Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2017.03.16

Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Засгийн газрын хуралдаан 2017.03.15-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас  бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болголоо. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. 

Товч мэдээ

-  “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталлаа. Журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж, мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлаг болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

-  Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр /2017-2021/-ийн төслийг хэлэлцээд хөтөлбөрийг Японы талтай эцэслэн тохирч гарын үсэг зурахыг сайд Ц.Мөнх-Оргилд зөвшөөрөв. Хөтөлбөр нь улс төр, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаа, эдийн засгийн харилцаа, соёл, иргэд хоорондын харилцаа гэсэн бүтэцтэй юм.

-   “Цэргийн салбарын санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа