З.Нарантуяа С.Одонтуяа М.Батчимэг Д.Эрдэнэбат 2017.03.07

“Эмэгтэйчүүд ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Эмэгтэйчүүд ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, Эмэгтэйчүүд-Манлайлал сантай хамтран “Эмэгтэйчүүд ба улс төр” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллалаа.

Уулзалтаар Ардчилсан нам шинэчлэлийнхээ хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах, тэдний улс төрийн манлайлалыг хэрхэн хөгжүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлс алдагдаж, авлига, ядуурал өсөн нэмэгдэх хандлагатай болж буй энэхүү үйл явдлын эсрэг эмэгтэйчүүд хэрхэн ажиллах зэрэг олон сэдвийг хөндөж ярив.

Мөн ардчилал, хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, нийгмийн хамгаалалын асуудалд эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлалыг нэмэгдүүлэх талаар улс төрд орох хүсэл, потенциалтай эмэгтэйүүдийг дэмжих, тэдний хувьд анхаарах зүйлс, сургамж, туршлагын тухай хэлэлцүүлгийн итлгэгчид танилцууллаа.

Уулзалтын эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үг хэлэв.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилийн парламент хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд жинтэй шийдвэр гаргаж ирсэн нь эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байсантай холбоотой гэдгийг цохон тэмдэглэлээ. Гэхдээ энэ эрхүүд тууштай хангагдаж чадахгүй байгаа бөгөөд сүүлийн үед хүний эрхийг зөрчиж, хуулийн дарангуйллын хэлбэрээр асуудлыг шийдэх гэсэн оролдлого, иргэдийн сонгох эрх чөлөөнд халдах гэсэн оролдлого нэлээд түгээмэл ажиглагдаж байгаа тул эмэгтэйчүүд анхаарлаа хандуулж, идэвхитэй ажиллаж, нийгэмд дуу хоолой нь болж, хүчтэй ажиллах шаардлага тулгарч байна гэдгийг мөн онцоллоо.

УИХ-ын гишүүн, энэхүү уулзалтыг санаачлагч УИХ-ын гишүүн З.Нарантуяа

“Эмэгтэйчүүд ба улс төрийн манлайлал”- өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, цаашдын алсын хараа, зорилгыг тодорхойлох сэдвээр илтгэлээ танилцуулав. 

Монголын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа

УИХ дахь эмэгтэй гишүүд хүний эрхийг хангах, хүүхдийн эрхийг хангах асуудал дээр нийгмийн дуу хоолой болж чадахгүй байгаа тул Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ чиглэлээр томоохон хэвлэлийн хурал зохион байгуулахаар болж буйгаа мэдэгдлээ.

Харин УИХ-ын гишүүн асан М.Батчимэг

“Ардчилсан нам бол бидний хамтын гэр. Намаа зөв шинэчилж авч явах нь маш том тулгамдсан асуудал. Нам зөв явахгүйгээр бид улс орондоо зөв шинэчлэл авчирч чадахгүй. Ардчилсан нам бусдыгаа уриалж, маш том шинэчлэл эхлүүлж чадсан. Түрүүлж зарчмын том алхмууд хийж чадсан гэдгээрээ Монголын улс төрд дараагийн шинэ салхийг хагалж чадсан. Цашдаа зөв явахын тулд намын дүрэм зөв боловсрогдох ёстой. Хэн нэг хэсэг бүлэгт биш, нийт гишүүддээ үйлчилдэг дүрэм болох юм бол бодитой шинэчлэл болно. Энд эмэгтэйчүүд идэвхитэй оролцож дуу хоолойгоо гаргаж явах шаардлагатай гэдгийг хэлж байсан юм.

Уулзалтад оролцсон төлөөлөгчид эмэгтэйчүүд нийгэмд тулгамдаж буй асуудлуудын тухай ойр ойрхон ярилцаж, санал бодлоо хуваалцаж шийдвэр гаргаж байх нь зөв гэдгийг онцолж байсан юм.