Эрдэнэ.С Туваан.Ц 2017.03.20 | Сонин: Монголын мэдээ, Телевиз: TV9

С.Эрдэнэ: Ганцхан АН шилэн байх ёстой гэж ярьж болохгүй

АН-ын удирдлагууд өнгөрсөн баасан гарагт цаг үеийн асуудлаар тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар  мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тус намын дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. АН-ын бүх шатны дотоод сонгуульд /ҮБX-ны гишүүнд/ 380 суудлын төлөө нийт 511 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснийг тодотгов.
Мөн Нийслэлийн намын даргад хоёр хүн, аймаг дүүргүүдийн намын хорооны даргад 52  хүн тус тус бүртгүүлжээ. Нэр дэвшигчид сурталчилгаагаа нэг өдөр буюу энэ сарын 21-нд эхлүүлж, 31-нд хаах юм байна. Сурталчилгааны хугацаа 11 хоног үргэлжлэх гэнэ. 
Дээрх мэдээллийн дараа Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо 228 гишүүнтэй. Гэтэл энэ удаад Үндэсний бодлогын хорооны 380 гишүүнийг санал хураалтаар тодруулна гэхээр хуучин дүрэм үйлчлэхгүй болж, зөрчил үүсч байгаа биш үү? 
-Ардчилсан намд өнөөдөртөө хуучин, шинэ гэдэг дүрэм байхгүй. Сая Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр өгсөн дүрэм бол нэмэлт өөрчлөлт. Бидний хувьд үндсэн дүрмийн хүрээнд бүх ажил явж байгаа.
Ардчилсан намын үндсэн дүрэм бол шинэчилсэн найруулгын хэмжээнд биш, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа хүчин төгөлдөр дүрмээр явж байгаа. Шинэ, хуучин дүрэм гэж яриад байгаа Ардчилсан намын VI, VII их хурлаас гарсан шийдвэрийн дагуу VIII их хурлаар шинэ дүрмийг батална.
Ардчилсан намын үндсэн дүрэмд байгаа Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүн гэдэг тоо квот, дэнчингийн хэмжээг Дотоод сонгуулийн хороо тогтоодог дүрэмтэй. Дүрмийнхээ хүрээнд Дотоод сонгуулийн хороо шийдвэрээ гаргаад явж байгаа.
-Дотоод сонгуульд нэрээ дэвшүүлсэн гишүүдээс хэдэн төгрөгийн дэнчин, хураамж, намын дансанд төвлөрсөн бэ?
-Одоогоор санхүүгийн эцсийн тооцоо гараагүй учраас хэлэх боломж алга. Шилэн гэж яриад байгаа боловч эрх барьж байгаа нам нь, төрийн бүх шатны байгууллага нь Шилэн дансны хууль хэрэгжүүлэхгүй хаалттай байна. Ийм цаг үед ганцхан Ардчилсан нам шилэн байх ёстой гэж болохгүй.
-Дотоод сонгуулийг зохион байгуулахад хэдий хэмжээний зардал гарна гэж урьдчилсан байдлаар тооцсон бэ?
-Ардчилсан намын дэнчин, хураамжийн хэмжээ бүх юм ил тод байгаа. Мөн 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны тайлан ил тод байгаа. Улс төрийн нам дотроо нээлттэй нам бол Ардчилсан нам.
Одоогоор дэнчингийн мөнгө хичнээн төгрөг болсон талаар тооцоо хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр Шилэн данс гэж яриад байгаа боловч эрх баригч нам нь төрийн бүх шатанд хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Эрх барьж байгаа нам нь өөрөө хаалттай байна. Энэ тохиолдолд ганцхан АН шилэн байх ёстой гэж ярьж болохгүй”.