Болд.Л 2017.03.17 | Телевиз: МҮОНТВ, ХМА: Яам

Москва дахь ЭСЯ-нд номын нээлт болов

Монгол Улсын Их Хурлын гишүүн Лу.Болд, Буриадын Ардын Хурлын Дээд зөвлөлийн депутат С.В.Калмыков нарын хамтран бичсэн “Монголия-Россия: Особенности политических процессов” буюу “Монгол-Орос Улс: Улс төрийн үйл явцын онцлог” номын нээлт 2017 оны 3 дугаар сарын 13-нд Москва дахь ЭСЯ-нд болов.

Номын нээлтийн ажиллагааг  Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нээж, номын зохиогчид номынхоо тухай танилцуулав. Тэд хэлсэн үгэндээ: “Монгол, Орос улс шиг хэдэн зууны туршид нягт холбоотой байгаа улсыг өнөө дэлхийгээс олоход бэрх юм. XX зууны 90-ээд оноос Монгол, Орос улсад ардчиллын явц зүүн европынхтой төсөөтэй замыг туулсан боловч ардчиллын замнал, улс төрийн явц манай хоёр улсад өөр өөрөөр явагдсан юм. Ер нь XX зууны харилцааны нааштай туршлагыг XXI зууны эхэн үеийн харилцааг төлөвлөхдөө бага ашиглаж байна. Үүнээс үүдэн манай хоёр улс бүх салбарт харилцан ойртолцох бодлогыг хөгжүүлэхдээ сүүлийн 25 жил хуримтлуулсан нийгэм, улс төрийн туршлагаа тооцон үзэх ёстой” гэж онцлоод энэхүү номоо Монгол, Орос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол Улсад анхны Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан гэж мэдэгджээ.

Номын нээлтэд урилгаар оролцсон Хууль зүйн ухааны доктор, профессор Ю.И.Скуратов, Төрийн Думын депутат А.В.Дамдинов, БН Буриад Улсын Засгийн газрын орлогч даргын үүрэг гүйцэтгэгч А.А.Лихатинов, Түүхийн ухааны доктор, профессор, Монгол Улсын соёлын элч А.С.Железняков, Түүхийн ухааны доктор, профессор, нэрт  монгол судлаач  В.В.Грайворонский зэрэг эрдэмтэн судлаач, улс төрийн зүтгэлтнүүд хэлсэн үгэндээ, энэхүү ном нь хоёр орны бүх талын харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхээс гадна судалгааны үнэтэй материал болсон гэдгийг онцолжээ.

Нээлтийн ажиллагаанд ОХУ-ын ГХЯ, БХЯ болон Орос Улсад оршин суудаг буриад, халимаг, тувагийн нутгийн зөвлөлийн төлөөлөл, монгол хэл судалж буй орос оюутнууд оролцов.

Монгол, Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан уралдааны Гран-при болон тусгай шагналтан оюутнууд концерт тоглов.

Нээлтийн арга хэмжээнд 90 орчим хүн оролцов.

Эх сурвалж: ГХЯ