Х.Нямбаатар 2017.03.13 | Сонин: Үндэсний Шуудан

Х.Нямбаатар: 240 орчим хуулиар зохицуулж байгаа асуудлыг нэг хуульд нэгтгэсэн

Х.Нямбаатар: 240 орчим хуулиар зохицуулж байгаа асуудлыг нэг хуульд нэгтгэсэн
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Уулзвар дээр гэрлэн дохио зөрчих, олон нийтийн дунд тамхи татах зэргийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар зөрчил гэж үздэг. Энэ утгаараа бидний алхам тутамд тохиолддог асуудлуудыг зохицуулах маш өргөн хүрээтэй хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн бөгөөд ирэх хаврын чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Уг хуулийн төсөлд гудамж талбайд шүлсээ хаясан үйлдэлд 10 мянган төгрөгөөр торгох тэргүүтэй шинэлэг заалтууд багтсан. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд орж буй талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодрууллаа. Тэрбээр Зөрчлийн тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж байгаа юм.

-Зөрчлийг бие даасан хуулиар зохицуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байгаа. Зөрчлийн тухай хуулийн онцлог юу вэ?

-Монгол Улсын эрх зүйн тогтолцооны түүхэнд зөрчлийг бие даан зохицуулсан хууль байгаагүй. 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаад, дараа жил нь захиргааны хариуцлагын тухай хуулиар нийтээр тогтоосон журмыг зөрчсөн зөрчлүүдэд  хариуцлага хүлээлгэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зөрчлийг бие хуулиар зохицуулалгүй 24 жил явж ирлээ. Монгол Улс байнгын үйл ажиллагаатай парламенттай болсноос хойш 240 орчим хуулиар дүрэм, журам тоггоосон байдаг.

Тэдгээр баримт бичгээр тухайн харилцаанд оролцохдоо баримтлах горимыг тогтоосон. Тодруулбал, Эмийн, Барилгын, Боловсролын тухай гэх мэт 240 орчим хуулиар Монгол Улс дахь нийгмийн бүхий л харилцааг журамласан юм. Эдгээрийг зөрчсөн зөрчлүүдэд хүлээлгэх хариуцлагыг тухайн хуулиар нь зохицуулж ирсэн.

Одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй Зөрчлийн тухай хууль батласан тохиолдолд тэдгээр хуулиар хариуцлага хүлээлгэхгүй. Хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар нэгтгэн зохицуулна. Нийтдээ 240 орчим хуулийг дагаж гарсан 600 гаруй журам, дээр нь заавал биелүүлэх шинж чанартай 2000 гаруй стандарт шаардлагыг зөрчсөн үйлдлийг бүхэлд нь үүнд хамааруулна гэсэн үг.

-Зөрчлийг гэмт хэрэгтэй андууран ойлгох тохиолдол их байдаг. Хуулийн төсөлд зөрчлийг тодорхойлсон бэ?

-Зөрчлийг хууль, захиргааны актаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэж тодорхойлж байгаа.

-Хуулийн төсөлд зөрчил гаргасан этгээдэд ямар төрлийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан бол?

-Зөрчилд хүлээлгэх хариуцлага нь торгох, баривчлах гэсэн үндсэн хоёр төрөлтэй байгаа. Мөн тодорхой төрлийн зөрчилд тусгайлан олгосон эрх хасч болно. Эрх хасах шийтгэлийг түгээмэл байдлаар нь жолоочийн эрх хасах гэж ойлгодог. Гэхдээ олон төрлийн харилцаанд тусгайлан олгосон эрх байна.

Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэх мэт төрөөс олгодог бүхий тусгай эрхийг Зөрчлийн хуулиар түдгэлзүүлэх боломжтой. Энэ мэтээр тухайн салбарын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлөөс шалтгаалаад нэг бүрчлэн зохицуулан өгч байгаа.

-Нэг хуулиар 240 орчим хуулийг дагаж мөрдөгдөж буй 600 гаруй журам, 2000 гаруй стандарт шаардлагыг зохицуулах нь учир дутагдалтай болохгүй юу. Хуулийн цоорхой талаасаа?

-Энэ хуулийг өмнөх парламент баталсан. Бидний зүгээс засан сайжруулж, бусад хууль, тогтоомжуудтай уялдуулахыг зорьж байна. Нэмж 15 хууль дахь захиргааны журам зөрчих асуудлыг оруулж байгаа. Дутагдалтай юу, үгүй юү гэдгийг дүгнэхэд хэцүү. Энэ хуулийн төсөлд дээр олон салбарын эрдэмтэд ажиллаж байгаа. Энэ талаасаа бусад хуультай зөрчилдөхгүй байх давуу талтай гэж харж байна.

Хэрэгжилтийн хувьд амьдрал үйлчилж эхэлсэн цагт үр дүн нь харагдана. Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл хэрэгжихэд хүндрэл гарахгүй. Эрх зүйн хэм хэмжээний актыг инкорпораци, кодификаци, консолидаци гэдэг гурван үндсэн аргаар системчилдэг. Бидний хувьд кодификацийн аргаар 240 хууль дахь зөрчилд хүлээлгэх хариуцлагыг төрөлжүүлэн нэгтгэсэн.

-Уг хуулиар зөрчилд оногдуулдаг торгууль, шийтгэлийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа юу?

-Иргэдийн амьдралд хамгийн их тохиолддог согтуугаар нийтийн хэв журам зөрчиж танхайрах, замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэх мэт зөрчилд хүлээлгэх хариуцлагын хэлбэрийг одоогийнхоос сулруулахгүй байхаар зорьж байгаа. Торгууль шийтгэлийн хэмжээний хэвээрээ тусч байгаа гэж ойлгож болно. Мөн хяналт шалгалт хийж буй албан тушаалтнууд хуучнаараа хариуцлага, шийтгэлээ оногдуулна. Харин нэг шинэлэг зүйл нь тодорхой төрлийн зөрчил үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэлийг интервал багатай байхаар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар гэрлэн дохио зөрчсөн тохиолдолд 19200 төгрөгөөр торгож байгаа. Энэ зарчмыг хэвээр нь авч үлдээд, цахимаар торгоно. Ингэснээр замын цагдаатай найраа хийнэ гэдэг ойлголт багасна гэж үзсэн. Бусад төрлийн зөрчлүүдийг энэ байдлаар зохицуулж байгаа. Гэхдээ зарим зөрчилд хэв шинжээс нь хамааран тодорхой заалтаар зохицуулахаар төсөлд тусгасан.