2017.03.15

Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээлгэн өглөө

УИХ-ын гишүүн, гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр өнөөдөр Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүхэд Гамшгаас хамгаалах тухай хуулийг хүлээлгэн өглөө. 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж, улмаар 2017 оны 2 дугаар сарын 2-нд УИХ-аар батлагдсан. Хуулийн төслийг Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн засч, сайжруулж эцэслэн батлуулсан байдаг.

Гамшгаас хамгаалах тухай хуулийг шинэчилснээр гамшгаас хамгаалах тогтолцоо оновчтой болж, албан хаагчдын сахилга хариуцлага сайжрахын зэрэгцээ гамшгийн эрсдэл буурах боломж бүрдэж байна. Мөн хуульд Онцгой байдлын албан хаагчдын нийгмийн хамгаалал, тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлэх тодорхой зохицуулалтыг тусгаж өгчээ.