Даваасүрэн.Ц Бямбацогт.С 2017.02.10 | Сайт: Vip76.mn

Ц.Даваасүрэн: Татвараас бүү зугт, хүнийг битгий гүтгэ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуусан юм. 

Хүний эрх, хүний хувь заяаны асуудал учраас цаашид нилээд нухацтай хэлэлцэх шаардлага гарах байх.

Цагдан хорих, таслан сэргийлэх хугацааг бууруулсан гэж хууль санаачлагч хэллээ. Гэхдээ гэм буруутай гэдгийг нотлох баримтаар тогтоож, цаашид хэрэг үүсгэх нь зөв. Тэрнээс биш гэм буруутай гэдэг нь тогтоосон бол түүний цагдан хорих, таслан сэргийлэх хугацааг бууруулна гэж ярьж болохгүй шүү дээ.

Цагдан хорих, таслан сэргийлэх явц чинь гэм буруутай этгээдэд хамааралтай болохоос биш шударгаар бизнес эрхэлж, татвараа төлсөн хүнд огт хамаагүй.

Аж ахуйн нэгжүүд татвараас бүү зугт, хүн битгий гүтгэ. Тэгвэл хэнийг ч яах ч үгүй шүү дээ. Тухайлбал, сэтгүүлч нар хэлмэгдэх гээд байна гэдэг чинь нөгөө талаараа бид нар гүтгэнэ, гэхдээ гүтгэсэн тохиолдолд ногдох ялыг хуулиас аваад өгөөч гэж ойлгогдоод байна шүү дээ.

Монголын төр зарчимтай болох ёстой. Улс төржсөн гэмт хэргийг л шалгадаг. Гэтэл хэдэн сая ам.доллар нуун дарагдуулсан байхад зүв зүгээр байдаг шүүх, прокурортой байж болохгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:

Таны анхааруулж, сануулж хэлж байгаа зүйлтэй санал нэг байна. Уг хуулийн төслийн үзэл баримтлал нь аль болох хүний эрхийн баталгааг хангах, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэн нэгнийг гэм буруутайд тооцохгүй байх тал дээр анхаарсан.

Гэмт хэрэг үйлдсэн бол үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон ялыг авах ёстой.

Тэгэхгүйгээр асуудалд хөнгөн хуумгай хандаж, гэмт хэрэг үйлдсэн хүнд хэт хөнгөн ял ногдуулдаг болчих юм бол тэр хэмжээгээр гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилсан сэргийлэх ажилд саад тотгор болно. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа