Энхтүвшин.Ө Нямдорж.Ц Энхбаяр.Б 2017.02.10 | Сайт: Vip76.mn

Ө.Энхтүвшин: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил авсныг буруутгаад байгаа юм биш. Хамгийн гол нь...

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Эрдэнэт үйлдвэр ХХК болон Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Энэ асуудлаар бид их удаан ярилаа. 7 сар орчим ярьж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан талынхан ямар ч хуулийн зөрчил байхгүй гэдэг. УИХ-аас гарсан ажлын хэсэг хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргажээ.

Ажлын хэсгийн дүгнэлтийг харахад Үндсэн хууль, Компанийн тухай, Засгийн газрын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай гээд хэд, хэдэн хуулийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр шиг том асуудлыг Засгийн газар зайлшгүй УИХ-тай зөвшилцөж, хэлэлцүүлэх ёстой. Учир нь УИХ бол төрийн өмчийг ард түмний өмнөөс өмчлөгч. Өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлж буй газар.

Бид ажлын хэсгийн дүгнэлттэй санал нэг байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд худалдан авах боломж олгосон өмнөх Засгийн газар өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдсэн гэдэг.

Үнэхээр Засгийн газрын хүрээнд ямар хууль дүрэм журмыг үндэслэн 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан юм бэ? УИХ-тай зөвшилцөж, хэлэлцүүлэлгүйгээр Засгийн газар дангаараа шийднэ гэсэн хуулийн заалт бий юу?

Банкны тухай хуульд өөрийн хөрөнгийн тодорхой хувиас хэтэрсэн зээл олгож болохгүй гэж заасан байдаг. Гэтэл Худалдаа хөгжлийн банк хэд хэдэн компанид зээл олгож, тэр мөнгөөрөө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан байгаа юм. Худалдаа хөгжлийн банкнаас олгосон нийт зээл нь өөрийн хөрөнгийнх нь хэдэн хувьтай тэнцэх вэ?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшил авсныг буруутгаад байгаа юм биш. Хамгийн гол нь талууд хууль зөрчсөн, үгсэн хуйвалдсан бөгөөд гол буруутан нь өмнөх Засгийн газрын удирдлагууд гэж үзэж байна. Тэд хариуцлага хүлээх ёстой.

УИХ Эрдэнэт үйлдвэр мэтийн том асуудлыг хэлэлцэн батлахгүй юм бол яг юу хийх юм бэ? Энэ бол ард түмний хувьд амин чухал асуудал. Хууль зөрчсөн үйлдлийг ярихгүй юм бол хууль биелүүл гэж хэнээс шаардах болж байна?

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж:

Ч.Сайханбилэгийн Засгийн газар уг олон улсын гэрээг хүлээн зөвшөөрч, соёрхон баталсан гэрээг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг УИХ-д танилцуул гэж одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад үүрэг өгсөн.

Зүй нь анхнаасаа Ростех компаниас манай Засгийн газарт ийм, ийм шаардлага тавьж байна, цаашид уг олон улсын гэрээг хүчин төгөлдөр мөрдөх эсэх, Засгийн газар худалдан авах давуу эрхээ ашиглах уу, үгүй юу гэдгээ УИХ-аар хэлэлцэн, батлуулж байж асуудал нэг мөр шийдэгдэх ёстой байсан.

Тухайн үед Засгийн газрын хуралдааны үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хуулийн мэргэжилтнүүд бүгд уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, уг олон улсын гэрээг хүчингүй болгох тухай УИХ-тай зөвшилцөх хэрэгтэй гэж хэлсэн нь протоколд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тиймээс Ч.Сайханбилэгийн Засгийн газар уг асуудлыг УИХ-аар оруулах нь зөв байсан гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн.

Чуулган завсарласан байсан гэж тайлбарладаг. Чуулган завсарласан нь олон улсын гэрээг дур мэдэн хүчингүй болгох үндэслэл болохгүй шүү дээ.

Худалдаа хөгжлийн банкнаас 60-70 сая ам.долларын зээл хэд хэдэн удаа олгосон байсныг гайхаж байсан. Гэтэл Банкны тухай хуульд зааснаар бол нэг зээлдэгч олгох зээлийн хэмжээ нь тухайн банкны өөрийн хөрөнгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг.

Тиймээс уг хуулийн заалтыг зөрчөөгүй болж харагдахын тулд байхгүй шахуу компанид зээл олгож, тэр компаниуд авсан зээлээ Монголын зэс корпорацид шилжүүлж, маргааш нь Ростех компанид шилжсэн байдаг. Энэ 400 сая ам.долларын 300 сая нь яг энэ мэтээр босгосон мөнгөн.

Зээл авсан компаниуд нь Эрдэнэбилэгийн компани эсвэл түүний удирдлага дор байдаг Худалдаа хөгжлийн банкны ажилтнуудын хувийн данс байх бололцоотой.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

Нийслэлийн прокурорын газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд буцаасан юм байна шүү дээ. Би тэр бичгийг үзээгүй л дээ. Тэгвэл УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг прокурорын газар руу явуулах ёстой юм биш үү?

Олон халхлавч компаниар дамжуулан хууль бус санхүүжилт босгосныг хууль зөрчөөгүй гэж үзэх нь хэр зөв бэ? Өмнө нь яг ямар асуудлаар Нийслэлийн прокурор дүгнэлт гаргасан бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдаас Авлигатай тэмцэх газарт энэ асуудлаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх буюу авлига, албан тушаалын гэмт хэрэг шинжтэй байна, шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

Нийслэлийн прокурорын газраас 2016 оны 12 дугаар сарын 20-ны 377 дугаар тогтоол гаргаж, энэ асуудлыг гэмт хэргийн шинжгүй байна гэдэг хариултыг 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр буюу шийдвэр гарснаас хойш 27 хоногийн дараа ирүүлсэн.

Хэргийн материалтай танилцах хүсэлтээ мөрдөн байцаагч прокурорт илэрхийлэхэд байцаан шийтгэх ажиллагааны оролцогч биш учраас оролцуулахгүй гэж хэлсэн байдаг. Тиймээс Засгийн газрын дүгнэлт гарсны дараа уг асуудлыг хэлэлцэх болно. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn