулахыг улам боловсронгуй болгосон гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа