Х.Нямбаатар: Казиног орлогын эх үүсвэр гэж харах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАР
2017.03.10

Х.Нямбаатар: Казиног орлогын эх үүсвэр гэж харах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.НЯМБААТАРТАЙ ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулганаар Эрүү болон Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулахаар байгаа. Эдгээр хуулийн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд тухайлсан ямар өөрчлөлт оруулах талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцдэг хууль эрх зүйн орчныг үндсэнд нь шинэчилж байгаа. Тухайлбал, Зөрчлийн тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг цогцоор нь шинэчлэн батлахаар байна. Ингэснээр ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Мөн үүнийг дагаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ч шинэчлэн батлах юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн эсрэг чиглэсэн, нийгэмд аюултай эрх зүйн зөрчил, гэмт хэргүүдээс алийг нь зөрчил, алийг нь гэмт хэрэгт тооцох, ямар ял шийтгэл ногдуулах зэргээр эрх зүйн орчныг бүхэлд нь шинэчилнэ гэсэн үг.

1998 онд УИХ- аас эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр баталснаар 2002 онд дээр дурдсан хуулиудыг цогцоор нь шинэчилж байсан юм. Үүнээс хойш даруй 15 жилийн хугацаа ө^гөрсөн байна. Энэ утгаараа өмнөх парламентын үед эхлүүлсэн шинэчлэлийн ажлыг төрийн үйл ажиллагааны залгамж болгож, илүү боловсронгуй болгох, амьдралд ойртуулах чиглэлээр тодорхой ажлуудыг Засгийн газраас хийгээд УИХ-д өргөн барьсан. Ингэснээр намрын чуулганаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ. Хаврын чуулган эхэлмэгц хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах учиртай. Үүнийг хэрэгжүүлдэг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ч хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон.

-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн өөрчлөлтийн тухайд?

-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар эрх бүхий байгууллагад гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл очсон цагаас эхлэн ял шийтгэл эдлүүлж дуусах процессыг бүхэлд нь зохицуулдаг. Эрүүгийн хуулийн тодорхой төрлийн гэмт хэргийг алийг нь цагдаа, тагнуул, АТГ хариуцаж шалгах вэ. Ямар байгууллагууд нь гүйцэтгэх ажил явуулах, эрүүгийн байцаан шийтгэх болон хойшлуулшгүй ажиллагааг ямар шат дараатай явуулах гэх зэргээр нарийвчилсан.

Ер нь хүний эрхэд халддаг нарийн харилцааг энэ хуулиар зохицуулах учиртай. Тиймээс прокурор, шүүхийн байгууллага байцаан шийтгэх ажиллагааны аль хэсэгт нь оролцох вэ гэх мэт нарийвчилсан харилцааг дээрх хуулиудаар зохицуулах юм. Эдгээр хуулийн ажлын хэсэг чуулганы завсарлагааны үеэр хуралдаж байна. Ингэж байж бид зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж чуулганаар хэлэлцүүлэхэд хялбар болгох юм.

Харин зөрчлийн харилцаанд цоо шинээр Зөрчлийн хууль гэж кодекс хийж байна. Өмнө нь хуучин социалист эрх зүйн тогтолцооны үед АИХ-ын тэргүүлэгчдийн 111, 112 дугаар тогтоол болон бусад холбогдох тогтоолоор зөрчилтэй холбогдох харилцааг зохицуулдаг байсан. Хэрвээ иргэд санаж байгаа бол танхай ах нарыг 111 рүү явууллаа гэх нэр томьёо дуулддаг байсан.

Харин хожим Захиргааны хариуцлагын тухай хуулиар зөрчлийн зарим харилцааг зохицуулаад үлдсэнийг нь салбарын хуулиар зохицуулж ирсэн. Одоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийт 240 гаруй төрлийн зөрчлийг нэгтгэж, 27 эрх бүхий албан тушаалтан, зөрчил гаргагч этгээдэд зөрчлийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн шинэ харилцааг үүсгэх юм. Энэ нь эрх зүйн эерэг талыг авчрах талтай. Өөрөөр хэлбэл, эрх зүйн зөрчил, давхардал, хийдлийг арилгахаараа давуу.

Өмнө нь дээрх харилцааг нэгтгэн зохицуулж байгаагүй учраас хүний эрхийн зөрчил, дутагдал гарч байсныг үгүйсгэхгүй. Тийм учраас ажлын хэсгийнхэн маань завсарлагааны хугацаанд сайн ажиллаж, салбар бүрийн хэлэлцүүлэг зохион байгуулж байж ард нь гарна гэж бодож байгаа. Ер нь маш товчхондоо энэ бол жижгэрүүлсэн Эрүүгийн хууль шүү дээ. Нийгмийн хор аюулаараа харьцангуй бага бол зөрчил, эсрэгээрээ хор аюул нь их бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг учиртай.

Харин зөрчил гэдэг тодорхойлолтыг агуулсан, түүнд ногдуулах шийтгэлийн төрөл хэмжээг тодорхойлсон  Зөрчлийн хуультай зэрэгцээд зөрчлийн дуудлага мэдээлэл эрх бүхий байгууллагад очиж, хянан шийдвэрлэх хүртэлх бүх процессыг зохицуулсан Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг давхар хэлэлцэх шатандаа явж байна.

Ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Бид чуулганы завсарлагааны үеэр хуралдаж, хэлэлцүүлэг хийж, салбарынхантай ярилцаж эхлээд байна. Ер нь бид чуулганы чөлөөт цагт хэдий чинээ сайн ажиллана, хаврын чуулганаар эдгээр хуулийг хэлэлцэхэд төдий чинээ хялбар байх юм. Цаашлаад ирэх долоодугаар сарын 1-нээс эрх зүйн шинэтгэлээ бүрэн эхлүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа.

-Эрүүгийн хуульд зарим төрлийн гэмт хэргийн ялыг нэлээд хүндрүүлсэн байна гээд байгаа. Тухайлбал, ямар зүйл, заалтаар ингэж хүндрүүлсэн юм бол. Ингэх ямар шалтгаан байгаа юм бэ?

-Ер нь Эрүүгийн хуулийн ял шийтгэлийн бодлогын хувьд нэлээд зөөлөрсөн. 2002 оны Эрүүгийн хуулийг “шоронжсон” гэх мэтээр нэрлэж ирсэн. Тухайн үед ял шийтгэлийн бодлогыг чангаруулахаас ч өөр аргагүй байсан. 1990 оноос хойшхи нийгмийн шилжилт хөдөлгөөний явцадбүх зүйл өөрчлөгдсөн, өмчлөх эрхийн талаарх гэмт хэрэг их гарч байлаа. Шүүгч нар ялын дээд, доод хязгаар хол байх тохиолдолд субьектив шийдвэр гаргах орчин нөхцөл бүрдэж байна гэж олон улсын байгууллагууд одоо ч зөвлөмж хүргүүлж байна.

Үүний дагуу 2002 оны хуулийг гаргаж байсан. Энэ хууль өнөөдрийг хүртэл үүргээ гүйцэтгэж байна. Одоогийн Эрүүгийн хуулиар шүүгч нар эрх зүйн ухамсар, дотоод итгэлээрээ онч мэргэн шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, сонгох санкц ихтэй буюу бараг зүйл заалт бүрт боломжийг бий болгосон. Жишээлбэл, зарим төрлийн /1-5 хүртэлх жилийн ялтай/ хэрэгт хорих ял ногдуулах эрхийг тухайн шүүгчид өгсөн байх жишээтэй. Нэг ёсондоо шүүгч нарыг маш шударга ажиллахыг л шаардаж байгаа. Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэлийн бодлого харьцангуй хатуурч байгаа.

Жишээлбэл, одоо таван жилээр шийтгэж байгаа бол шинэ хуулиар найм болгох гэх мэт. Гэхдээ нөгөө талаасаа мөн л сонгох санкцыг ихээр оруулсан. Миний хувьд анх энэ хуулийг оруулж ирэхэд нэг зүйл дээр санал нийлээгүй нь анхнаасаа шинэчилсэн найруулга хэлбэрээр оруулж ирсэн бол илүү зохимжтой байсан. Учир нь, бүх зүйл, заалтыг хөндөх боломж бүрддэг. Гэхдээ засаг боломжийнхоо хэрээр асуудлыг хөндөж оруулж ирсэн. Ажлын хэсэг дахиад ажиллаж, зарчмын өөрчлөлт хийсэн. Харин авлигын хэрэгт торгуулиар шийтгэдэг байх нь зохимжгүй гэж би хувьдаа үздэг.

Яагаад гэвэл, өөрийн албан тушаалын давуу байдлаа ашиглаж, өмчлөх эрхийг бий болгож байгаа хүнд ногдуулах шийтгэл нь торгуулийн ял байж болохгүй. Нэг ёсондоо хулгай хийсэн хүнд торгуулийн ял ногдуулахтай агаар нэг асуудал шүү дээ. Ер нь Эрүүгийн хуулийг батлаад хатуу мөрддөггүй. Өөрөөр хэлбэл, яг амьдрал дээр мөрдөөд эхлэхээр зарим алдаа дутагдал гарч ирдэг учраас цаг хугацааны явцад засч сайржуулаад явах нь зүйтэй байдаг. Үүний тулд л байнгын үйл ажиллагаатай парламент байгаа юм шүү дээ.

-Намрын чуулганыг та хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд болсон учраас гаргах шийдвэрүүд олны анхааралд байлаа л даа?

-УИХ-ын гишүүн болоод анхны чуулгандаа ажиллалаа. Намрын чуулган хаврынхаас харьцангуй урт үргэлжилдэг. Энэ удаагийн чуулганаар УИХ өмнөө . тавьсан ихэнх зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн. Хамгийн нэгдүгээрт, эдийн засгийн хямралыг зогсоох, гэтлэн давах үндсэн төлөвлөгөөгөө баталлаа. Цаашлаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх талын шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа. Хоёрдугаарт, өмнөх парламентын үед эхлүүлсэн эрх зүйн шинэтгэлийг төрийн үйл ажиллагааны залгамж чанарын дагуу үргэлжлүүллээ.

Төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг бүхий л байгууллагатай холбогдсон хууль тогтоомжийн эрх зүйн шинэтгэлийг энэ намрын чуулганаар бүрэн хэрэгжүүлсэн. Тухайлбал, Батлан хамгаалах салбарын төрөлжсөн хуулиас гадна гамшгаас хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын хууль, хилийн болон дотоодын цэрэг, цагдаагийн хууль тогтоомжийг баталж гаргалаа. Үндсэндээ хууль хүчний байгууллагуудын дотоод бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэгтэй холбогдсон хууль тогтоомжийг бүхэлд нь батлан гаргаж амжилттай ажилласан.

Дээрээс нь МАН-ын 65 гишүүнтэй энэ парламентын үед товлосон чуулган ирц хүрээгүйн улмаас нэг ч удаа хойшлоогүй. Өөрөөр хэлбэл, чуулган бүрийг товлосон цагтаа эхлүүлж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцлээ. Сүүлийн дөрвөн жилд гараагүй амжилт, ахиц гэж хэлж болно. Энэ бол байнгын үйл ажиллагаатай парламентад байвал зохих нэг шалгуур шүү дээ. Түүнчлэн энэ удаагийн намрын чуулганы ололт, дэвшилттэй тал нь парламентат ёс төлөвшсөн сүүлийн 26 жилийн хугацаанд УИХ-аас Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо.

1999 онд Сэргээн босголт банкийг тухайн үеийн Голомт банктай нэгтгэсэн Засгийн газрын тогтоолыг УИХ хүчингүй болгож байсан юм. Хоёр дахь нь Засгийн газрын 2016 оны 330 дугаар тоггоолыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр УИХ хүчингүй болголоо. Энэ бол парламентын засаглал манай улс оронд хэрэгждэг гэдгийг харуулсан жишээ болж чадсан. Цаашид ч парламентат ёсны төлөвшил төдийгүй гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хууль зөрчилгүй явуулахад томоохон дохио өгсөн шийдвэр болж чадсаныг тодотгоё.

-Таны хувьд хэд хэдэн чухал хуулийн ажлын хэсэгт багтаж ажилласан байх. Ер нь намрын чуулганы хугацаанд хичнээн хуулийн ажлын хэсэгт багтаж ажиллав?

-Миний хувьд Оффшорын тухай болон Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ажлын хэсгийг ахалж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Одоо Казиногийн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байна. Ер нь байнгын хороонд орж ирсэн ихэнх хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Ингэх ч учиртай. Бид байнгын үйл ажиллагаатай парламентад мэргэшиж ажиллахгүй бол парламентын засаглалын маань утга алдагдана шүү дээ. Тиймээс аль болох олон ажлын хэсэгт орж ажиллах ёстой гэж боддог. Өөрөөр хэлбэл, бид хуучин гишүүдээ бодвол илүү олон цагаар л хөдөлмөрлөх учиртай гэж боддог.

-Таны дурдсанчлан энэ намрын чуулганаар цөөнгүй хуулийг баталсан. Тэр дундаа нийгмийн халамж талдаа нэлээд олон шийдвэр гаргалаа. Гэтэл нөгөө талдаа эдийн засаг хүндрэлтэй үед эдийн засагт анхаарсангүй, тэгсэн атлаа халамжаар угждаг тогтолцоог сэргээх гээд байна гэж шүүмжлээд байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Цалинтай ээж, малчдын тэтгэвэр, насны хишиг гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүл гэж байна. Яг эдийн засаг хүнд үед халамжийн олон хөтөлбөр хэрэгжүүлэх нь зохимжгүй гэдэгтэй би санал нийлдэг. ОУВС-тай хамтарч байгаа нөхцөлд ч бүгдийг нь хэрэгжүүлээд явахад хүндрэлтэй нь ойлгомжтой, Гэхдээ өнөөдрийн хүнд цаг үед, ялангуяа Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө залуу халуун насаа зориулсан ахмадуудад төр хүндлэл, хишгээ тодорхой хугацаатай хүртээх ёстой гэж ойлгож байгаа.

-Хаврын чуулганаар Казиногийн хуулийг хэлэлцэнэ.Таны хувьд ажлын хэсэгт нь багтсан. Энэ хуулийг батлан гаргах зайлшгүй шалтгаан нь юу юм бэ. Жишээлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед тодорхой дэмжлэг болно гэдэг үүднээс оруулж ирсэн гэж ойлгож байгаа?

-Миний хувьд оруулж ирснээс нь арай өөр үзэл баримтлалтай байгаа. Тухайлбал, олон цэг, салбарт гаднын казиногийн сүлжээг оруулж ирэх нь зөв гэж бодож байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн оролцоогүй ч хатуу хяналттай, Сингапур маягийн гэсэн үг л дээ. Төр зөвхөн тусгай зөвшөөрлөө өгдөг. Жишээлбэл, манай Улаанбаатар хотод "Шангрила" гээд том сүлжээ зочид буудал байгуулагдчихлаа. Цаашлаад “Холидэй” “Токио” 'Хилтон''-ы сүлжээ ч ороод ирэх байх. Харин эдгээр зочид буудалд бууж буй зочдын хувьд дандаа эдийн засгийн боломжтой хүмүүс байдаг.

Өөрөөр хэлбэл, тэр хүмүүсийг хилээр орж ирснээс нь авахуулаад валютыг нь сааж торгоох газар олон л байх хэрэгтэй. Ингэхгүйгээр хэн хэнээ хардаад л, казино бол гэмт хэргийн үүр уурхай гэдэг байдлаар хандаад байж болохгүй. Хамгийн гол нь орлого олж ирэх эх үүсвэр гэж харах ёстой юм. Дээрээс нь Замын- Үүд, Алтанбулагийн боомтод Орос, Хятадаас орж ирэх жуулчдаас валют оруулж ирдэг урсгалыг л бий болгомоор байгаа юм. Ер нь эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг дэмжсэн л нэг бодлого гэж ойлгох хэрэгтэй.

-Монгол иргэдийг оруулах эсэх тухайд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тодорхой хязгаартайгаар монгол иргэдийг оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа. Намайг ингэж хэллээ гээд олон хүний хардлага сэрдлэг ирэх байх. Монголчуудаа казинод живүүлэх гэж байна ч гэж хэлж болох юм. Гэхдээ Монголын маш олон иргэн Сингапур, Солонгос, Макао зэрэг газарт очиж тоглодог “армитай” болчихсон шүү дээ. Тэр нөхөд мөнгөө гадагш нь урсгахаас илүү дотооддоо шингээх ёстой биз дээ.

Өөрөөр хэлбэл, казиногоор дамжин орж ирсэн мөнгө эргээд Монголын эдийн засагт дэмжлэг болно шүү дээ. Үүний тулд тоглох гэж байгаа хүмүүсийг “мембер шиптэй" болгох хэрэгтэй. 10-20 мянгын карттай хүмүүс нь казиногоор үйлчлүүлдэг байх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл бусад хүн казинод орж мөнгөө үрэх асуудал үүсэхгүй гэж харж байгаа.

-Одоо боловсруулж байгаа хуульд ямар зохицуулалттай байгаа юм бэ?

-Цөөхөн хэдэн цэгт казино нээе, ингэхдээ монгол иргэдийг огт оруулахгүй байя гэдэг зохицуулалттай.

-Чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажил амжуулж байна вэ?

-Тойрогтоо уулзалт хийж байна. Мөн сар шинээр ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ, Дээрээс нь дээр дурдсанчлан цөөнгүй хуулийн ажлын хэсгийг ахалж байгаа учраас завсарлагааны хугацаанд маш завгүй ажиллаж байна,