Содбилэг.О Батлут.Д 2017.03.17 | Сонин: Монголын мэдээ

Олон улсын бизнес форум Орхон аймагт амжилттай болж, өндөрлөлөө

Олон улсын бизнес форум Орхон аймагт амжилттай болж, өндөрлөлөө
“Олон улсын биз­нес фо­рум”

Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран “Олон улсын биз­нес фо­рум”-ыг энэ сарын 15-ны өдөр Эрдэ­нэт хотын “Уур­хай­чин” соё­лын ор­донд зо­хион бай­гуул­лаа. Энэ­хүү биз­нес фо­румд УИХ-ын ги­шүүн О.Сод­билэг, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэв­лхагва, Засаг дарга Д.Бат­лут, “Эрдэнэт үйлд­вэр” ХХК-ийн Ерөн­хий захи­рал Х.Бадам­сүрэн, Ерөн­хий сай­дын дэр­гэ­дэх Үн­дэс­­ний хөгж­­лийн газ­­рын Салбарын хөгж­лийн бод­лого зохи­цуу­лал­тын хэлт­­сийн ах­лах мэр­гэ­жил­тэн С.Намжилмаа, ХХААХҮЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Саран­даваа зэрэг алба­ны хүмүү­сээс гадна Канад улсын ЭСЯ-ны зөв­лөх Даглас Динг Ман, ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий кон­сул Ракшаев.Р.Р, Буриад ул­сын Улан-Үдэ хотын захиргааны Тээвэр, үйлдвэр үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга Юрий Захарович Ткачев, БНХАУ-ын Манжуур хотын захиргааны Худалдааны хэлтсийн орлогч дарга Жао Дан, Эрээн хотын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Шилийнбаатар, Ордос хотын худалдаа аж үйлдвэрийн холбооны орлогч дарга Рен Ли На тэргүүтэй дотоод, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцсон юм.

Мөн Булган аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тэргүүтэй төлөөлөгчид болон Орхон аймгийн төр захиргаа, хувийн хэвшил, ААН-ийн удирдлага, бизнес эрхлэгчид өргөнөөр оролцлоо. Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжин хөрөнгө оруулалт татах шинэ боломжийг бүрдүүлэх зорилготой зохион байгуулагдсан олон улсын бизнес форумын албан ёсны үйл ажиллагааг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нээж, үг хэллээ.  

Д.Батлут: Форумын үр дүн бидний хамтын ажиллагаанаас шалтгаална

/Орхон аймгийн Засаг дарга/

Тэрбээр олон улсын бизнес форумд оролцохоор хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, зохион байгуулагчдад талархал илэрхийлээд “Энэхүү бизнес форумын гол ач холбогдол нь Орхон аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бизнес эрхлэгчдээ дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Хэдийгээр улс орны хэмжээнд эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа ч бид “Эрдэнэт” Шинжлэх ухаан, технологийн паркийн үйл ажиллагааг эхлүүлэн үйлдвэржилтийн бодлого хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн сацуу өрхийн үйлдвэржилтийг дэмжих хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг өсгөх, “Эрдэнэт үйлдвэр” хөтөлбөр боловсруулж, импортыг орлох, экспортын баримжаатай, технологид суурилсан  бүтээг­дэ­хүүн үйлдвэрлэх бодлогыг дэмжин, ажлын байрыг нэмэг­дүү­лэх бодлого барих, орон нутгийн иргэд, ААН, байгууллагуудын эвлэлдэн нэгдэх, хамтрах замаар бизнесээ өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны төс­лүү­дийг боловсруулан ажил хэрэг болгох зэрэг олон зорил­туудыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Өнөөдрийн чуулга уулзалтаар бүсчилсэн хөгжлийн болон орон нутгийн хөгжлийн бодлогын талаар үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлээр, Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнес эрхзүйн орчны талаар тодорхой чиглэлээр мэдээлэл танилцуулга хийж, бизнес эрхлэгчдэд холбогдох нөхцлөө танилцуулж, ярилцах болно. Мөн орон нутгийнхаа бизнес эрхлэгчид, ААН, байгууллагуудыг гадаад орнуудын бизнес эрхлэгчидтэй холбон, цаашид хамтарсан үйл ажиллагаа явуулахыг дэмжих зорилгоор гадаад, дотоодын албаны хүмүүс, бизнесийн хүрээнийхний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Эрдэнэт хотоо хөгжүүлэх, иргэдээ ажилтай орлоготой байлгах, орон нутгийн хэмжээнд төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, бизнесийг дэмжих, Эрдэнэт үйлдвэр болон бусад томоохон ААН-ийнхээ туслалцааг авч, хамтран ажиллах, Эрдэнэт ШУТП-ийн ажлыг жигдрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, орон нутгаа тогтвортой бодлогоор хөгжүүлэх зэрэг бодитой, олон түмэнд хүрсэн ажлуудыг зохион байгуулахад энэхүү форумаас гарах санал санаачилга ихээхэн ач холбогдолтой бөгөөд чуулга уулзалтын үр дүнг хэрхэн ажил хэрэг болгох нь бидний хамтын ажиллагаанаас бүрэн хамаарна гэдгийг энд онцлон тэмдэглэе” хэмээсэн юм.

О.Содбилэг: Эрдэнэт хотоо ирээдүйн Давос мэтээр төсөөлөх хэрэгтэй

/Монгол Улсын Их Хурлын гишүүн/

Түүнчлэн Олон улсын бизнес форумд Орхон аймгаас нэр дэвшин, УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн О.Содбилэг бизнес эрхлэгчид, гадаадын зочдод хандаж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “Юуны өмнө уг форумыг санаачилсан Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газрын хамт олон болон уг форумд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын зочид төлөөлөгчид та бүхэнд талархал илэрхийлье. Нэгдүгээрт, 2012-2016 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалтын орчинг муутгасан нөхцөл байдлыг арилгах мөн цаашлаад макро эдийн засгийн орчинг тогтвортой байлгах талаар манай одоогийн УИХ болон Засгийн газар олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютийн сантай хамтран эдийн засгийн хямралыг давах хөтөлбөрийг урьдчилсан байдлаар хэлэлцэн тохиролцсон. Уг тохиролцоонуудыг УИХ дээр өөрчлөн хэлэлцэж, зохистой шийдвэрт хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлмээр байна. Шинэ УИХ, Засгийн газарт тулгарсан бэрхшээлтэй асуудлуудын нэг бол Монгол Улсын их өрийн дарамт бөгөөд манай Засгийн газар энэ нөхцөл байдлаас гарах эхний алхмаа амжилттай хэрэгжүүлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 21-нд төлөх байсан 580 сая ам.долларын евро бондыг шийдвэрлэх арга замыг олсон бөгөөд цаашид ч 2018, 2019 он гэхэд макро эдийн засгийн орчин илүү тааламжтай болно гэдэгт хөрөнгө оруулагчид та бүхэн бүрэн найдаж болно. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын эдийн засгийн эрх зүйн орчин сайжирснаар Монгол орны эдийн засгийн өсөлт бидний төсөөлж байснаас илүү өндөр төвшинд хүрэх боломж бүрдэж байгаа. Тодруулбал, 2012-2016 онуудад эрчтэй уналтын байдалд орсон эдийн засгийг энэ онд болон ирэх онд гурваас дээш хувийн өсөлттэй байлгахаар төлөвлөөд байгаа билээ. Уул уурхай болон хөдөө аж ахуйн үйлчилгээний салбаруудад том, дунд, жижиг төслүүд амжилттай хэрэгжих нь эдийн засгийн хямралыг богино хугацаанд давахад шийдвэрлэх нөлөө үзүүлэх болно. Үүний үр дүнд ажлын байр олноор бий болж, төгрөгийн ханш чангарч, инфляци нэг оронтой тоонд шилжих юм. Гуравдугаарт, Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” нь улсын эдийн засгийг сэргээхэд шийдвэрлэх нөлөө үзүүлж ирсэн бөгөөд өнөөдөр ч, маргааш ч, түүнээс цаашид ч томоохон үүрэг гүйцэтгэсээр байх болно. Орхон аймаг, Эрдэнэт хот бол Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт амжилттай хэрэгжих нөхцөл боломж байгааг харуулсан томоохон тод жишээ бөгөөд хорь, гучхан жилийн нөөцөөр хязгаарлагдахгүй. Би хувьдаа зуу, зуун жилийн ирээдүйтэй гэж боддог. Орхон аймгийн нутаг дэвсгэр бол бүхлээрээ, тэр чигээрээ дуусашгүй их баялаг, эрдэнэсийг агуулсан нутаг бөгөөд хөрөнгө оруулагчдын хамгийн тааламжтай бүс нутаг билээ. Үүгээрээ би зөвхөн Эрдэнэт үйлдвэрийг хэлж байгаа биш юм. Орхон аймгийн нутаг дэвсгэр бол Хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжих өргөн боломжтой. Хамгийн гол нь асар их туршлагатай хөдөлмөрч, хичээнгүй хүний нөөц энд л байдаг гэж би боддог. Энэ удаагийн бизнес форумд манай хоёр хөршийн эрхэм төлөөлөгчдөөс гадна бидэнтэй хамтран ажилладаг, бидэнд гүнээ итгэдэг хөрөнгө оруулагчид оролцож байна. Би үүнийг асар их бэлгэшээж байгаагаа дурьдахыг хүслээ. Манай Эрдэнэт хот бол дэлхийн соёл урлаг, уран сайхны гайхамшигтай төв болох нөөц бололцоо бүхий газар нутаг. Та бүхэн Швейцарийн жижигхэн хот болох Давосыг сайн мэдэх байх. Үзэсгэлэнт уул нурууд, цанын баазуудаараа алдартай. Чухам энд л жил бүр 2500 орчим хүн ирж, дэлхийн эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлуудыг шийддэг. Анх 1971 онд Давосын эдийн засгийн уулзалтад 450 орчим төлөөлөгчид ирж байсан бол одоо дэлхий дахиныг хамарсан томоохон форум болсон юм. Би Эрдэнэт хотоо ирээдүйн Давос мэтээр төсөөлөх дуртай. Хүн гэдэг амьтан зөвхөн бизнес ярьж, бизнес боддоггүй. Хүний мөн чанар нь түүний мэдрэхүйд орших уран гоё төсөөлөлд оршдог. Манай Эрдэнэтийн ард иргэд хүн төрөлхтний тэр гайхамшигт мэдрэмж, соёлыг бүтээгчид байгаасай гэж хүсдэг” гээд форумд оролцогчдод амжилт хүссэн юм. Түүнчлэн энэхүү форум нь цаг үеэ олсон ажил боллоо хэмээн дүгнэсэн.

П.Пүрэвлхагва: Гадаадын хөрөнгө оруулагчдыг аймгийн ИТХ бүхий л талаар дэмжинэ

/Орхон аймгийн ИТХ-ын дарга/

Олон улсын бизнес форум үргэлжилж, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва аймгийнхаа бизнес эрхлэгчид болон эгч дүүсийн харилцаатай байдаг гадны хотуудын төлөөлөгчид, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа төслийн багийнханд талархаж буйгаа илэрхийлээд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Орхон аймаг, Эрдэнэт хот маань Монгол Улсын аж үйлдвэрийн хоёр дахь төв. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулагдсан бөгөөд хотод маань өнөөдөр бусад салбарууд хөгжиж, тэлсээр 3000 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Нийгэм, эдийн засгийн хувьд эзэлж буй байр сууриараа ч дээшилж, орон нутгийн төсвийн орлого 50 хувиар давж биелсэн. Түүнчлэн бид орон нутгийн төр захиргааны байгууллагаас олон зүйл дээр анхаарч ажиллаж байна. Мөн Монгол Улсын хэмжээнд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр технологийн хоёр парк байдгийн нэг нь Эрдэнэт хотод байна. Энэхүү үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагааг улам өргөжүүлнэ. Цаашлаад гадаадын хөрөнгө оруулагчдыг аймгийн ИТХ бүхий л талаар дэмжинэ, хамтран ажиллана гэдгээ илэрхийлэхэд таатай байна” хэмээсэн юм.

Х.Бадамсүрэн: Орхон аймгийн төдийгүй бүс нутгийн хөгжилд анхаарч, хамтран ажиллана

/“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал/

Үүний дараа Олон улсын “Бизнес форум”-ын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн форумд оролцогчдод  мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ уул уурхайн салбарын тэргүүлэгч үйлдвэрийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн баримтлах бодлого шийдвэрийн талаар онцлон тэмдэглэсэн юм.  Тэрбээр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр их чухал үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү бизнес форум бол үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох, манай хот байнгын эдийн засгийн чадамжтай болох, бүс нутгийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн чухал үйл явдал. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” бол Монгол-Оросын хамтарсан үйлдвэр гэсэн статустайгаар 40 орчим жил ажилласан. Өнгөрсөн 2016 оноос үндэсний үйлдвэр болон ажиллаж байна. 2017 оны эхний хоёр сарын байдлаар манай үйлдвэр техник технологийн төлөвлөгөөт үзүүлэлтээ давуулан биелүүлж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Энэ 2017 оны нэгдүгээр улирлын хүлээж байгаа гүйцэтгэлээр тус үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 100 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой болж байна. Мөн эрчим хүчний төлбөрт 30 орчим тэрбум төгрөг төлөх дүр зураг харагдаж байна. Энэ бол Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” бүс нутгийн хөгжилд, улс орны төсвийн бүрдүүлэлтэд ямар үр нөлөөтэй вэ гэдгийг харуулж байгаа үзүүлэлт юм. Цаашид бид энэ үйлдвэрийг аль болох урт удаан хугацаанд өндөр үр ашигтай ажиллуулахын төлөө зүтгэнэ. Бид үйлдвэрээ ойрын 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл, хөгжлийн стратегийг боловсруулж, дуусгах шатандаа ороод байна. Энэ хөгжил дэвшлийн үндсэн чиглэл бол 2032 он хүртэл хэрэгжинэ. Саяхан бид Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” оршин тогтнох үндэс болсон нөөц баялгийнхаа асуудлыг дахин нэг нягталж үзлээ. Ил уурхайг ажиллуулах ТЭЗҮ-ийг боловсруулж, дуусч байна. Энэ ТЭЗҮ-ээр бол манай үйлдвэр  өнөөдрийн суурилагдсан хүчин чадлаар 40 жил ажиллах боломж нөхцөл бүрдэж байна. Дээр хэлсэн 15 жилийнхээ хөгжлийн үндсэн чиглэлийг бид тав, таван жилээр төлөвлөж, хэрэгжүүлэх болно. Таван жилийнхээ төлөвлөгөөг жил бүр тодотгож, бизнес төлөвлөгөө болгож, хэрэгжүүлэх зорилтыг тавьж байна. Цаашдаа ч нөөц баялгаа өсгөх ажлыг үе шаттайгаар төлөвлөөний дагуу хийх юм. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд томоохон ажлууд хийгдэнэ. Үүний заримаас дурьдахад, манай үйлдвэрийн дэргэд ажилладаг Засвар механикийн заводыг бүс нутгийн, Монгол Улсын засвар механикийн завод болгох, улмаар өөрийн оронд машинт үйлдвэрийн суурийг тавих ажлыг мэргэжлийн өндөр төвшинд хийж, хэрэгжүүлнэ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг бид эх орондоо боловсруулах учиртай. Иймээс зэсийн баяжмалыг хайлуулан боловсруулж, аранжин зэс, цалин цагаан мөнгийг Эрдэнэтдээ, Монгол Улсдаа гаргаж авах ажлыг хийхээр төлөвлөж байна. Энд бол Хайлах үйлдвэрээс гарах хүхэрт хий, хүхрийн хүчлийн асуудлыг шийдэх л үлдээд байгаа. Ингэж байж бид Монгол орондоо өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй, овор хэмжээ багатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх учиртай юм. Энэ онд Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна. Монгол Улсын уул уурхайн салбар өнөөдөр улсын нийт экспортын 90 орчим хувийг гаргаж байна. Энэ нэг талаар сайн хэрэг боловч нөгөө талаар улс орон маань ганц эрдэс баялаг, уул уурхайн салбараас хамааралтай байна. Тиймээс бидэнд улс орны болоод орон нутгийн хэмжээнд бусад салбараа аль болох хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Засгийн газрын зүгээс ч аймаг орон нутаг, бүс нутгийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж иргэдээ ажлын байраар хангахад ихээхэн анхаарч байгаа. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс ч мөн Орхон аймгийн төдийгүй бүс нутгийн хөгжилд анхаарч, хамтран ажиллах болно. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зүгээс цаашид Орхон аймагтайгаа нягт хамтын ажиллагаатай байж, бүс нутгийн хэмжээний хэд хэдэн уулзалт зөвлөгөөнийг ойрын хугацаанд зохион байгуулах болно. Бизнес форумд яригдсан зүйлүүдийг ажил хэрэг болгох, ам, ажлын нэгдлийг хангахын төлөө, Эрдэнэт хотоо, бүс нутгаа хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриалж байна” хэмээлээ.

Олон улсын бизнес форумын үйл ажиллагаа бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл үйлчилгээг төрөөс дэмжих, бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн шинэчлэл ба гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх гэх мэт өргөн хүрээтэй сэдвүүдээр үргэлжилсэн. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг төлөөлж, тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Онон сайд П.Сэргэлэнгийн илгээлтийг форумд оролцогчдод дамжуулсан юм. Ингээд тус форумд оролцсон гадаадын зочид, төлөөлөгчдийн сэтгэдлийг сонссоноо хүргэе.

Юрий Захарович Ткачев: Нэгэнт тогтсон хүүхэд хөгжил, нийгэм, соёлын харилцаагаа цаашид улам өргөжүүлэн, хөгжүүлэх учиртай

/Буриад улсын Улан-Үдэ хотын захиргааны Тээвэр, үйлдвэр үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга/

-Монгол Улсын Орхон аймаг, Эрдэнэт хот бол аж үйлдвэр хөгжсөн хот. Манай  Улан-Үдэ хот ч мөн аж үйлдвэр хөгжсөн хот гэж би хувьдаа боддог. Тэр утгаараа бид хамтарч ажиллах, нэгнийхээ үйл ажиллагааг дэмжих, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх өндөр боломжтой юм. Үүнээс гадна бид нэгэнт тогтсон хүүхэд хөгжил, нийгэм, соёлын харилцаагаа цаашид улам өргөжүүлэн, хөгжүүлэх учиртай. Мөн аялал жуулчлалын хүрээнд том орон зай эзлэх боломж бидэнд бий. Үүний хүрээнд Байгаль нуурын эрэг дээрх аялал жуулчлалын амралтын баазуудтай Монголын аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг холбож өгөх боломж бүрэн дүүрэн бий. Орхон аймаг, Эрдэнэт хотын ард иргэдийг ч мөн Улан-Үдэ хоттой улам ойр дотно хамтарч ажиллахыг урьж байна. Яг ийм харилцаа, итгэл үнэмшил танайханд ч байгаа гэдгийг энэхүү бизнес форумаас харж байна. Эрдэнэт хотыг Улан-Үдэтэй харьцуулахад маш залуу хот. Тийм учраас залуу хотод өөрийн гэсэн давуу тал бий. Тэрхүү давуу талаа ашиглаж өөрийн гэсэн онцлог зүйлийг бий болгох ёстой. Хамгийн гол нь жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Бидний харж байгаагаар нэг нэгнээ хамгийн их дэмжиж болох тэр салбар бол аялал жуулчлал. Тиймээс Улан-Үдэ болон Эрдэнэт хот руу ирж, очих урсгалыг бий болгох тал дээр хамтарч ажиллахад бэлэн байна. Дараагийн нэг асуудал бол Эрдэнэт хот уулын баяжуулах үйлдвэртэй холбогдох том хот учраас тус үйлдвэрт бидний зүгээс ямар үйлчилгээ үзүүлж болох вэ гэдэг асуудал дээр харилцан санал солилцох зүйл бий.

Шилийнбаатар: Үндэсний үйлдвэрлэгчдэд татваргүй орчинд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжийг олгож байгаа

/БНХАУ-ын Эрээн хотын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга/

-Орхон аймгийн Эрдэнэт хотод зохион байгуулагдаж буй Олон улсын бизнес форумд манай Эрээн хотын төлөөлөгчид хүрэлцэн ирж, оролцож байна. Манай Эрээн хот 10 гаруй жилийн өмнөөс Эрдэнэт хоттой найрсаг харилцаа тогтоож, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тухайн жилүүдэд Эрээний засаг захиргаанаас буцалтгүй тусламжаар Эрдэнэтийн хивсний үйлдвэрээс хотын төв хүртэлх замын гэрэлтүүлгийг тавьж өгсөн. Энэ удаа биднийг ирэхэд Эрдэнэтийн хүмүүс энэ гудамжийг “Эрээний нэрэмжит гудамж” гэж нэрлэж байхыг сонсоод их тааламжтай байна. Манай Эрээн хот бол Хятад-Монголын хамгийн том хилийн боомт. Монголчууд очиж, бизнес эрхэлдэг. Аялал жуулчлалаар ч их зорчдог. Сүүлийн жилүүдэд Эрээн хотын бүтээн байгуулалт эрчимтэй хөгжиж байгаа. Түүнчлэн Эрээн хот маань Монгол Улсын олон аймагтай эдийн засгийн хамтын ажиллагаатай. Нэгэн таатай мэдээ дуулгахад, Эрээн хотод хилийн иргэдийн чөлөөт худалдааны бүс гэж байгуулагдсан. Энэ бол Хятадын төв Засгийн газраас хэрэгжүүлж буй хилийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хөнгөлөлттэй бодлого юм. Хилийн иргэдийн чөлөөт бүс байгуулагдаад хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ талаар эрдэнэтчүүддээ танилцууллаа. Тодруулбал,  Хилийн иргэдийн чөлөөт бүсэд хилийн иргэд өдөрт 8000 юаний бараа бүтээгдэхүүн авч орох эрхтэй бөгөөд энэхүү үнийн дүнд таарах бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж байгаа. Энэ удаагийн бизнес форумд маш олон үндэсний үйлдвэрлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Манай Хилийн иргэдийн чөлөөт бүсэд Монголд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг борлуулж болно. Өөрөөр хэлбэл, татваргүй орчинд бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах боломжийг олгож байгааг дуулгахад таатай байна. Түүнчлэн Эрээн болон Эрдэнэтийн цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэхэд уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарч ажиллана. Мөн Эрдэнэт үйлдвэрийг тойруулаад олон жижиг үйлдвэр барих боломжтой. Энэ тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа.   

Жао Дан: Хоёр хотын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж бодож байна

/БНХАУ-ын Манжуур хотын захиргааны Худалдааны хэлтсийн орлогч дарга/

-БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Манжуур хот Орхон аймгийн Эрдэнэт хоттой найрамдалт харилцаа тогтоосноор хоёр хотын бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа эхлэх үндэс суурь тавигдсан. Манжуурын талаас Орхон аймгийн хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, соёл урлагийн салбарт хамтран ажиллах боломжтой. Өнөөдөр зохион байгуулагдаж буй бизнес форумын хүрээнд Манжуурын бизнес эрхлэгчид Орхон аймгийн бизнес эрхлэгчидтэй танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэж бодож байна. Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлд хөрөнгө оруулах боломжтой.

Рен Ли На: Бизнес хамтрагчидтай туршлага солилцох, харилцаагаа сайжруулах тал дээр анхаарч байна

/БНХАУ-ын Ордос хотын Худалдаа аж үйлдвэрийн холбооны орлогч дарга/

-Орхон аймгийн Засаг даргын санаачилсан бизнес форумд хүрэлцэн ирж оролцож байгаадаа баяртай байна. Монгол Улсад анх удаа ирж байна. Танай сайхан оронд хүрэлцэн ирсэндээ сэтгэгдэл их өндөр байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотоос 19 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Ордос хотын төлөөлөл болсон 19 хүний дотор барилгын материал, хүнс, нүүрс олборлолт, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчид багтаж байгаа. Энэхүү бизнес форумын хүрээнд бид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бизнес хамтрагчидтай туршлага солилцох, харилцаагаа сайжруулах тал дээр анхаарч байна.

Гадаад, дотоодын 500 гаруй төлөө­лөгч­дийг хамарсан “Бизнес форум”-ын үеэр “Эрдэнэт Технопарк” компанийн захирал Б.Баатар­чулуун Эрдэнэт үйлдвэрлэл, технологийн парк болон “Усан хуримтлуурт цахилгаан станц” төслийн талаар танилцуулсан бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр “Эрдэнэт үйлдвэр” ХХК орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хамтын ажиллагаа цаашдын зорилтуудын талаар мэдээлсэн. Мөн МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “Бизнесийн зөвлөх үйлчилгээ ба эрх зүйн орчин”, “Эрдэнэт” Шинжлэх ухаан технологийн парк ОНӨААТҮГ-ын захирал Г.Энхбаяр “Орон нутагт Шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэлийг бий болгох нь”, СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал “Эдийн засгийн шинэчлэл ба хөрөнгө босгох боломж” сэдвээр илтгэл тавьсан юм. Үргэлжлүүлэн “ИПМ констракшн” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ “Евро стандартын угсармал байшин үйлдвэрлэх комбинат”, Монгол Израйлын технологи, инновацийн төвийн захирад Б.Эрдэнэбат “Эрдэнэт агропарк” төсөл, “Ленда” компанийн захирал Д.Батбаяр “Бурхны хишиг” байгалийн эрдэст усыг экспортын бүтээгдэхүүн болгох”, “Даниста одууд” компанийн зөвлөх Л.Дашдаваа “Том оврын сав баглаа боодлын үйлдвэр”, “ЧЭС” компанийн захирал Л.Алтангэрэл “Шингэрүүлсэн хийг өргөн хэрэглээнд нэвтрүүлэх” төслийн талаар бизнес форумд оролцогчдод танилцуулсан билээ. Ингээд энэ үеэр илтгэл тавьж, танилцуулга хийсэн зарим албаны хүмүүсийн илтгэлээс хүргэе.  

С.Намжилмаа: Орхон аймагт хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл хөгжих өндөр боломжтой

/Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн/

Форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн С.Намжилмаа “Бүсчилсэн хөгжлийн бодлого болон орон нутгийн хөгжлийн бодлого” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Орхон аймаг бүс нутагтаа буюу хангайн бүсэд аль салбартаа тэргүүлэх, дээрх бодлогод ямар төслийг тусгах сонирхолтой, хөрш улсуудтай хэрхэн хамтрах зэргийг тодорхой болгох хэрэгтэй талаар дурдлаа. Ингэснээр Үндэсний хөгжлийн газар манай аймгаас тодорхойлсон зорилтуудыг бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгах боломжтой юм байна. Тус газраас 100 гаруй үзүүлэлтийг харгалзаж, үйлдвэржилтийн байршлын зураглалыг боловсруулсан гэнэ. Энэ зураглалаар Орхон аймаг нь хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл хөгжих өндөр боломжтой нутаг дэвсгэр юм байна. Тиймээс “Эрдэнэт-Бизнес форум”-д оролцогчид энэ салбарт хөрөнгө оруулах нь ашигтай гэдгийг хэлсэн юм.

О.Онон: “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэж, импортыг орлох, экспортын бүтээгдэхүүнүүд бий болно

/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/

Үүний дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газ­рын дарга О.Онон “Үйлдвэрлэл, үйл­чил­гээг дэмжих талаар Төрөөс барим­талж буй бодлого шийдвэр, цаашдын зорилт”-ыг танил­цуул­сан. Тус яамнаас хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн шинэчлэлийг 2017-2019 оны хоо­ронд шат дараатай хийхээр төлөвлөж байгаа аж. Мөн хөнгөн үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарыг хөгжүү­лэ­хэд “Үйлдвэржилт 21:100” тэргүү­тэй үн­дэс­ний хэмжээний хэд хэдэн хөтөл­бө­рийг хэрэгжүүлэх зорилт тавьжээ. “Үйлд­вэр­жилт 21:100” хөтөлбөр нь 21 аймагт үйлд­вэр­лэ­лийг хөгжүүлж, импортыг орлох бү­тээг­дэхүүн бий зорилготой бөгөөд эрх зүйн орчин, хүний нөөц, түүхий эд, дэв­шил­тэт, техник технологи, борлуулалт, мар­ке­тинг гэсэн чиглэлүүдэд тодорхой зорил­туудыг дэвшүүлээд байгаа гэнэ. Хөтөл­бөр хэрэгжсэнээр ажлын байр нэмэг­дэж, импортыг орлох, экспортын бүтээг­дэхүү­нүүд бий болно гэж үзэж байгааг О.Онон дарга хэлсэн юм. Түүнчлэн “Одоогоор хөтөл­бө­рийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй санал асуулга орон даяар явагдаж байна. Тий­мээс аймгууд ямар төрлийн үйлд­вэр­лэлийг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа яаманд хүргүүлэх хэрэгтэй” хэмээсэн. Мөн “Зас­гийн газрын 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоол гарч, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг улс орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээг жилд 60 мянган тонн, сүүний хэмжээг 250 сая литрт хүргэхээр зорьж байгаа. Энэхүү аянд Орхон аймгийн малчид, фермерүүд хамрагдах бүрэн боломжтой” гэдгийг ч дуулгасан.

Д.Цолмон: 2020 онд Эрдэнэт хотыг 131.5 мянган оршин суугчтай, 19 хороололтой байхаар төлөвлөсөн

/Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга/

“Эрдэнэт-Бизнес форум” үргэлжилж, хөтөлбөрийн дагуу оролцогчид илтгэлээ танилцуулсан. “Эрдэнэт-Бизнес форум”-д оролцогчдод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон “Эрдэнэт хотын  Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г мөн танилцуулав. Энэхүү төлөвлөгөө нь Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан бөгөөд үүний хүрээнд 2020 онд Эрдэнэт хотыг 131.5 мянган  оршин суугчтай, орон сууц, соёл спортын 22 нэгжид хамаарах барилгажсан, 19 хороололтой байхаар төлөвлөжээ. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Цолмон “Өнөөдрийн байдлаар манай хотын зургаан хороолол иж бүрэн барилгажсан бол дахин зургаан хорооллын барилгын ажил эхлээд байна. Өнгөрсөн оны байдлаар Эрдэнэт хотын нийт өрхийн 43 хувь нь инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон нийтийн болон амины орон сууцанд амьдарч байсан. Тиймээс хотыг дахин төлөвлөх ажил хийгдэж байгаа. Үүнд хөрөнгө оруулагчид оролцох боломж нээлттэй. Мөн “Эрдэнэт хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ий хэрэгжилтийг оновчтой болгох зорилгоор орон нутгийн засаг захиргаа Дэнж, 1А, 2А, 7, 7А, 8, 10, 11 дүгээр хороолол болон Үйлдвэрлэл технологийн парк, Жаргалант сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж баталсан. Ингэснээр хот байгуулалт улам тодорхой болсон” гэдгийг онцлон хэллээ. Мөн шинээр баригдах хэд хэдэн хорооллын инженерийн шугам сүлжээний зардлыг төсвөөс гаргахаар болсон нь барилга угсралтын ажил хэвийн явагдах нөхцөл бүрдэж газрын болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж байна гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа аж.  

“Эрдэнэт-Бизнес форум” ийнхүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж, аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа ямар төвшинд буйг харуулсан юм. Үүнээс гадна “Уурхайчин” соёлын ордонд орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, хоёр хөршийн албаны хүмүүс Монголын үйлдвэрлэгчдийн бүтээлүүдтэй танилцаж, бизнес эрхлэгчид шинэ түншүүдтэй болсон юм.