Ё.Баатарбилэг 2017.03.15 | Сонин: Үндэсний Шуудан

Ё.Баатарбилэг: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах бол шаардлагуудыг нь биелүүлэх учиртай

Ё.Баатарбилэг: ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах бол шаардлагуудыг нь биелүүлэх учиртай
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Таныг тойргоороо яваад ирсэн гэж сонссон. Архангай аймгаар өвөлжилт ямар байна. Иргэд УИХ-ын намрын чуулганы талаар юу хэлж байв?

-Чуулганы  завсарлагаанаар тойрогтоо очиж аймгийн төв, сумуудаар явж иргэдтэй уулзалт хийлээ. Нэгдсэн том уулзалтуудаас гадна хөдөөгүүр явж малчдын өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцсан. Сар шинэ болсонтой холбогдуулан УИХ- ын гишүүний хувьд тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, Засгийн газрын шагналууд гардуулах гэх мэт олон чиглэлтэй явлаа. Манай аймгийн хувьд зарим суманд хүндэрсэн боловч өвөлжилт харьцангуй гайгүй байлаа. Малын хорогдол бага, малчдын сэтгэл санаа сайхан байна лээ. Намрын чуулганаар олон хууль баталсан шүү дээ.

Түүн дотроо Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж “насны хишиг” олгохоор болсон. Мөн малчны тэтгэврийн насыг наашлуулах болон малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх боломжтой болгосон. Бага, дунд орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг бууруулсан гэх мэтээр нийгмийн шинжтэй хуулиудыг баталсан. сайшааж УИХ-аас олон түмний хүлээж байсан зөв зүйтэй шийдвэрүүдийг гаргалаа” гэж байсан. Өнөөдөр малчид маань УИХ, Засгийн газар болон нийслэлд болж байгаа гол үйл явдлуудыг цаг тухай бүрт нь мэддэг бодчихсон.

Тиймээс нэлээд мэдээлэл сайтай угтдаг. Орон нутгийн хувьд тулгамдсан олон асуудал бий. Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор орон нутагт ажлын байр хомс байна. Ажилгүйдлийг дагасан ядуурал гэх мэт асуудал хэвээрээ байгаа. Үүн дээр цаашид төр засгаас ямар арга хэмжээ авах талаар иргэд сонирхохоос гадна улс орны эдийн засаг хүнд байдалд орсон өнөөгийн нөхцөлд хэрхэн энэ байдлаас гарах, олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдах явц аль шатандаа байгааг асууж, санал солилцож байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тойргийнхоо иргэдтэй эргэх холбоотой ажиллаж байсан болохоор мэдээллийн зөрүү багатай, харилцан ойлголт сайн яваад ирсэн.

-Сөрөг хүчний зүгээс эдийн засаг хүнд үед намрын чуулганаар халамжийн шинжтэй хууль олныг гаргалаа гэдэг шүүмжлэл хэлж байгаа?

-Халамж гэдэг төрийн нэг үүрэг л дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, орлого багатай өрхүүд гээд халамж шаардлагатай хэсгээ төр халамжлах үүрэгтэй. Үүний бодлого зохицуулалт, менежмент нь зөв байх нь гол асуудал юм. Иргэд, аж ахуйн нэгжүүдээс авч байгаа татвараар л халамжийн бодлого хэрэгжиж байгаа болохоор түүнийг хэрхэн зөв зохистой зарцуулж байгаа нь чухал. Сөрөг хүчний зүгээс шүүмжлэл хэлж байна.

Гэхдээ тэдний засгийн эрх барьж байх үед явуулсан халамжийн бодлого үр дүнтэй байсан уу гэдэг нь орон нутагт очиход харагддаг. Өрхийн амьжиргааны төвшин тогтоож байгаа гээд хавтгайруулсан халамжийн бодлого явуулсан атлаа шаардлагатай айл өрхүүдийг бүгдийг нь хамарч байсан уу гэвэл тийм биш.

Суманд байгаа иргэд хэн халамж авдаг вэ, тэр хүнд халамж үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бүгд андахгүй мэднэ шүү дээ. Адилхан хөдөлмөрийн насны, хувиараа хөдөлмөр хийгээд амьдралаа аваад явж байгаа хоёр айлын нэг нь халамжид орчихсон байх жишээтэй. Ийм алдаа гарсан мөртлөө нөгөө талдаа үнэхээр халамж шаардлагатай иргэд хамрагдаагүй тохиолдлууд бий. Нам, улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлаж халамж зайлшгүй авах ёстой айл өрхийг халамжаас хассан тохиолдол нэлээд гарсан байна.

Надад энэ талаар маш их өргөдөл, хүсэлтүүд ирж байгаа. Өнөөдөр төрөөс орон нутагт бүх иргэдийг ажлын байраар хангаж, амьжиргааг нь дэмжих боломж тэр болгон байхгүй байна. Орон нутагт ажлын байр хомс байгаа ийм үед халамж шаардлагатай хэсэгт хандсан цогц бодлогыг төрөөс зайлшгүй явуулах хэрэгтэй байгаа юм. Хамгийн гол нь зөв менежмент, зохион байгуулалттайгаар халамжийн бодлогыг явуулах нь зүйтэй. Тэр чиглэл рүү өнгөрсөн намрын чуулганаар хуулиуд гарсан.

-Нөгөө талаар УИХ-д орон нутгаас сонгогдсон гишүүд дийлэнх байдаг болохоор малчид руу хандсан халамжийн шинжтэй хууль илүү олныг гаргаж байна гэдэг?

-Малчид гэдэг бараг Монгол Улсын хүн амын маань тал хувь шүү дээ. Бид Үндсэн хуульдаа мал төрийн хамгаалалтад байна гээд тусгачихсан мөртлөө малчдынхаа асуудлыг орхигдуулсаар ирсэн. Тэгээд сонгууль болгоноор малчдын саналыг авахаар гоё зүйлс ярьдаг. Ер нь бол малчид төрөөс хамгийн бага нийгмийн асуудал нэхдэг хүмүүс юм. Ажлын байр нэхдэггүй, өөр өөрсдийгөө болгоод, амьдралаа аваад явж байгаа хүмүүс.

Бусад салбарт ажиллаж байгаа хүмүүсийг бодвол нийгмийн асуудал нь төрд хамгийн бага ачаа болдог. Дээр нь жилийн дөрвөн улиралд гадаа хүнд нөхцөлд ажиллаж амьдарч, Монгол Улсын 1.5 сая км хавтгай дөрвөлжин газар нутгийг эзэнтэй байлгадаг улсууд шүү дээ. Ингэж манай улсын эдийн засгийн үндсэн суурь болсон хөдөө аж ахуйн салбарыг авч явж байна. Тиймээс төр зайлшгүй анхаарч энэ хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шийдээд явахаас өөр арга байхгүй.

Малчид маань XXI зуунд нийгэмтэйгээ хөл нийлүүлж алхах хэрэгтэй. Энэ орчин нөхцөлийг нь төр бүрдүүлж өгөх үүрэгтэй. Дээр нь малчид маань эрүүл саруул, урт удаан  амьдрах Үндсэн хуульд заасан бусдын  адил эрхтэй. Тэр эрхийг нь төр хангах ёстой юм. Иймээс төр иргэний эрх, үүргийг зохицуулсан хуулиуд гарсан  гэж ойлгож болно. Түүнээс биш малчин  гэдгээр нь ялгаад онцгойлж илүү халамж өгөөд байгаа зүйл байхгүй шүү дээ.

-Өнгөрсөн намрын чуулганаар халамжийн шинжтэй хуулиуд баталсан ч одоо ОУВС-гийн өгч буй шаардлагуудыг харахад буцаад танагдах юм биш үү?

-Аливаа нам сонгуульд ялбал дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг зорино. МАН сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийг батлахдаа чиглэл болгосон. Татварыг бууруулах, нэмэхгүй байх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, ахмад настны тэтгэмж олгох, хүүхдийн мөнгийг бүгдэд нь олгохоос эхлээд халамжийн чиглэлийн тодорхой хуулиудыг баталсан нь мөрийн хөтөлбөрийн зорилтууд юм.

Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахаас эхлээд бүр парламент бүрдээд ажиллаж эхэлсэн хойно ч улс орныг ийм хүнд байдалд орсон гэдэг бүх мэдээлэл бидэнд тодорхой биш байлаа шүү дээ. Ард иргэдэд ч тодорхой биш байсан. Тухайн үед эрх барьж байсан нөхдүүд бүгд бүх зүйл сайхан байгаа, Монгол Улс өргүй гэж тайлагнаж, танилцуулж байсан. Тэгээд Засгийн газар ажлаа хүлээж автал асар хүнд нөхцөлд оруулчихсан байлаа. Тийм нөхцөлд 2017 оны төсвийг батлахдаа хэтэрхий цамаан биш, тэгэхдээ бас ард иргэд рүүгээ чиглэсэн татвар, халамжийн бодлоготой төсвийг багалсан.

Сая ОУВС тодорхой шаардлагуудыг тавьсан юм билээ. Засгийн газар ч түүнийг нь хүлээж авахаас өөр аргагүй нөхцөл үүссэн байдал ажиглацгааж байгаа. Тодорхой төрлийн тухайлбал, архи, тамхи болон тансаг хэрэглээний татваруудыг нэмэх, хадгаламжийн хүүгийн орлогыг татвартай болгох асуудал тавьсан байна. Мөн төрийн байгууллагуудын бүтэц орон тоог цомхотгох, оновчтой болгох, үйл ажиллагааг нь сайжруулах зэрэг тодорхой шаардлагууд тавигдсан байгаа Нэгэнт ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болоод явж байгаагаас хойш тэр шаардлагуудыг хүлээж авахаас өөр аргагүй.

Олон түмэн ч улс орон хүнд байдалд орсон байгаа бол тэр шаардлагуудыг нь хүлээж аваад явахаас өөр аргагүй юм байна даа гэдэг ойлголттой болсон байх шиг байна. Нөгөө талаар иргэдийн хувьд улс орныг ийм хүнд байдалд оруулсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх юм гэж асууж байсан. Хариуцлагыг зөвхөн албан тушаалтнууд ажил хариуцсан хүмүүстэйгээ ярьдаг байсан бол өнөөдөр иргэд хариуцлага нэхдэг болж эхэлсэн нь сайн.

-Хариуцлага тооцно гэхээр МАН төрийн эрх авангуутаа АН-ын үед ажил хийж байсан хүмүүсийг намнах гэж байна гэх байх даа?

-Хэрвээ улстөржүүлбэл тэгнэ. Гэхдээ өмнө нь эрх барьж байсан нөхдүүдийн буруутай үйл ажиллагаанаас болоод улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд байдалд орсныг иргэд хараад ойлгодог болсон. Ажил хүлээж авсан Засгийн газар ч бүх баримтыг нь гаргаж тавиад байна шүү дээ. Тухаин үед хууль зөрчиж байсан үйлдлүүд нь байна. Гэтэл улстөржихгүй гээд хууль зөрчсөн асуудалтай эвлэрээд явах уу.

Тэгвэл ард түмэн эд нар дээгүүрээ хуйвалдаад явчихдаг юм байна гэнэ шүү дээ. Бид ганцхан өмнөх эрх баригчидгай хариуцлага ярих гээд байгаа юм биш. Манай нам, Засгийн газар уцирдлагын хариуцлагынт тогтолцоог бүх шатандаа чангатгаж өндөржүүл, албан тушаал хашиж байгаа хүмүүс ямар нэгэн алдаа дутагдал гаргах юм бол хариуцлагаа хүлээдэг бол, үүн дээр ямар нэг нам, улс төр гэдэг юм байхгүй шүү” гэж ярьж байгаа. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд оруулахаар өргөн барьсан. Би энэ хуулийн Ажлын хэсэгт орсон. Уг хуульд мөн хариуцлагын тогтолцоог нарийн оруулж өгсөн.

-Төрийн албаны тухай хуулийн  шинэчилсэн найруулгаар хүнийг ажлаас халах бараг боломжгүй болгож байгаа юм шиг байсан. МАН- ынхан өөрсдийнхөө хүмүүсийг бүгдийг нь төрийн албанд зохих газруудад оруулчихаар дараа нь хэрвээ АН ялбал халах солих боломжгүй болгож байна гэх хардлага бий?

-Ийм хуулийг МАН, АН аль нь ч байсан эрх барьж байгаа хүчин хийхээс өөр арга байхгүй. Энэ өөрөө нийгмийн захиалга юм. Нэг нам нь гарч ирэхээрээ л хоморголон халж байна гэж шүүмжилдэг биз дээ. Тэгвэл түүнийг нь л болиулъя гэж байгаа юм. Мөн төрийн албан хаагчдыг улс төрөөс хол байлгах зорилготой. Нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга мөртлөө улс төрийн аливаа нэг нам хүчний хурал, цуглаан, зөвлөгөөнд оролцоод явж байдаг зүйл байна. Төрийн албан хаагчид сонгуулиар аль нэг талыг нь дэмжээд сурталчилгаанд нь яваад байдаг явдал бий.

Түүнчлэн улс төрийн албан тушаалтнуудтайгаа төрийн албан хаагч нь улс төрийн үүднээс сөргөлдөж муудалцаад эсвэл дагаж намирч давхиад байдаг. Үүнийг болиулна. Улс төрийн албан тушаал нь маш тодорхой байгаа. Тэр нь ирээд улс төрийнхөө ажлыг хийж байгаад л явдаг бай гэж байгаа юм. Харин төрийн алба нь шатлан дэвших зарчмаараа ажилладаг болгоно. Ингэвэл төрийн алба тогтвортой ажилладаг, уламжлалаа хадгалдаг болно. Төрийн албыг тогтвортой болгоно гэдэг иргэдийн нуруун дээр асар их ачаа, хүндрэл ирэхээс сэргийлж байгаа хэрэг шүү дээ. Энэ талаас нь харахгүйгээр аливаа юмыг улстөржүүлээд байх юм бол бид урагшаа нэг ч алхахгүй.

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгад хариуцлагын тогтолцоог ч оруулж өгч байгаа. Албан хаагчийг огт халж болохгүй юм биш л дээ. Одоо нэг буруу жишиг байна. Нэг дарга хүнийг ажлаас халчихад нөгөөдөх нь гурван шатны шүүхээр хоёр жил гаруй тойрч яваад шийдвэр гаргуулаад ирдэг. Шүүхээс өнгөрсөн хугацааных нь бүх цалин хөлсийг олго гээд шийдвэр гардаг шүү дээ. Тэр мөнгө төрөөс буюу тухайн байгууллагын цалингийн “сангаас гардаг юм. Халах шийдвэр гаргасан дарга гаргадаггүй.

Харин одоо хууль дээр ямар заалт явж байгаа вэ гэхээр төрийн албан хаагчийн буруугаас иргэн хохирох юм бол буюу дарга үндэслэлгүйгээр хүнийг ажлаас халсан бол хохирлыг өөрөө төлдөг болно. Улайм цайм хууль бус шийдвэр гаргаад иргэнийг хохироосон байвал тэр дарга өөрийнхөө халааснаас хохирлыг нь барагдуулна гэсэн үг. Төрийн эрх мэдэлтэн авилга, албан тушаалын хэрэг хийж улс, нийгэмд хохирол учруулсан байвал эрүүгийн хуулиараа явна.

Захиргааны хуулиар явахгүй. Тэгэхгүй болохоор өнөөдөр яадаг вэ гэхээр нэг нөхрийг ажлаас нь халаад оронд нь хүн авчихдаг. Нөгөөх нь шүүхдэж явсаар хоёр жилийн дараа ажилдаа эргээд орох, асар их мөнгө авах шийдвэр гаргуулаад ирдэг. Тэгэнгүүт шүүхийн шийдвэр гарсан учраас мөнгийг нь өгөөд ажилд нь эргүүлж авангуутаа маргааш нь дахиад халчихдаг. Орон нутагт тийм тохиолдол их байдаг. Ингээд халчихаар дахиад эхнээсээ шүүхээр явах болно. Тэгж байтал нөгөө дөрвөн жил нь дуусдаг.

Цалингийн сан чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Ийм явдлуудыг хаасан хууль болж байгаа. Дээр нь жишээлбэл, яамны Төрийн нарийн бичгийн дарга болъё гэвэл тухайн яамандаа дор хаяж мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга гээд бүх шатлалаар дөрөв дөрвөн жилээр ажилласан байх ёстой. Сонгуулиар хэн нэгнийг дэмжиж явсан тохиолдлын нөхөр ирээд Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга болдог байдлыг байхгүй болгоно.

-Өнгөрсөн намар Сангийн яамнаас хэд хэдэн татварын өөрчлөлтүүдийг УИХ руу оруулж ирж байсан. Тэр нь өдгөө ОУВС-гийн шаардаад байгаатай ижил зүйлс байсан л даа. Тухайн үед УИХ дахь МАН бүлэг улс төрийн шийдвэр гаргаад буцааж байлаа. Одоо эргээд ОУВС-гийн шаардлага болоод ороод ирэхээр яах бол?

-Өнгөрсөн намар төсвийн тодотголоор орж ирж хойшлогдоод, 2017 оны төсөв хэлэлцэх үеэр яриад татвар нэмэхгүй гэдэг шийдвэр гарсан юм. Энэ бол МАН эдийн засаг хүнд үед аль болох ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүи гэж тухайн үедээ гаргасан шийдвэр л дээ. Мөн тухайн үед хүлээлтүүд байсан. Хятад, Орос, Энэтхэгийн гэх мэт хөнгөлөлттэй зээлүүдэд хамрагдах боломж харагдаж байлаа. Засгийн газар ч хөнгөлөлттэй зээлийн талаар нэлээд ажилласан.

Тийм болохоор Засгийн газарт ‘Та бүхэн хөнгөлөлттэй зээлээ хөөцөлд, дээр нь Эрдэнэтийнхээ асуудлыг шийд, Тавантолгойгоо хөдөлгө, та нарт боломж байна” гэдэг үүднээс МАН-ын бүлэг тийм шийдвэр гаргаж байсан. Үүнээс хойш тодорхой хугацаа өнгөрөхөд хүлээлтүүд хэрэгжих боломжгүй болсон. Олон улсын эдийн засгийн байдал, өнөөгийн манай гадаад эдийн засгийн орчин нөхцлийн байдал үнэхээр өнгөрсөн жилүүдийн бодлогын алдаанаас болж асар хүнд байна. Ийм нөхцөлд ОУВС-гийн хөтөлбөрт зайлшгүй орохоос өөр аргагүй байна гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Одоо ард түмэн ч ойлгож байгаа, манай Бүлгийн гишүүд ч өнгөрсөн хугацаанд Засгийн газрын чармайлтыг харлаа. Тэгэхээр Засгийн газраас оруулж ирж байгаа шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болж байна гэдгийг ойлгож байгаа байх гэж бодож байна. Хувь гишүүний хувьд бол нэгэнт ачаагаа үүрч байгаа Засгийн газар өөр аргагүй байна гээд хөтөлбөрт хамрагдъя гэж байхад намын Бүлэг тодорхой хэмжээнд асуудлыг нь судалж үзээд дэмжээд явах байх гэж бодож байна даа.

-Намрын чуулганы төгсгөлд хүмүүсийн анхаарлыг хамгийн их татсан асуудал Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьчлал байсан. Тэр 49 хувийг төрд авах тогтоолыг зарим нь хууль зөрчсөн үйлдэлд өгсөн зөв хариулт гэсэн. Мөн зарим нь хувийн өмчид халдлаа гэж шүүмжилж байлаа. Таны байр суурь ямар байсан бэ?

-Ажлын хэсэг байгуулагдан шалгалт хийж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Түүнээс хойш намын Бүлэг хуралдаагүй болохоор мэдээлэл байхгүй байна. Ерөнхийдөө Эрдэнэтийн асуудал дээр хууль бус байна гэдэг шийдюр УИХ-аас гарсан учраас Засгийн газар хэрэгжүүлээд явахаас өөр аргагүй болж байгаа байх. Мөн энэ шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд тодорхой хэмжээний хэлцэл, шалгалтууд явагдаж байгаа байх гэж ойлгож байгаа. Тодорхой хууль бус үйлдлүүд байгаа учраас төрд авах шийдвэр гарсан гэж ойлгосон.

Гэхдээ төрд нэгэнт авах гэж байгаа бол 49 хувийн менежментийг нь хэрхэн хийх талаар маш зөв бодпого Засгийн газар боловсруулж оруулж ирэх хэрэгтэй байх гэж харж байгаа. Мөн төрд авч байгаа нэрээр тодорхой нэг аж ахуйн нэгжийг хэлмэгдүүлж болохгүй. Тодорхой нөхөн төлбөрийн асуудал ч яригдаж байгаа юм шиг байна лээ. Мэдээлэл тодорхой болохоор аяндаа байр суурь тодорхой болно гэж ойлгож байна.

-Таныг элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг үнэгүй оруулж ирж ганцхан Архангай аймгийнхандаа тараах гэж байна гэж “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар гэдэг залуу шүүмжилж нэлээд шуугиан дэгдээж байсан. Тэр асуудал юу болж дууссан бэ?

-Ялангуяа эрүүл мэндийн асуудлыг улстөржүүлмээргүй байгаа юм. Тодорхой үнэн бодит мэдээллийг гуйвуулж нийгмийг хагаралдуулж болохгүй л дээ. Энэ чинь архангайнхны төсөл юм. Архангай аймгийн 40-65 насны элэгний “С” вирустэй ахмадуудад зориулж анхнаасаа хийсэн төсөл шүү дээ. Цаад компани нь төслийн зорилго, зорилтот бүлэг тодорхой байх ёстой гэдэг шаардлага тавьсан. Тэгээд хэрэгжээд эхлэх гэж байхад нь хэл ам гараад бараг зогсоох шахсан. Одоо хүмүүс эмээ уугаад эхэлчихсэн явж байгаа. Засгийн газар энэ төсөл хөтөлбөрийг дэмжсэнд талархаж байна.