Баттулга.Х 2017.03.15 | Сонин: Өдрийн сонин

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Х.Баттулга нэрээ дэвшүүлжээ

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Х.Баттулга нэрээ дэвшүүлжээ
Х.Баттулга /Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч/

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгчийн сонгуульд долоон хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр мэдэгджээ.

МҮОХ-ны чуулганыг дөрвөн жил тутамд зуны олимпийн наадам зохион байгуулагдсаны дараа жилийн эхний улиралд багтаан хуралдуулах дүрмийнхээ дагуу энэ сарын 24-нд ээлжит чуулганаа хуралдуулахаар товлоод байгаа юм.

Гүйцэтгэх зөвлөлийг МҮОХ-ны чуулганаар 11 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгодог. Үүнд: Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч 2, ОУОХ-ны гишүүн болон хүндэт гишүүн, Монгол Улсын иргэн, Тамирчдын комиссоос сонгогдсон тамирчны төлөөлөл нэг хүн, олимпийн чуулганаас сонгогдсон 6 хүн багтдаг.

МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг танилцуулахад, Я.Батсуурь /Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч/, Ц.Бат-Энх /Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/, Ч.Бат-Эрдэнэ /Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/, Д.Загдсүрэн /одоогийн ерөнхийлөгч, Хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч/, Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/, Э.Мөнх-Очир /Буудлага спортын холбооны ерөнхийлөгч/, Л.Халтар /Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч/ нар нэрээ дэвшүүлжээ.

Харин МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Х.Баттулга /Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч/, Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/, Ц.Дамдин /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/, Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/, Ч.Отгонбаатар /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/, Ж.Хатанбаатар /Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч/ нар нэрээ дэвшүүлсэн байна.

Энэ удаагийн олимпийн чуулганд нийт 167 гишүүн оролцох бөгөөд тэд МҮОХ-ны гишүүн байгууллага, холбоод, олимпийн зөвлөлийн зүтгэлтэн, тамирчид байх юм. Тухайлбал, Олимпийн төрлийн спорт холбоод - 32 /тус бүр 3 төлөөлөгч/, Олимпийн бус төрлийн спорт холбоод – 36, Олимпийн зөвлөл – 29, ОУОХ-ны гишүүн – 1, Тамирчдын төлөөлөл – 2 /Олимпийн аварга/ хүн гэсэн төлөөлөл багтжээ.

МҮОХ-ны чуулганаар Мандатын комиссын илтгэлийг хэлэлцэн баталснаар МҮОХ-ны Чуулганы төлөөлөгчид МҮОХ-ны гишүүнээр тооцогдож, бүрэн эрх нь нээгдэнэ. Гишүүний эрх дараагийн чуулган хүртэл хадгалагдана. Чуулганаар МҮОХ-ны сонгуульт хугацааны тайлан, МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн сонгуульт хугацааны тайланг тус тус хэлэлцэж, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгууль, Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгуулдаг.

Дашрамд сонирхуулахад, Олимпийн чуулган өмнө нь 1990, 1995, 1999, 2004, 2008, 2012 онд хуралдаж байсан түүхтэй. МҮОХ-ны ерөнхийлөгчид:

1. Элдэв-Очирын Дарьсүрэн 1956 оны 3-р сараас 8-р сар хүртэл

2. Жамъянгийн Лхагвасүрэн 1956-1959

3. Довчингийн Ядамсүрэн 1959-1964

4. Намжилын Норолхоо 1964-1969

5. Шагдаржавын Магван 1969-1978

6. Гомбын Дамдин 1978-1984

7. Даваагийн Дашдондов 1984-1989

8. Галсангийн Дашзэвэг 1989-1990

9. Сосорбарамын Болд 1990-1993

10. Самдандоржийн Жамц 1993-1995

11. Шагдарын Отгонбилэг 1995-2001

12. Дэмчигжавын Загдсүрэн 2001 оноос ажиллаж байна.