Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг боллоо
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон албаны төлөөлөгчид хүндэт зочноор оролцов
2017.03.15

Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг боллоо

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан "Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг" өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Энэхүү өдөрлөг нь батлан хамгаалах багц хуулиуд,батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн штабын үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд сурталчлан таниулах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлэх зорилготой аж. Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон албаны төлөөлөгчид хүндэт зочноор оролцов. Мөн нийслэлийн иргэд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид хүрэлцэн ирсэн байлаа.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ оролцогчдод баяр хүргэж хэлсэн үгэндээ "Батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдэн батлагдсан нь салбарын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгсөн юм. Товчоор хэлбэл, батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, зэвсэгт хүчнийг цаашид хөгжүүлэх төрийн бодлого шинэчлэгдлээ" хэмээн тодотгож байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ өдрийн үйл ажиллагааг нээж үг хэлсэн. Тэрбээр "Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэж, мэргэжлийн чиг хандлагатай, чадварлаг зэвсэгт хүчинтэй болж, энхийг дэмжих үйлст идэвхтэй оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нь Монголын зэвсэгт хүчний нэг гол үр дүн гэж дүгнэдэг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс 2017 оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил" болгох зорилтыг дэвшүүлэн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аз жаргалтай иргэдтэй нийслэлийг бүтээн байгуулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байдаг" гэлээ.

Өдөрлөгийн үеэр 18 нас хүрсэн 9 иргэнд цэргийн үүрэгтний үнэмлэх, дурсамжийн хамт хүндэт зочид гардуулан өгсөн юм. Мөн зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зарласан "Эх орон-Эр цэрэг" сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгасан оролцогчдод шагналыг нь гардуулан өглөө. Зохион бичлэгийн уралдааны тэргүүн байрт Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Э.Баасансүрэн, дэд байрт Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн 10-р ангийн сурагч Н.Энхбаяр шалгарсан бол гуравдугаар байрыг Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч А.Анужин эзэлсэн байна.

Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолт боллоо.