Бямбацогт.С 2017.03.06 | Сайт: Vip76.mn

Энэрэнгүй Эрүүгийн хууль-2 буюу илүү зөөлрүүлсэн төсөл

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрөгч оны сүүлээр өргөн барьсан. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг 2017 оны нэгдүгээр сарын 12-нд хэлэлцэн шийдвэрлэж, улмаар анхны хэлэлцүүлгийг намрын чуулган завсарлахын өмнөх өдөр /2017.02.09/ хийсэн юм.

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Эрүүгийн хуульд 22 зүйл, заалт, хэсэг нэмж, 32 зүйл, заалт, хэсгийг өөрчлөн найруулахаар төсөлд тусгажээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Учрал, Ж.Ганбаатар, О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн нар идэвхтэй оролцож, өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасч болохгүй, ер нь энэ хууль бол төр орших уу, эс орших уу гэдгийг шийдэх төрөхөөс үхэх хүртэл хүн бүрийн амьдралын бүхий л үе шатанд хамааралтай хууль болохыг хэлсэн. Энэ үгийг яагаад хэлэх болов гэвэл хуулийн төсөлд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх” гэсэн агуулгатай 15 дугаар зүйлийг нэмж байгааг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эсэргүүцсэнтэй холбоотойгоор хийсэн хариу тайлбар юм.

Аж ахуйн нэгжүүдэд эрүүгийн хариуцлага тооцохтой холбоотойгоор хууль санаачлагч С.Бямбацогт 2015 онд батлагдсан, энэ оны 7 дугаар сараас хэрэгжих Эрүүгийн хуульд 56 зүйл заалтаар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр байсныг 36 болж цөөрүүлэн, ААН-ийн торгуулийн дээд хэмжээг 800 орчим сая төгрөг байхаар шийтгэлийг зөөлөлсөн гэж тайлбарласан.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн бол торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Тэгвэл залуу гишүүн Н.Учрал 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг “бантан” гэж тодорхойлоод гурилтай шөл болгох гэж байгаа энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих ёстой гэсэн. Тэрээр хорих ялын доод хэмжээг долоо хоног болгож, гэмт хэргийн ангиллаас авлигын гэмт хэргийг хассан гэх зэргээр Эрүүгийн хуулийг яагаад бантан гэж тодорхойлсноо тайлбарлалаа. 2016 оны 12 дугаар сарын 26-нд өргөн мэдүүлсэн төсөлд Авлигын гэмт хэрэг гэсэн зүйл, заалтыг “Хахууль авах” гэж өөрчилсөн бололтой. Мөн ялын доод хэмжээг тусгаж өгчээ.

Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.

Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. 

Хахууль өгөхийг шаардсан, авсан, хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн бол нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, торгоно, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж төсөлд тусгажээ.

Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авсан, зохиомол хомсдол бий болгох замаар бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн, төрийн өмчийн, төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсны улмаас хохирол учруулсан этээдүүдийг хуулийн гадна үлдээхгүй байхаар төсөлд тусгасан байна.

Эдгээр үндэслэлээр гэм буруутай нь тогтоогдвол нийтийн албанд ажиллах, сонгогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, торгоно эсхүл 1-5 жил зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жил хорих ял гурвын аль нэгээр шийтгэх юм. Учруулсан хохирол нь их хэмжээнийх бол 2-8 жил хүртэл хорино гэж заажээ.

Ер нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрх хасах, торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн санкциудыг сонголттой хэрэглэж болохоор байгаа нь хуулийн төслөөс тодорхой харж болно. Энэ нь нэг талаас уян хатан боловч нөгөө талаас шүүгч үзэмжээрээ хандах болзошгүйг зарим гишүүн сануулж байгааг хууль санаачлагч анхаарах нь зөв болов уу.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн тухайд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тун болгоомжтой хандах хэрэгтэйг хэлсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийг маш яаруу сандруу, цөөн хүний бүрэлдэхүүнтэй баталж байсан бол энэ удаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-аас гарсан ажлын хэсэг мэргэжлийн хүмүүстэй нягт хамтран ажиллаж, чамбай хууль гаргах ёстой гэлээ.

Тэрээр төсөлд тусгасан нийтэд тустай хөдөлмөрийг ямар нөхцөлтэйгээр, хэнээр, хэдий хугацаагаар хийлгэхээ сайтар бодолцох ёстой бөгөөд ажилгүй хүнд төр ажил олгож байгаа мэтээр хандаж болохгүй гэсэн юм. Мөн хуулийн төсөлд малын хулгайн талаар оруулсан зүйл, заалт ялгамжтай байгааг хэлээд хулгай л бол хулгай гэдгийг анхаарууллаа.

Бусдын малыг хулгайлсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл, ингэхдээ олон тооны мал хулгайлсан бол 2-8 жил, малын хулгайг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хорих ял шийтгэнэ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ арай өөр байр суурьтай байна. Тэрээр Эрүүгийн хуулийг чангатгах нь зүйтэй, тэр дундаа иргэдийг хохироосон этгээдэд хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй гэлээ. Түүний энэхүү байр суурьтай холбогдуулан хуулийн төсөлд орсон зарим зүйл заалтыг цохон тэмдэглэе.

Хуулийн төсөлд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ гэж заажээ. Ингэхдээ нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар, нийт 240-720 цагаар тогтооно. Үүнд өсвөр насны хүн нийтэд тустай ажлыг өдөрт 3-аас дээшгүй цагаар, нийт 120-360 цаг хийнэ гэж заасан байна.

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.

Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй,  гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина. Хэрэв хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө, зөрчсөн бол хорих ялыг биечлэн эдлүүлнэ гэж хуулийн төсөлд заажээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бусдын амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан хүн хэдэн жил хорих ял шийтгүүлсний эцэст суллагддаг. Хорих ял шийтгэлээ гээд хохирогчид учирсан хохирлыг барагдууллаа гэсэн үг биш. Тиймээс хохирлыг барагдуулах тал дээр шинэ зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Үүний хариуд хууль санаачлагч хуулийн төсөлд иргэнд учруулсан хохирлоо барагдуулсан бол ялыг хөнгөрүүлэх тухай тусгасан байгаа гэлээ.

Шүүх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хохирол нөхөн төлөх хугацааг тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно. 

2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа өмнө нь зөрчил гэж тооцож байсныг эрүүгийн гэмт хэрэгт тооцсон таван зүйл бий. Ер нь Эрүүгийн хуулийн хэрэгжилттэй зэрэгцэн Зөрчлийн тухай хуулийг шинэчлэхээр ярьж байгаа. Үүнтэй холбоотойгоор зөрчил байсныг эрүүгийн гэмт хэрэгт тооцох, эрүүгийн гэмт хэрэгт тооцож байсныг зөрчил гэж үзэх хэд хэдэн зүйл байна. Үүнд,

- Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээгээр хамгаалагдсан бүтээлийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан

- Барааны тэмдэг, эсхүл газар зүйн заалтыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан

- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчиж бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсэн бол торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уг хуулийн төсөл нь шоронжуулсан агуулгатай хуулийг зөөлрүүлсэн гэж үзэж байгаагаа хууль санаачлагч болон бусад гишүүдэд хандан хэлсэн. Үнэхээр ч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хайртай дотны хүнээ хамгаалахаар аргагүй хамгаалалт хэрэглэсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бол түүнд ногдуулах ялыг харьцангуй зөөлрүүлжээ. Үүнд,

- Өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

- Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

- Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүх хүүхдийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.

- Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, эсхүл хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэргийг илрүүлэхэд бодитой тусалсан хамтран ажиллах гэрчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.

- Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй,  гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.

- Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

- Баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд эмч, эмнэлгийн ажилтнуудад хүндхэн туслаа, бид хэзээ ч хүний эрүүл мэнд, амь насыг санаатай хохироодоггүй, биднийг алуурчинтай адилтгаж үзлээ хэмээн эсэргүүцэж, ажил хаялт хүртэл өрнүүлж байсан. Тэгвэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд эрүүл мэндийн салбарт хамааралтай ямар заалтууд туссан бол?

Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж, торгоно, эсхүл 720 хүртэл цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл  зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

- Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг авсан бол 1-5 жил хүртэл, хүний эд, эрхтнийг авсан бол 2-8 жил хүртэл хугацаагаар хорих бөгөөд энэ гэмт хэргийг хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдал, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2015 онд батлагдаж, 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх Эрүүгийн хуульд 25 хуудас бүхий, уг хуулийн 40 орчим хувьд нэмэлт, өөрчлөлт оруулахуйц төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Дөрөвдүгээр сард хуралдах хаврын ээлжит чуулганаар эцэслэн батлагдах уг хуулийн төсөл аливаа этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, ончоо олсон сайн хууль гаргавал ойрын хэдэн жилдээ тогтвортой хэрэгжих боломжтой юм.

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn