2017.02.10

Ж.Бат-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж Монголын компаниудад арилжих ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр болон Монросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. 

Бид хууль, эрх зүйт нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Гэтэл хууль сахиулах байдал алга боллоо. Сошиал ертөнцөөр хүчтэй тархаж байгаа үзэл бодол бол УИХ-ын 76 гишүүн луйварчид гэж байна. Энэ бүхэн нь бид хуулийн дагуу ажиллахгүй байгаагийн илрэл шүү дээ. Тийм учраас л хулгайч, луйварчнаар нь дуудаад байгаа юм. Өнгөрсөн Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн нь үнэн шүү дээ.

Угтаа бол Ростех компаниас ирүүлсэн захидалд үндэслэн Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн дагуу УИХ-аас шийдвэр гаргуулах ёстой байсан. Үндсэн хууль хийгээд бусад маш олон хуулийг зөрчсөн шүү дээ. Төрийн албан хаагчид ч тэр, улс төрчид ч тэр хуулиа баримталж ажилламаар байна.

Хамгийн тодорхой, яалт ч үгүй асуудал бол Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахдаа хууль зөрчсөн шүү дээ. Ард түмний баялгийг УИХ-аар шийдүүлэлгүй, доод түвшиндээ хуйвалдаж хийсэн хэрэг мөнөөс мөн.

Миний хувьд Засгийн газрын 330 дугаар тогтоолын бүхэлд нь хүчингүй болгоё гэсэн санал дэвшүүлсэн боловч ажлын хэсэг тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болгох санал оруулж ирсэн байна. Ямартай ч Засгийн газрын 330 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зөв.

Хувийн хэвшлийн хөрөнгийг булааж, дээрэмдэж байна гээд байх юм. Өмнө нь ОХУ-ын өмч байсан. Хуулийн дагуу зарлаа, танайх авах уу гэж асууж, худалдан авсан бол хуулийн дагуу бидний өмч болж байгаа юм. Энэ тохиолдолд өмчөө яах вэ гэдгийг шийдэх ёстой. Шаардлагатай бол ард түмнээсээ асуух ёстой. Монголын төр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан тохиолдолд цаашид яах вэ?

Тогтоолын төсөлд “Улсын үйлдвэрийн статустайгаар буюу Хөрөнгийн биржээр дамжуулан шийдэх” гэсэн өгүүлбэрийг оруулбал яасан юм гэдэг саналтай байна. Монголын маш олон компанийн Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг эзэмших сонирхолтой байгаа.