Мэргэн.Ч 2017.03.16 | Сайт: Vip76.mn

Манлайлал гэж дарга, улстөрч болохыг хэлдэггүй

Манлайлал гэж дарга, улстөрч болохыг хэлдэггүй

Австрали Улс Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил дэмжлэг үзүүлж байна. Тэр дундаа боловсролын салбарт түлхүү хамтарч ажилладаг. Үүний нэг нь Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр болох Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр юм. 

Уг хөтөлбөр Монголд гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавьдаг гол шалгуур бол Австралийн Хөгжлийн тэтгэлгээр амжилттай суралцсан байх юм. Эмэгтэйчүүдийн манлайлал гэж байгаа боловч эрэгтэй хүн ч хамрагдаж болдогоороо онцлог. (Хүйсийн харьцаа эмэгтэй 70 хувь, эрэгтэй 30 хувь) Мөн ажил эрхэлдэг байх, манлайлагч болох зорилго, тэмүүлэлтэй байхыг шаарддаг. 

Жилд дунджаар 20 орчим хүнийг хамруулдаг бөгөөд хөтөлбөр энэ жил гэхэд 18 хүнийг хамруулж байна. Манлайллын хөтөлбөрт Австралийн бизнесүүдтэй сүлжээ үүсгэх арга хэмжээ, семинар, илтгэх ур чадвар, орон нутгийн аялал, олон нийттэй хамтран хэрэгжүүлэх төсөл, жендерийн сургалт, манлайллын сургалт зэрэг багтдаг. 

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр хэрэгжээд харьцангуй бага хугацаа өнгөрч байгаа боловч үр дүнгээ өгч байгаа гэж үзээд Австрали Улсаас Монгол Улсад Элчин сайдын яам дэмжин ажиллахаар болжээ. Энэ бүхний илрэл нь Монголын Бизнесийн Зөвлөлийн сарын хуралд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Кантри оролцож, уг хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж, дэмжлэг үзүүлэх болсноо илэрхийлсэн явдал юм.

Жон Кантри, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд

Жон Кантри: Монголд Австрали Улсын Элчин сайдын яам байгуулагдаад жил гаруй болж байна. Австралийн Хөгжлийн тэтгэлэгт Монгол залуучууд хамрагдсаар ирсэн. Тэгвэл уг хөтөлбөрт хамрагдсан залуучуудад нэг боломж нээж өгсөн нь Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр Монголд гурав дахь жилдээ маш амжилттай хэрэгжиж байна. Тиймээс орон нутагт хэрэгжүүлэх 4 төсөл, хөтөлбөрийг Элчин сайдын яамнаас тус бүр 10 ам.доллараар санхүүжүүлэх болсноо хэлэхэд таатай байна. Мөн энэ жил тус хөтөлбөрт хамрагдаж буй 18 хүнээс 10 хүнийг Австралид гүнзгийрүүлэн сургахаар болсон. 

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн менежер, Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн зохицуулагч Л.Энхтүвшин

Л.Энхтүвшин: Манлайллын хөтөлбөр бол хувь хүний манлайллыг дэмжин, улмаар тухайн хүн ажлын байран дээрээ, гэр бүлдээ, амьдарч буй орчин тойрондоо өөрчлөлт, шинэчлэлт хийхийг хэлээд байгаа юм. Мэдээж уг хөтөлбөрт хамрагддаг хүмүүсийн дотор улс төрд манлайлах сонирхолтой хүн байгаа байх. Байгаасай ч гэж хүсч байна. Үүнээс гадна бизнестээ амжилт гаргах, бизнесээ өргөжүүлж, тэлэх сонирхолтой хүмүүс ч бий. Манлайлал гэдэг нь дарга, улстөрч болно гэсэн үг биш. Өөрчлөлтийг удирдах нэг хэлбэр гэж үздэг. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа