Амгаланбаатар.Х 2017.03.10 | Сайт: МҮЭХ-ны албан ёсны сайт

Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Монгол Улсын эдийн засгийг хямралаас гаргах зорилгоор Олон Улсын Валютын Сантай хамтарч Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үед иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээнд зарим талаар дарамт бэрхшээл учруулж болзошгүй байгаа нь МҮЭ-ийн бүх шатны байгууллагын санааг түгшээж байна.

Ийм нөхцөлд МҮЭ-ийн холбооноос Ерөнхий зөвлөлийн хурлыг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр яаралтай зарлан хуралдуулж, дээрх асуудлыг тал бүрээс нь авч хэлэлцээд Монгол Улсын Их Хуралд дараах Мэдэгдлийг хүргүүлж байна.

Үүнд:

1.Улсын Их Хурлаар 2017 оны улсын төсөвт тодотгол хийж Нийгмийн даатгалын сан, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчим баримтлах. 

2.Төсвийн зарлагыг оновчтой болгохын тулд төрийн захиргааны бүх шатны байгууллагын болон төсөвт байгууллагуудын зайлшгүй бус удирдлагын орон тоо, зардлыг бууруулах арга хэмжээг нэн тэргүүнд авах.

3.Хөтөлбөр хэрэгжүүлэх явцад гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд төрийн захиргааны болон төсвийн бүх шатны байгууллага, албан тушаалтны хууль биелүүлж хэрэгжүүлэх үүрэг, хариуцлагын байдалд тавих Улсын Их Хурлын хяналтыг эрс чангатгах.
Хөдөлмөрчдөөс ирүүлсэн асуудлуудыг хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Дээрх асуудлуудыг шуурхай хэлэлцэн нааштай шийдвэрлэхгүй бол нийгэмд тогтворгүй байдал үүсч болзошгүй байгааг мэдэгдэе.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.

МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
IX ХУРАЛ