Оюунхорол.Д 2017.03.21 | Сайт: Vip76.mn

Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2020 онд 8,3 хувьд хүргэх зорилт тавьжээ

Өнөөдөр дэлхийн ойн өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 4 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 2012 оны 11 дүгээр сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас дэлхийн улс орнууд ойг хамгаалах, ойн модны төрөл зүйлийг нэмэх, бүх нийтээрээ мод тарих, арчлахад уриалах зорилгоор жил бүр энэ өдрийг “Дэлхийн ойн өдөр” болгохоор шийдвэрлэжээ.

Дэлхий дээр жилд дунджаар 13 сая га ой мод устаж үгүй болж байна. Дэлхийн хуурай газрын 80 хувьд биологийн олон янз байдал (ургамал, ан амьтан) тархан байршдагийн 30 хувийг 60 мянган төрөл, зүйлийн ой мод эзэлдэг.

Цаг уурын өөрчлөлт нь дэлхийн дулаарал, ой модыг үй олноор устган сүйтгэж байгаагаас үүдэлтэй. Ой мод нь усыг тэтгэж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад тодорхой үүрэг гүйцэтгэж, дэлхийн 1,6 сая гаруй ядуу хүн амыг тэжээж байна. 2013 оноос "Дэлхийн ойн өдөр"-ийг албан ёсоор тэмдэглэдэг болсноос өмнө Индонез, Польш, Дани, Мексик, Өмнөд Африк, Катар зэрэг орнууд ой хамгаалах өдөртэй байжээ.

НҮБ-ын шийдвэрээр энэ өдрийг албан ёсоор тэмдэглэснээр 2014 онд “Миний ой, бидний ирээдүй”, 2015 онд “Ой мод, уур амьсгал, өөрчлөлт” сэдвийн дор дэлхийн улсууд ой модоо хайрлан хамгаалах, нөхөн төлжүүлэхийн чухлыг ойлгуулсан арга хэмжээ болж өнгөрөв. Өнгөрсөн оноос цар хүрээ нь улам өргөжин, дэлхийн 55 улс оронд 100 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.

Монгол Улсын газрын нэгдмэл сангийн 11,8 хувь буюу 18,592.4 мянган га талбай нь ойн сангийн газарт хамаардаг. Үүнээс түймэрт шатсан ой 1,196.8 мянган га, мод бэлтгэсэн талбай 124.1 мянган га, хөнөөлт шавжинд нэрвэгдсэн талбай 95.7 мянган га, байгалийн гамшигт нэрвэгдсэн ой 0.9 мянган га талбайг тус тус эзэлж байна.

Байгалийн аясаар сэргэн ургаж байгаа болон ойжуулсан талбай 230.5 мянган га байгаа нь ойн нөөцийн хомсдол, доройтлыг бууруулах, ойг нөхөн сэргээх, хамгаалахад чиглэсэн шинэ бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.

Тиймээс 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдөр УИХ-аас Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг баталж, БОАЖЯ хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2020 онд 8,3 хувьд, 2030 онд 9,0 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьжээ.

Ойн талаар баримтлах бодлогыг 2015-2020, 2020-2030 он гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм. Ингэхдээ хэд хэдэн тодорхой зорилт дэвшүүлсэн байдаг. Үүнд,

- Ойн түймрийн дундаж талбайг 2020 онд 30 хувь, 2030 онд 70 хувь хүртэл бууруулна.

- Ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөлийн тархалтын голомтыг 2020 онд 60 хувь хүртэл бууруулж, 2030 онд бүрэн хяналтад авна.

- Ойн экосистем, биологийн олон янз байдлын хадгалалт, хамгаалалт сайжирна.

- Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг 2020 онд 2 хувь, 2030 онд 5 хувь бууруулна.

- Байгалийн аясаар сэргэн ургасан болон таримал ойг 2020 онд 310.0 мянган га, 2030 онд 1,500.0 мянган га талбайгаар нэмэгдүүлнэ.

- Модон түүхий эдийн ашиглалтын түвшинг 80 хувьд хүргэж, иргэдийн мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангана.

- Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.

- Монгол орны ойн салбарт тогтвортой менежмент нэвтэрч, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, экологийн ач холбогдол бүхий эрүүл ой бий болно.

2020 онд уг бодлогын эхний шатны хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид энэ зарчмаар ажиллавал 2030 он гэхэд хүссэн үр дүндээ хүрэх үү, стратеги тактикаа өөрчлөх үү гэдгээ шийдэх юм. Тиймээс бодлогын хэрэгжилт хэдэн хувьтай, ямар үр дүнтэй байх нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар, БОАЖ-ын сайдын үйл ажиллагаанаас шууд хамаарч байна.  

Өнгөрөгч онд Монгол орон даяар ойн тооллого явуулж, тооллогын тайланг 12 дугаар сард танилцуулсан билээ. Уг тооллогыг 60 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар ХБНГУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хийсэн байдаг. Тооллогоор Монгол орны ой хөгшин, нөөцөөр ядмаг, ойгоо бага ашигласан байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тодруулбал, ойн нийт талбайн 80 гаруй хувийг 50-200 жилийн настай мод эзэлж байна. Гэхдээ байгалийн унаган төрхөөрөө байгаа учраас нөхөн төлжих чадвартай сайтай бөгөөд цаашид мод тарихаас илүүтэйгээр сэргээн ургуулж, ой модыг цэвэрлэх шаардлагатай байна гэж мэргэжилтнүүд үзжээ. 

Тиймээс Монгол Улсын иргэн бүр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа дэлхийн дулаарлыг сөрж буй ой модоо хайрлан хамгаалснаар эрүүл, аюулгүй, таатай дэлхий ертөнцөд амьдрах боломжтой гэдгийг ухамсарлах хэрэгтэй байна.

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа