Мэргэн.Ч 2017.03.16 | Сайт: Vip76.mn

Гурван өнцөг: Шүүмжлэнгүй, өөдрөг, хүлээцтэй

Гурван өнцөг: Шүүмжлэнгүй, өөдрөг, хүлээцтэй
Монголын Бизнесийн Зөвлөлийн сарын хуралд оролцогчид

Монголын Бизнесийн зөвлөл гишүүддээ цаг үеийн асуудлаар анхдагч эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор сар тутам уулзалт хурал зохион байгуулдаг юм. 

Тэгвэл гуравдугаар сард болсон хурлаар "Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр" ба хувийн секторт үзүүлэх нөлөө" сэдвээр Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Монголбанкны төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ингээд хэлэлцүүлэг даргалагч, оролцогч, хөндлөнгийн байр суурь гэсэн гурван өнцөгт байр суурийг хүргэж байна. 

Дахин, дахин өр тавьдагаа зогсоох хэрэгтэй

Эдийн засагч, тоймч Д.Жаргалсайхан

Хэлэлцүүлэг хэр үр дүнтэй болж өнгөрөв? Таны хувьд оролцогчдоос “Яаж, хэрхэн?...” зэргээр маш тодорхой асуултууд асуусан. Тэд хэр тодорхой хариулав?

Өөр өөрсдийн институцийн төлөөлөл боловч санаанд хүртэл хариулсан гэж бодохгүй л байна. Гэхдээ нилээд дэлгэрэнгүй хариулсан гэж бодож байна. 

Өрийг их өрөөр дарах буюу Хөгжлийн банкнаас гаргасан бондыг “Хуралдай” бондоор солих болсон нь хэр оновчтой шийдэл вэ?

Хөгжлийн банкны бондыг гурван хувиар илүү “Хуралдай” гэдэг бондоор солих шийдвэр гаргасан. Өрийг арай үнэтэй өрөөр сольж байна гэсэн үг. Энэ бол тийм ч их гавьяа байгуулсан хэрэг биш. Өрийг өрөөр дарж байгааг яах вэ гэдгийг нийгэмд нээлттэй хэвээр үлдээлээ. Ер нь яагаад бид өр тавиад байгаа юм бэ? Тавьсан өрөө яаж ашиглаж байна? гэдэг асуултууд тэр чигээрээ асуудал хэвээрээ үлдэж байна.

Эдийн засагч хүний хувьд энэ бүхнийг шийдэх шийдлийг юу гэж харж байна?

Хувийн хэвшлийг идэвхжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн бизнесийн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Татварыг нэмэх биш татварыг бууруулах ёстой. Үнийг чөлөөлөх хэрэгтэй. Бизнесийн орчны өрсөлдөх чадварыг бий болгож байж л асуудлыг шийдэж чадна. 

Өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон ОУВС-гийн төлөөлөл нь ОУВС-ийн байр суурийг бүрэн илэрхийлж чадсан гэж үзэж байна уу?

Бүрэн илэрхийлж чадсан. Олон улсын валютын сангийн байр суурь нь өөрөө тодорхой. Биднээс шаардаж байгаа нэг зүйл бол дахин, дахин өр тавиад байгаа байдлыг зогсоох боломж бий эсэх талаар л юм. Өрөөрөө үр өгөөжтэй юм хийж чадахгүй байгаа бол өр тавихаа зогсоох хэрэгтэй. Эцсийн эцэст өрийг хэн төлж байгаа юм бэ? Та бид л төлж байгаа шүү дээ. Тиймээс төр, засагт хэмжээ хязгаар байх ёстой.

Ер нь таны бодлоор ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдаж байгаа нь хэр зөв бэ?

Бидэнд өөр сонголт байхгүй. 


Эдийн засгийн үзүүлэлт сайжирч, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байхад өөдрөг байх хэрэгтэй

Монголбанкны тэргүүн дэд захирал Б.Лхагвасүрэн

Энэ хэлэлцүүлгийг даргалсан Д.Жаргалсайхан таныг өөдрөг байна гэлээ. Яагаад ингэж хэлэх болов?

Эдийн засагч Д.Жаргалсайханы оролцогчдоос тавьсан асуултууд бол ихэвчлэн өмнө нь гаргасан алдаа, шийдвэрт төвлөрлөө. Бид өмнөх алдаагаа яриад л байвал хэзээ ч дуусахгүй яриа болно. Тиймээс урагшаа харж л ярих ёстой. Тэр утгаараа өөдрөг гэж хэлсэн байх.

Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах уу, үгүй юу, хөтөлбөрт хамрагдаж чадах болов уу, үгүй болов уу гэж ярьж, тээнэгэлзэж байсан үетэй харьцуулахад манай улсын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд харьцангуй өсөж байна.

Жишээлбэл, өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ хасах хувьтай байсан бол 12 дугаар сарын сүүлчээс эхлээд өсөж эхэллээ. Ханшийн савлагаа ихтэй байсан бол хөдөлгөөн нь харьцангуй багассан. Төгрөгийн ханш уналттай байсан бол чангарах төлөвтэй байна. Үнэ дандаа буурч, дифляцид хүрснээр эдийн засаг агших нь гэсэн айдастай байсан бол инфляци нэг хувьд хүрлээ.

Ингээд харахаар нэгд, эдийн засгийн үзүүлэлтээр сайжирчихлаа. Хоёрт, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж чадах уу, үгүй юу дээрээ байсан бол өнөөдөр хөтөлбөр авахаар боллоо. Одоо ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр батлагдчих юм бол уг хөтөлбөр хэрэгжих гэж байна. 

Уг хөтөлбөрт хамрагдахаар болсон гэсэн мэдээг дуулсан гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж эхэллээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг сольж чадах уу, үгүй юу гэж байсан бол Засгийн газрын бонд болгоод солилоо. Хугацааг нь 7 жил болгож сунгалаа.

Хөгжлийн банкны бондын худалдаж авсан хөрөнгө оруулагчдын 80 хувь нь бондоо хэвээр нь хадгалж байна. Бондын 20 хувийг шинэ хөрөнгө оруулагчид худалдан авч байна. Шинээр хөрөнгө оруулахаар шийдсэн хүмүүсийн 120-иод сая ам.долларыг шинэчиллээ. Гурван тэрбум ам.долларын санал ирүүллээ. Энэ бүхэн нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсний дохио. Эерэг дохио илрээд байхад би яаж өөдрөг биш байх билээ. 


Эдийн засаг тогтворжино, орлогын эх үүсвэр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна

Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан

Хэлэлцүүлгийн сэдэвтэй уялдуулан асуухад ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар хувийн секторт ямар нөлөө үзүүлэх бол?

Тогтвортой бизнесийн орчин бол олон хүчин зүйлээс хамаарна. Макро эдийн засгийн үзүүлэлт, төсөв, мөнгөний бодлого, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл гээд олон хүчин зүйлийг нэрлэж болно л доо. Хамгийн чухал нь хувийн компаниудаа өөрсдөө эдийн засагтаа хэр итгэж байна вэ гэдэг нь чухал.

Монголд үйл ажиллагаагаа явуулж буй компанийн хувьд эдийн засаг сайжирна, тогтвортой байна гэж итгээд илүү хөрөнгө оруулах уу, бизнесээ өргөжүүлэх үү эсвэл хөрөнгө оруулалтаа татаж, үйл ажиллагаагаа хумих уу гэдэг сонголт хүлээж байдаг.

Төр, засгийн бодлого хаашаа явж байгаа үнэн, бодит мэдээллийг авах нь чухал байсан учраас өнөөдрийн хэлэлцүүлгийг хийж байна. ОУВС-гийн хөтөлбөрийн талаар ХМХ-ээр мэдээлэл хангалттай цацагдаж байна. Гэхдээ хөтөлбөрийн хэлэлцээ хийх явцад оролцсон төлөөллийг урьж, хөтөлбөрт хамрагдсанаар хувийн секторт ямар нөлөө үзүүлж болох талаар нарийн мэдээлэл өгч байна. Уг мэдээлэлд үндэслэж, энэ жил, дараа дараагийн жил юу хийж болох вэ гэдэг төлөвлөлтөө гаргах болно.

Ер нь бол бид хүнд байдалд байна. Яагаад гэхээр өнгөрсөн жил энэ хөтөлбөрт хамрагдахаар тохиролцож чадсан бол өдийд хувийн компаниуд аль хэдийнэ нөхцөл байдалд суурилсан төлөвлөгөө гаргаж, шийдэлд хүрэх байлаа.

Харин өнөөдөр л хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болж байгаа учраас хувийн компаниудын хувьд маргаашнаас ажлаа эхлэх болж байна. Хугацаа хувьд хожимдсон тал бий боловч бүхнийг өөдрөгөөр харах хэрэгтэй байх. Бизнес эрхэлж байгаа хүнд мэдээлэл хамгийн чухал. Мэдээлэл нь үнэн бодит бөгөөд цаг үеийн ач холбогдолтой байх ёстой. 

Хөгжлийн банкны бондыг Хуралдай бондоор солих болсон шийдлийн талаар таны бодол? Өрийг их өрөөр дарах нь буруу гэж зарим эдийн засагч үзэж байна л даа.

Хоёр жилийн өмнө яг л ийм шийдэл гаргах байх гэж төсөөлж байсан. Тиймээс энэ нь ямарваа нэгэн байдлаар зах зээлийн жамаас өөр, гоц гойд, гайхаад баймаар зүйл биш. Бонд гэдэг бол эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Үе үеийн Засгийн газар бонд гаргаж, санхүүжилт босгодог. 

Шаардлагатай тохиолдолд бондыг бондоор солих нь бий. Үүний л нэг хэлбэр. Харин нэг асуудал бол би өмнө нь хэлсэн. Ингэж шийдэх нь жил, жил хагасын өмнө тодорхой болсон бол манай улсын зээлжих зэрэглэл, макро, микро эдийн засгийн орчинд эерэгээр  нөлөөлөх байсан байх. Миний бодлоор, болох байсан юм болдогоороо болж байна. 

ОУВС-гийн хөтөлбөрийн тусгай шаардлагыг аваад үзэхэд, хэд хэдэн төрлийн татвар нэмэх тухай байгаа шүү дээ. Энэ нь хувийн секторт тэр дундаа танай компанид хэр нөлөөлөх бол?

Хувь хүнд бол татвар нэмнэ гэдэг хүндээр тусдаг. Эмзэг асуудал. Гэхдээ эдийн засаг тогтворжиж, орлого нэмэгдэх эх үүсвэр нь бүрдэж байгаа бол татвар нэмэхийг хүлээн зөвшөөрч болно. Мэдээж дуртай биш байна. Өмнө нь татвар нэмэхгүйгээр шийдэх боломж байсан уу гэвэл байсан.

Хувийн компаниудын хувьд тогтвортой орчин бий болсноор орлогоо нэмж болох юм байна, орлогын эх үүсвэр нэмэгдсээр компанид ч хэрэгтэй, улс эх оронд ч хэрэгтэй гэдэг үүднээс л асуудалд хандаж байгаа байх. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа