Г.Баасан 2017.03.15 | Сонин: Улстөрийн тойм сонин

Г.Баасан: Би хуульч, Өмгөөлөгч болсон

Г.Баасан: Би хуульч, Өмгөөлөгч болсон
Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан

Энэ удаагийн “Ярилцах танхим ”-ын зочноор Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасанг урилаа.

-Ахмадуудын асуудлын элч дууч гэгддэг танаар сонин юутай байна. Ойрд та нэлээд чимээгүй болчихсон шиг санагдлаа. Ахмадуудын тулгамдсан асуудал цэгцэрчихэв үү?

-Хүмүүс намайг хэвлэлээр харагдахгүй болчихлоо, хаана юу хийж явна гэж их сураглах юм. Гэтэл би ганцаараа байнга дуугараад байж болохгүй шүү дээ. Манай монголчуудад нийтлэг нэг алдаа байна. Дуугардаг нэгнээ урдаа бариад ажлаа бүтээлгэдэг, өөрсдөө ард нь нуугдаж суугаад биеийн амрыг харах гэсэн явуургүй зантай юм. Энэ байдлаа болих хэрэгтэй. Хүнийг сордог, шимдэг паразатдаг байдлаасаа болих хэрэгтэй. Гэтэл одоогийн нийгэм бол хэд гуравхан хүн дуугардаг нийгэм биш.

Хүн болгон хөдөлмөрлөдөг, хүн болгон болохгүй байгаагаа сайхан болгох гэж зүтгэдэг, үүргээ ухамсарладаг, эрхээ эдэлдэг, хариуцлагаа хүлээдэг нийгэм. Ийм нийгэмд орсноо мэдэхгүй хэсэгхэн хүн дуугарч байх ёстой, бусад нь тэдний юу хэлж байгааг яаж тэмцэж байгааг хараад сууж байх ёстой гэж ойлгоод байх юм. Гэтэл бусдын төлөө дуугарснаараа буруутан, гэмтэн болоод туйлдаж ядардаг, цөхөрдөг. Гуравхан сая хүн сарвайж байж, сэтгэл нь өвдөж байж энэ нийгэм хөгжинө. Улс орон бат бөх оршин тогтноно.

-Та одоогоор ямар ажилд сэтгэл чилээж сууна?

-Би гавьяаныхаа амралтад гарсан. Өнгөрсөн онд. Баасан гэдэг хүнийг ард түмэн ахмадын гэдгээр нь овоглож таньдаг болсон. Уг нь би хүний эрхийн төлөө их явдаг, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн төлөө их явсан хүн. Тэр дундаа ахмадууд амьдралын асар их туршлагатай, асуудалд уул шиг бат бөх байж чаддаг, ус шиг тасралтгүй урсдаг түрэгддгыг амьдралаараа, үүрч чадсан улс бол ахмадууд юм. Олон жил би янз бүрийн асуудлыг гаргаж ирж тавихад тууштай надтай хамт явж чадсан хүмүүс ахмадууд байсан.

Тэр ч утгаараа ахмадуудынхаа олон асуудлыг шийдвэрлүүлж чадсан. Тэтгэвэр тэтгэмжийн асуудал өөр болсон, олон хүүхэдтэй ээж одонгоо зүүгээд мөнгөө авдаг болсон. Ахмад дайчид орон сууцанд ороод тэтгэлгээ авдаг болсон. Албан тушаалтан болгоны амнаас ахмадын хувь заяаны асуудлаар яриа хөндөгдөж ахмад хөгшидийнхөө асуудалд анхаарал хандуулдаг болсон. Энэ бол маш их том нөлөөллийг нийгэмд би үзүүлж чадсаныг илтгэнэ. Миний хувьд 14 жил ахмадын асуудлаар явжээ.

Ахмадуудын сэтгэл хөдлөл ямар юм, эдийн засаг нь ямар юм, ахуй амьдрал нь хэр юм, нийгмийн тухай юу бодож явдаг юм, төрийн бодлогын алдаа, оноо нь юу байгаа юм, бүр таг байхгүй нь юу байна, хүнийг буруу тийш нь сэтгэл санааг нь урвуулах ямар бодлого яригдаад байгаа юм гэдэг ч юм уу, маш олон талаас нь ахмадуудынхаа асуудлыг судаллаа. Олж харсан. Би өөрөө ахмад болчихсон. Та бас ахмад болно. Ээжээс гарсан хүн болгон хувь зохиолынхоо эрхээр ахмад настан болно. Тэгэхээр миний сүүлийн 14 жил ярьсан зүйл бол өнөө маргаашийн асуудал биш хүн бүрийн насан туршийнх амь нас, эрүүл мэндийнх нь баталгаа байсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

Манай байгууллага 2016 оны аравдугаар сарын 26-ныг хүртэл улсын төсвийн хөрөнгийг аваад ахмадын ажлыг тасралтгүй хийсэн. Төрийн бодлогод ахмадын асуудлыг оруулах гэж зүтгэсэн. Тэр ч утгаараа сая сар шинийн баярын өмнөхөн хуультай боллоо. 205 мянган ахмад хуулиа гар дээрээ авч уншаад үзээд болж байгаа үгүйн тухай саналаа 190 гаруй мянга нь захидлаар илэрхийллээ. Үүний үндсэн дээр бид санаа оноогоо нэгтгээд ахмадын хуулийг шинэчлэх процесс тасралтгүй явагдаад сар шинийн өмнөхөн батлагдлаа.

Энэ шинэ хууль өмнөх хуулиасаа нэлээд шат ахьсан сайн хууль болж чадсан гэж миний хувьд үзэж байгаа. Гэхдээ монголын ахмадуудын эрх ашиг, төрөөс авч байгаа хайр халамжийн багтаамж олон улсын ахмадуудын эдэдж байгаа эрх, ахуй орчны хэмжээнд хараахан хүрч чадаагүй. Олон зүйлээр дутагдалтай яваа. Ахмадуудынхаа орчин нөхцөлийг яаж хэрхэн сайжруулах вэ, дэлхий дээр насжилт идэвхтэй явагдаж байна.

1992 оноос өмнөх насжилтын дундаж ихээхэн өндөр болсон. Дахиад ч хөгшрөлт явагдана. Тэгэхээр ахмад хүнийг нийгэмд хэрэггүй гэх эгнээ рүү түлхэдэг байдлаа орхиод ахмадууд бол нийгмийн гол байр суурь гэдэг үзэл рүү орох гээд дэлхий дахинаараа энэ асуудлыг хөнддөг болсон байгааг ярих нь зүйтэй. Тэгэхээр энэ бүлгийн болохгүйг яриад суугаад байх нь гол биш. Болж бүтэх, бүтээх гарц шийдлийг нь яривал илүү өгөөжтэй,

-Ахмадууд хууль эрх зүйн орчинтой нийгэмд амьдрах нь ээ. Хууль батлагдсан нь юугаараа сайн зүйл боллоо гэж үзэж байна вэ?

-Жишээ нь хуулийнхаа дагуу надад ямар эрх байгаа юм, эрхээ эдэлье гээд явахаар хуулийнх нь орчин надад бүрдэж байгаа юм. Өнөөдөр эрх нь зөрчигдсөн ахмад хүн байлаа гэхэд хуулийхаа дагуу заргалдах эрх үүсэж байна. Мөн энэ хууль дээр хиймэл эрхтэн протез хийлгэх, авах хугацааг таван жил байсныг гурван жил болгосон. Хиймэл эрхтэн хийлгээд гаргасан мөнгийг нөхөн өгдөг байсныг шууд өгүүлдэг болгосон. Өөрөөр хэлбэл хиймэл эд эрхтэн, протез хийлгэлээ газар дээр нь мөнгөө авдаг болгосон.

Зургаа долоон шатны гарын үсгийг арилгасан. Олон улсын хэмжээнд монголын ахмадууд ийм орчин нөхцөлд эрх үүрэг нь ийм хэмжээнд байна гээд дөрвөн төрлийн конвенцид элссэн байсан. Үүн дотроос хамгийн хэрэгтэй нь болох ахмад настан баталгаатай эдлэх таван эрх гэж байдаг. Орон байраар хангагдах, зөв зохистой хоол идэх, хөдөлмөрийн байраар хангагдах, нэр төрөө хамгаалуулах, алдагдсан боломж чадвараа нөхөн сэргээлгэх, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, оролцуулах, нийгмийн халамж үйлчилгээг зохих шатандаа авах гэх мэтийг өмнөх хуульд оруулаагүй байсан. Эдгээрийг оруулж өгснөөрөө энэ шинэ хууль шат ахисан. Зайлшгүй халамж авах ёстой ахмад гэж байна.

Тэр улсуудаа хуульдаа оруулж өгсөн. Удахгүй энэ хуулийг яаж хэрэгжүүлэх тухай нь арав гаруй төрлийн журам гарах гэж байна. Тэгэхээр энэ журмын дагуу энэ хуулийн энэ заалт нь хэрэгжих гэж байна гэдэг нөхцөл нь бүрдэх гэж байна. Хуультай болчихлоо. Хамгийн гол зүйл ахмадуудад хуулийнхаа талаар мэдээлэл алга. Тэгэхээр хуулийг таниулах, ойлгуулах, хэрэглүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих процесс явагддаггүй. Энэ л маш ноцтой.

Тэгэхээр ахмадын байгууллагуудын том үүрэг бол энэ шинэ хуулиа таниулах, ойлгуулах, мэдүүлэх, хэрэглүүлэх ажлыг хийх ёстой гэж харж байгаа. Ялангуяа манай улс Европын орнуудыг бодвол тархай бутархай, өргөн уудам нутагтай учраас яаж хүнд нь хуулиа хүргэх вэ гэдэг нь нэн тэргүүний асуудал байдаг. Ийм хууль гарчээ Дорж гуай гэж хэлэх нэг өөр. Энэ хуулийг ингэж хэрэглэх юм аа Дорж гуай гэж хэлэх бас нэг өөр. Дорж гуай өнөөх хуулийг хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг нь ахиад л өөр асуудал. Ингээд бодохоор бидэнд хийх ажил маш их байна гэсэн үг.

-Улс орон маш олон жилийн эдийн засгийн буруу бодлого, үрэлгэн байдлаас болж хямралын горийг амсаж байна. Төрийн бодлог о ахмадуудад зарим талаараа хүндхэн тусах нь ойлгомжтой. Тэгэхээр ахмадууд төрийн аливаа шийдвэрийн өмнө сэтгэлээ бэлэн байлгаасай гэж хэлж сануулах зүйл бий болов уу?

-Төр эдийн засгийн хямралд орлоо, бүс чангалах тухай ярьж байна. Уучлаарай, Монгол Улс эдийн засгийн хямралд орох ямар боломжгүй, Бид гуравхан сая хүнтэй, Малынх нь тоо толгой 50-60 сая. Нэг хүнд ногдох малынхаа тоо толгойгоор дэлхийд тэргүүлнэ. Мал гэдэг тэр чигээрээ баялаг, Баас нь хүртэл түлш. Өнөөдөр монголчууд газар шорооныхоо ¼ ийг ухчихлаа. Тэгвэл энэ их уул уурхайн баялаг хаачив. Хаашаа оров. Ийм байгаа тохиолдолд төр ард түмнийг бүсээ чангал гэж хэлэх эрх байхгүй.

Харин ийм их баялагтай, ийм их газар тариалан, мал аж ахуй, газар доор баялагтай, газар нутагтай байж гурван сая хүндээ баялгийн тэгш хуваарилалт хийж чадаагүй төр өөрөө зайлах хэрэгтэй. Манай ард түмэн төр гэхээр л тусгай ертөнц, өөр хүмүүс байдаг гэж ойлгоод байдаг юм шиг байна. Ингэж харж болохгүй. Иргэн бүр төртэйгөө хариуцлага тооцдог байх ёстой. Монголыг өнөөдөр ийм байдалд оруулсан сүүлийн 27 жилийн төрөөс хариуцлага нэхэх хэрэгтэй. Цаг хугацаа бол хамгийн үнэтэй зүйл. Өнөөдөр мөнгө үнэтэй биш. Хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа.

Яг бидэнтэй адилхан шинэ нийгэм рүү орсон улс үндэстэн өнөөдөр ямар өндөр хэмжээнд хөгжив. Тэнд ард иргэд нь хариуцлагатай байна. эр зоригтой байна. Хэлэх үгээ хэнээс ч айхгүй хэлж байна, Хэнийг ч шүүмжлээд хариуцлага тооцоод сандал суудлаас нь унагаж чадаж байна. Манайхан гэтэл гэр гэртээ, танил танилтайгаа яриад л асуудлыг сарниачихаж байна. Хариуцлага нэхэж чаддаггүй. Ганц хоёрхон хариуцлага ярьсан нэгнийгээ ад үздэг. Арай дөнгүүр мэдлэгтэй, юм уншчихсан, өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай нэгнийгээ нийгмээрээ боорлодог, тэр хүмүүсийнхээ нуруун дээр хамаг тэмцлийн асуудлаа үүрүүлдэг байдлаас салах хэрэгтэй. Баасан хаачив гээд л намайг хайгаад байх юм.

Өөрсдөө дуугар. Надаас илүү их юм хийсэн хүн намайг дуугараад өгөөч гээд хайвал би буруутай учраас дуугарна. Гэтэл юу ч хийгээгүй байж намайг дуугараадахаач гээд хайж байгаа бол уучлаарай. Бусдад бурууг тохох амьдрал ардчилсан нийгэмд байдаггүй юм. Өөртөө найдаж амьдрах нийгэм. Иргэн надаас хороо, дүүрэг, хот улс, аймаг, сумын минь хөгжил шалтгаапна гэдгийг бодох хэрэгтэй. Тийм цагийг бид хүсэх ёстой. Өмнө нь би “Ээ бурхан минь би энэ ахмад, эмэгтэйчүүдийн төлөө явах ёстой. Монголын ээжүүдийг одонтой болгочихвол үрс минь олон болно.

Хүн ам олон болбол улс орон маань хүний гачигдалд орохгүй” гээд л их юм боддог байсан. Өнөөдөр эргээд харахад хүмүүс нийгэмд идэвхтэй хүнийг ашиглаад л дуусгая гэдэг талаас нь хандсан болохоос энэ маань бас амьдралтай, би ч гэсэн энэ хүнтэй зэрэгцээд асуудал хөндөж Баасан шиг Баасан болъё гэдэг нь ховор байна. Ийм идэвхгүй хандлага бол хүний цөхрөнгө бардаг.

-Танай байгууллага ер нь хичнээн  төгрөгийн төсөв мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг юм?

-Одоо манай Ахмадын чөлөөт холбоонд төсөв мөнгө байхгүй. Энэ шинэ засаг төсөв өгөөгүй. Би энэ байдлыг нь юу гэж бодож байна вэ гэхээр энэ хугацаанд МАЧХ муу ажилласан учраас Баасан дүнгээ тавиуллаа гэж харсан. Эсвэл муу төр гараад ийм сайн ажилласан газрыг төсөв мөнгөөр дэмжиж болохгүй юм байна. Баасан сайн ажиллавал бидэнд гай болно гээд төсвийг нь хаасан байж болно. Юм бол хоёр талтай. Ийм хоёр талаас нь би харж байгаа. Аль нь болохыг цаг хугацаа хэмжинэ. Өөр юу ч хэмжихгүй. Би тэтгэврийн хөгшин. Надад ТҮЦ байхгүй. Хувийн бизнес байхгүй.

-Таны тэтгэвэр хэд вэ?

-427 мянган төгрөг авдаг. 55 нас хүрээд гавьяаны амралтандаа гарсан. Өмнө нь манай байгууллага тодорхой хэмжээний төсөвтэй байсан учраас би ахмадын тухай хуулийг 190 гаруй мянган ахмадаар хэлэлцүүлж байж асуудал болгосон. Төсөвгүй байсан бол үүнийг хийж чадахгүй. Ахмадын үгийг сонсох утас ажиллуулсан. Сайт ажиллуулж бүх мэдээллээ тараадаг байсан. Хуулиа боловсруулаад алдаа оноог нь хэлэлцүүлээд олон улсын конвенцид нь нийцүүлээд гарын авлага болгож түгээгээд саналыг нь авч нэгтгээд тухайн үеийнх нь яаманд аваачиж өгөөд өнөөдөр хуультай болсон.

Өнөөдөр МАЧХ Олон улсын ахмадын байгууллагын гишүүнээр элстлээ жишигт нь хүрч ажиллаж чадлаа. Төсөвтэй байсны гавьяа шүү дээ. 2013 оны гуравдугаар сарын 1-нээс 2016 оны аравдугаар сарыг дуустал 536 сая төгрөгөөр ажилласан байна. Түүний 30 сая төгрөгөөр нь ахмадын II зөвлөгөөнийг хийсэн. 506 сая төгрөгөөр бид тоолж нэрлэж барахгүй олон ажил хийлээ. Одоо хөдөө орон нутгийн ахмадуудын санаа бодол, үзэл суртал бол ихээхэн шинэчлэгдсэн. Яаж нийгмийн хүрээлэлд идэвхтэй оролцох вэ, яаж өөрийгөө ганцаардуулахгүй байх вэ, яаж бусдыг эгнээндээ нэгтгэх вэ, яаж намчрахгүйгээр байх вэ гэдэг болсон.

Манай монголд хэт улс төрийн үзэл нэвчсэн байна. Хоёр намд л харьяалагдахгүй бол хүн биш юм шиг ханддаг болж. Намгүй мань мэт нь хүний тоонд ордоггүй болжээ. Тэгэхээр хүн гэдэг үнэт зүйлээ нэгдүгээрт тавих юм уу, нам гэдэг үзэл суртлын машинаа нэгдүгээрт тавих юм уу гэдгээ төр бодлогоор шийдэх хэрэгтэй. Тиймээс бид асуудалд их өөр өнцгөөс хандаж сурах хэрэгтэй. Мөнгөтэй юу, эрх мэдэлтэй юу гэхээс илүү хүн рүү яаж орж байна вэ гэдгээр нь хандах хэрэгтэй.

-Таны хамгийн олон удаа ярьсан сэдэв магадгүй тэтгэвэр, түүний хүү байх. Үүнээс өөрөөр Монгол Улс хүндээ чиглэсэн ямар бодлого бариасай гэж хүсдэг вэ?

-Тэтгэвэр тэтгэмжийн хүүний асуудлыг би 13 жил ярьж байна. НамаЙг анх Монголын ахмадын чөлөөт холбоог байгуулахад Монгол Улсын тэтгэврийн хэмжээ 20-32 мянган төгрөг л байсан шүү. Дундаж нь 25 мянган төгрөг байлаа. Гэтэл өнөөдөр тэтгэврийн дундаж хэмжээ 383 боллоо. Тэгэхээр би маш их хөдөлмөрлөсөн гэж өөрийгөө үнэлж байгаа юм, Өнөөдөр төрөлт ихэссэн. Үүнд миний хувь нэмэр орсон. Яагаад гээч, одонтой ээж нарын асуудлыг гаргаж ирж тавьсан.

Хүүхэд төрүүлснийх нь төлөө төр ээжүүдээ хүндэтгэж одонгоо өгч урамшуулал олгоно гэдэг хүндэтгэл юм. Мөнгөндөө ч биш, тэр одондоо ч асуудал нь байгаад төрөлт ихсээд байгаа юм биш, Төрд хүүхэд гаргаж өгснийх нь төлөө түүнийг хүндэтгэж байгаа учраас эмэгтэйчүүд дуртай төрж байна. Нэг хүүхэд гаргаж өгсөн ээжийг улсад таван жил ажилласнаар тооцооч. Хоёр хүүхэд гаргасан бол улсад 10 жил ажилласан гээд тооц л доо, Хүүхдийг зургаан нас хүртэл нь сайн иргэн болгохоор бүх зүйлээ зольж байгаа ээжид улс мөнгө гаргаач. Ингэж чадвал эрүүл, чийрэг сайн иргэн бий болно.

Хүн чинь сайн байж байж улс хөгжинө. Олон архичин, олон уушгины өвчтөнтэй улс хөгжихгүй. Эм, эмчилгээний мөнгө гаргаж, эмнэлэг барьсаар байгаад төсөв чинь дуусна. Тэгж байхаар ээжүүддээ хөрөнгөө хая. Тэгж чадвал иргэд чинь эрүүл саруул, боловсролтой, хөдөлмөрч болно. Ямар үр тарина тийм цэцэг л ургана. Тэгэхээр нярай байхаас нь эхлээд ээж хүүхэд хоёртоо төр мөнгө гаргах хэрэгтэй.

Түүнээс олон ядуу иргэн бий болгочихоод нүүрс өглөө ч гэх шиг, хоолны талон өгье ч гэх шиг. Ядуу байх нь ач холбогдолтой байгаа ч юм шиг. Утаатай байх нь сайхан байгаа ч юм шиг. Зуух, яндан, утаагүй түлш нийлүүлнэ ч гэх шиг. Уучлаарай, Эхлээд муу бай. Дараа нь муухайгаа арилгая гэхийн оронд анхнаас нь муу юм байлгахгүйн зөв бодлого бариад яваач ээ. Ингэж чадвал цаг хугацаанаас эхлээд санхүүгийн алдагдалд орохгүй.

-Сая тэтгэврийн хүү буулгасан. Үүнд та ямар бодолтой байна вэ?

-Одоо сая тэтгэврийн зээлийн хүү буурлаа гээд ярьсан. Монгол Улсад 2001 онд анх ХААН банк тэтгэврийн зээлийг гаргаж ирсэн юм билээ. Одоогоос 16 жилийн өмнөх юмыг хэлж байна, би. ХААН банк зургаан сар хүртзлх зээлийг 24 хувийн хүүтэй өгч байсан. Тэгэхээр сарын хүү нь 4 хувь байгаа биз. Төрийн банк одоогоос долоон жилийн өмнө буюу 2010 онд бас 24 хувийн хүүтэй зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл өгч эхэлсэн, Тэтгэврийн зээл ингэж гарч ирсэн. Тэгвэл тухайн үеийн төрүүд яагаад 2010 оноос энэ зээл ийм хүүтэй баих нь зөв үү, буруу юу, хүү нь өндөр үү, нам уу, ахмадууд яагаад зээл авч байна, юунд зарцуулаад байна вэ гэдгийг яагаад тооцоогүй юм бэ. 17 жил шүү дээ.

2011 оноос тэтгэврийн зээл 18 хувийн хүүтэй болсон. Сарынх нь хугацаа 12 сар болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сарынх нь хүү 1.5 болсон. Гэтэл сая оны өмнө тэтгэврийн зээлийн хүү 15 хувь болж буурлаа гэж зарласан. Ингэхдээ хугацаа нь 6 сар юм. 18 хувь нь бүтэн жилээр байхад 1.5 хувь болсон бол 15 хувь нь зургаан сараараа байхаар 2,5 хувь болоод сардаа төлөх хүүгийнх нь хэмжээ өсчихсөн. Үүнийг тэгвэл тэтгэврийн зээл буурсан гэж хэлж болох уу. Болохгүй. Ийм л байна. Өнөө маргаашаа хуурсан ажил хийгээд байх юм. Үүнийг боддог ард түмэн байдаг гэдгийг төр бодож ичих хэрэгтэй.

Төрийн шийдвэр гаргаж байгаа улсуудаас илүү сэтгэж боддог хүн төрд ороогүй байх вий гэдгээс төр айж байх ёстой. Төрийн шийдвэр гаргахад тамга бариад сууж байгаа хүн би монголын ард түмний сайн сайхны төлөө тамга бариад сууж байгаа шүү гэж бодохоосоо өмнө төрийн тамга миний мэдэлд байгаа дээр нь би амьдралаа дээшлүүлж авна, үүгээр л би ард түмнийг дарамтална гэсэн бодолтой төрийн хүнээс бид салах хэрэгтэй. Үүний төлөө ард түмний дуу хоолой, хараа хяналт хурц байгаасай. Харамсалтай нь ардчиллын төлөө дөрвөн мөчөө янгинатал явсны үр ашиг харагдахгүй байна. Үр дүн гарсангүй. Тэр олон жилийнхээ хөдөлмөр, цаг хугацаанд харамсч сууна.

-Танд энэ намуудаас санал ирж байна уу?

-Би ямар ч нам руу орохгүй. Тэд намайг мэднэ. Санал тавиад ч нэмэргүй гэдгийг мэдэж байгаа. Яагаад гэвэл Баасан орж ирээд л намыг минь бужигнуулна гэдгийг мэдэж байгаа. Би аливаа юмыг үр дүнтэй, чин сэтгэлээсээ байгаасай гэж хүсдэг болохоос өнөөдөр маргаашдаа болж байвал дараагийн үедээ яасан ч яахав гэсэн сэтгэлээр хандаж чаддаггүй.

-Таныг шинэ мэргэжилтэй болсон гэж сонссон юм байна?

-Би хуульч болсон. Би МУИС-ийг хуулийн чиглэлээр дүүргэж магистрийн шалгалтандаа тэнцээд албан ёсоор өмгөөллийнхөө эрхийг авсан. Өмгөөллийнхөө шугамаар нийтийн эрх ашгийг дээдэлсэн ажлыг түлхүү хийнэ гэсэн бодолтой байгаа. Олноороо хаана ямар хүмүүс хохироод байгаа юм, тэдгээр улс эрхээ яаж хамгаалах юм гэдгийг хууль эрх зүйн талаас нь хэлж өгнө. Өмгөөлөл хийх чиглэлээр бяраа дуустал ажиллана. Цаашид өмгөөлөгч Баасан болж ажиллана. Шинэ юмыг бэлтгэлтэй эхлэх ёстой. Үнэмлэхээ аваад тамгаа авчихлаа. Одоогоор өмгөөлөгчийн бэлтгэл ажил явагдаж байна. Надаас өмгөөллийн туслалцаа авах хүсэлтэй байгаа санал эхнээсээ ирсэн. Ямар хүмүүс ямар чиглэлээр өмгөөллийн туслалцаа авахыг хүсч байна тэр чиглэлээр нь ажиллана.