Бямбацогт.С 2017.03.07 | ХМА: Яам

С.Бямбацогт: Эмэгтэйчүүд маань эрчүүдээс хоёр дахин илүү ачаа үүрдэг

С.Бямбацогт: Эмэгтэйчүүд маань эрчүүдээс хоёр дахин илүү ачаа үүрдэг
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт

Хууль зүй, дотоод хэргийн салбарын 600 гаруй эмэгтэйчүүд оролцсон “Эмэгтэйчүүд эрхийн манаанд” чуулга уулзалт өнөөдөр Хууль сахиулах их сургуулийн Соёлын төвд боллоо.

Энэхүү арга хэмжээг нээж, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монголчууд бид эртнээс нааш эмэгтэй хүнийг хүндлэх, эх хүнийг эрхэмлэн дээдлэх үзэл сургаалаар хүмүүжиж, үйлс заяагаа тэгшилж ирсэн түүхтэй. Алдрай үрсээ, амраг ханиа, уугуул түмнээ, улс гэрээ гэсэн бүсгүйчүүд та бүхний маань ухааны цараа, уужим сэтгэлийн үрээр айл бүрийн дээвэр дор аз жаргал бялхаж, агуу Монголын минь заяа өнөд өөдлөн дэвжиж байдаг билээ.

Хоёр мянганаар тоологдох хосгүй үнэт төрт ёс, түүхэн уламжлалаа аваад үзсэн ч, анхдугаар Үндсэн хуулиас өгсүүлээд ардчилсан Үндсэн хуулиа сөхөж харсан ч эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангах, тэдний нийгмийн баталгааг дээшлүүлэх асуудал монгол төрийн эн тэргүүний бодлого байсаар ирсэн билээ. Эмэгтэйчүүд маань эрчүүдээс хоёр дахин илүү ачаа үүрдэг. Ажил үүргийнхээ хажуугаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, ар гэрээ айлын дайтай айл шиг авч явах хүндхэн бөгөөд хариуцлагатай, цалин хөлсгүй хэрнээ цаг наргүй их ажил тэдэнд маань оногддог.  

Эмэгтэйчүүдийнхээ ачааг хөнгөлөх, асуудлаас хуваалцах явдал эн тэргүүний зорилт байх учиртай. Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн баталгааг бүрдүүлж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эдэлдэг бүхий л эрхийн манаанд зогсдог билээ”  гэв.

“Эмэгтэйчүүд энхийн манаанд” чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан оролцож, хууль зүй, дотоод хэргийн салбарт хүчин зүтгэж буй эмэгтэйчүүддээ хандаж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ үеэр салбарын нэр бүхий ажилтан, албан хаагчдад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт шагнал гардуулсан юм.