Батсуурь.Ж Батсайхан.Х 2017.03.13 | ХМА: Яам

БСШУС-ын сайд ХААИСС-д ажиллалаа

БСШУС-ын сайд ХААИСС-д ажиллалаа
БСШУС-ын сайд Ж.Батсуурь

БСШУС-ын сайд Ж.Батсуурь тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2017.03.10/ ХААИС-ийн багш, судлаач, оюутан залуусын төлөөлөлтэй уулзан санал солилцож, тэдний судалгааны ажлын үр дүнтэй танилцан, шинээр нээгдэж буй лабораторийн нээлтэд оролцлоо.  

ХААИС-ийн захирал Т.Хэрүүга сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулсаны дараа тэрээр Монгол улсын Засгийн газраас боловсролын талаар баримталж буй бодлого, чиглэлийг танилцуулж, багш, оюутны сонирхсон асуултад хариулсан юм.

Үүний дараа БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ХААИС-ийн Инженер технологийн  сургуульд суурилуулагдсан сургалт, судалгааны лабораторийн нээлтэд оролцлоо. Тус сургуулийн механик инженерийн тэнхимд судалгааны долоон чиглэлийн лабораторийн 21 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэж буй юм.

Тухайлбал, шингэн болон металль үйлдвэрлэх процессийн бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмж бүхий Биомехатроникийн лаборатори, материалын микро болон макро бүтэц, хатуулгыг тодорхойлох Металын механик шинжийн лаборатори, тосны тослог чанар, үрэлт элэгдлийг тодорхойлох Трибиологийн лаборатори, бүх төрлийн материал, мал, амьтны болон байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний  химийн найрлагыг 70 төрлөөр тодорхойлох ICP лаборатори, орчин үеийн дотоод шаталтын хөдөлгүүрийн /CRD/ төлөв бүх үзүүлэлтийг тодорхойлохсуурин төхөөрөмж юм.

Мөн ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдваргүй өвчин судлалын тэнхимд ЖАЙКА-олон улсын байгууллагын санхүүжилтээр орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эм зүй, эмийн үлдэгдлийн лаборатори байгуулагдлаа. 

Тухайлбал, хамгийн сүүлийн үеийн өндөр ялгах чадвартай шингэний хроматографийн багаж (Мал, амьтны гаралтай түүхий эдэд эмийн үлдэгдэл тогтоох, эмийн найрлага тодорхойлох, эмийн ургамлын биологийн идэвхит бодисыг тодорхойлох), эм судлалын суурь шинжилгээнд өргөн хэрэглэгддэг лабораторийн амьтны цусны даралт, зүрхний цахилгаан бичлэг, гэдэсний агшилт зэргийг хэмждэг төхөөрөмж, эсийн түвшинд ДНХ болон РНХ-г тодорхойлох багаж суурилуулагдаа.

Ингэснээр Монгол Улсын зах зээлд борлуулж, хүнсэнд хэрэглэж байгаа /сум, орон нутаг/ мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд агуулагдах төрөл бүрийн эмийн үлдэгдэл ялангуяа антибиотик, паразитын эсрэг эмүүдийн үлдэгдлийн хэмжээг тодорхойлох, Монгол улсын экспорт, импортын малын эмэнд шинжилгээ хийх, Эмийн ургамалд агуулагдах биологийн идэвхит бодисыг ялгах, эмчилгээний идэвхийг тогтоох, Эм зүй, эм судлалын чиглэлийн суурь судалгаа явуулах боломж бүрдэж буй юм.

БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ үеэр  тус сургуулийн оюутан залууст хандан хэлсэн үгэндээ “Хүн хаана амьдрахдаа биш, яаж амьдрах нь илүү чухал. Тиймээс мэргэжлээ сайн эзэмшин, хүн төрөлхтөний мөнхийн хэрэгцээ болсон хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, мал сүргээ эрүүлжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллахыг хүслээ. Мөн ирээдүйн фермерийн эзэд болохыг ерөөе ” гэв.

Монгол Улсын ууган сургуулийн нэг ХААИС нь 1958 онд байгуулагдсан. Өдгөө бүрэлдэхүүний зургаан сургууль, харьяа эрдэм шинжилгээний 4 хүрээлэн, туршилт үйлдвэрлэлийн 10 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт 413 багш ажиллаж, 10 323 оюутан суралцаж буй юм.

Тус сургууль Дээд боловсролын шинэчлэл, “Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль” болох зорилгын хүрээнд суралцагч бүр судлаач, бүтээлч байх; профессор багш бүр мэдлэгийн менежер байх; судлаач, профессор бүр судалгаанд суурилсан, мэдлэгт түшиглэсэн өндөр технологийн эзэн байх стратегийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадаадын болон дотоодын төсөл, хөтөлбөр, сургуулийн дотоод нөөц боломжийн хүрээнд сургалт, судалгааны 30 лаборатори шинээр байгуулж, судалгааны орчноо шинэчилжээ.