“Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж гаргасан уриалга
2017.03.21

“Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж гаргасан уриалга

“Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хандаж гаргасан уриалгынхаа гол санааг товчлон та бүхэнд толилуулж байна

   Монгол Улсын эгэл жирийн иргэн миний бие “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хөдөлгөөнийг санаачлан бүгдээрээ “Эх орныхоо төлөө” гэсэн уриан дор нэгдэн БНСУ-ын ард түмний жишгээр Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө 8 настай балчираасаа эхлэн 80 настай азай буурлаа хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээний ажилтнаасаа эхлэн УИХ,  Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчөө хүртэл идэвхийлэн оролцохыг уриалж Уриалга гаргасан билээ.

    Их эзэн Чингис дээдэс маань эцсийн мөчөө хүртэл тэмцэн байж  өвлүүлж үлдээсэн энэ сайхан эх орноо монголчууд бид алаг дэлхийн бусад үндэстэн ястан, хүн ардад муу муухайгаар харагдуулах ёсгүй билээ. Тийм эрх бидэнд байхгүй.  

  Би эзэн Чингисийн хүй цэглэсэн өдөр буюу Монгол бахархалын баяр, Үндсэн хуулиа батлаж, улсаа тунхагласан баярын өдрүүдээр телевизээр Монгол улсыг байгуулахын төлөө бидний өвөг дээдсийн тэмцэж байсан тэмцлийн түүхэн үйл явдлуудыг харуулсан кино, нэвтрүүлгүүдийг үзэж суухдаа “Бидний өвөг дээдэс энэ эх орны төлөө ингэж тэмцэж, халуун амь, бүлээн цусаа урсгаж явсан байхад,цөөхөн Монголчууд бид эх орноо эдийн засгийн ийм хүндрэлтэй болгочихоод байхад яагаад хоорондоо хэрэлдээд сууж байдаг билээ?”хэмээн бодож,  ер нь ард түмэн бид нэгийг бодож, хоёрыг тунгааж “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө”  хөдөлгөөн өрнүүлбэл яасан юм бэ  гэсэн бодол төрснөөр энэхүү санал санаачлагын эхлэлийг тавьсан юм.

   Тэнхлүүн явахад тэмээгээр туслахын оронд, тэвдэж явахад тэвнээр тусла.... гэсэн өвөг дээдсийнхээ чин үнэн сургаалыг зон олон минь санаж “Эх орноо өр,  зээл, эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө” хүн бүр хичээл зүтгэл, сэтгэл гарган энэхүү хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Ямар нэгэн тоо, тооцоогүйггээр хүн ардад хэлж уриалсан юм бүхэн ажил болж, үр дүнд хүрдэггүй гэдэг санааны үүднээс ард түмэн, аж ахуйн нэгж, байгууллагуудаас ямар хэмжээний хандив, тусламж, дэмжлэг хүсэх талаарх тооцоо, судалгаа хийж ард түмэндээ танилцуулсан билээ. Миний хийсэн тооцоогоор бол:

1- рт   Хүн ам, хувь хүмүүсээс эх орныхоо төлөө оруулах хувь нэмрийг арав арван жилээр шаталсан байдлаар тооцоо хийж үзэхэд 214,692,889,000 төгрөг

2-рт Төр, засгийн өндөр албан тушаалыг 2012-2016 онуудад хашиж байсан ба 2016 оноос одоо хашиж байгаа тодорхой албан тушаалтануудаас “Эх орныхоо төлөө” оруулах хувь нэмэр  25,130,000,000 төгрөг

 3-рт: Манай улсын том ба дунд аж ахуйн нэгж, байгууллагуудаас  “Эх орныхоо төлөө” оруулах хувь нэмэр 405,000,000,000 төгрөг

Зөвхөн эдгээр3 хэсгээс “Эх орныхоо төлөө” оруулах хувь нэмэр бүгд 644,822,889,000 төгрөгцугларч болох

4-рт: Оффшор бүсээс орж ирэх их мөнгөнөөс “Эх орныхоо төлөө” санд ойролцоогоор 355,177,111,000 төгрөгорж ирнэ гэж тооцвол 1 их наяд төгрөг “Эх орныхоо төлөө” санд оруулах боломж, бололцоо байна гэсэн тооцоо, судалгаа хийсэн юм.

5-рт: Түүнээс гадна манай улсад 80 000 гаруй жижиг аж ахуйн нэгжүүд, 10 000 гаруй ТББ-ууд, Ард түмний хөрөнгөөр хөл дээрээ зогссон 100 шахам их, дээд сургуулиуд байна.

Эдгээрээс 200-300 гаруй тэрбум төгрөг  “Эх орныхоо төлөө” хандиваар орж болох тооцоо бас байгаа.

6-рт: Монголын арилжааны банкуудад 9,1 их наяд төгрөгийн хадгаламж байна. Энэхүү хадагламж эзэмшигчдийн энэ мөнгөний 50%-ийг л тодорхой хугацаатайгаар, хүүтэй, хүүгүйгээр “Эх оронч” сэтгэлээр зээлэхэд л 4,5 их наяд төгрөгийн хуримтлал манай дотоодод байна.

7-рт: Мөнгөөр илэрхийлсэн дээрх тооцооноос гадна “Эх орныхоо төлөө” гэсэн сайхан сэтгэлт Монголчууд, аж ахуйн нэгжүүд, байгууллагууд, хөрөнгө оруулагчид, гадаад оронд амьдарч, ажиллаж байгаа Монголчууд, Гадаадын сайн санаат хүмүүсээс өгөх хандив, дэмжлэг, мөнгөөр болон биет зүйлээр “Эх орныхоо төлөө” санд тодорхой хэмжээний хандив, дэмжлэг нэмэгдэж орох бололцоо бас байгаа гэж бодож байна.

Энэхүү уриалгын нэг тодорхой хэсэг нь УИХ-ын гишүүд болон Та бүхэнд шууд хамааралтай дараах зүйлийг санал болгох нь:

 Оффшор бүсэд байршуулсан мөнгө ба биет хөрөнгийн талаар:

а.“Оффшор бүсийн тухай”  хуулийг 4-р сардаа багтаан яаралтай батлан гаргаж хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн оффшор бүсэд байгаа мөнгө, хөрөнгөө 2-р улиралдаа багтаан Монголдоо оруулж ирүүлсэн байхыг  хуульчлах

б. Энэхүү хуулиар оффшор бүсээс мөнгө, хөрөнгөө Монголдоо оруулж ирсэний төлөө хүмүүс, аж ахуйн нэгжид ямар нэгэн хуулийн хариуцлага тооцохгүй байх заалт оруулах.

в.Хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн оффшор бүсээс Монголдоо оруулж ирсэн мөнгө, хөрөнгийн 60-70 хувийг шууд “Эх орныхоо төлөө”хандивлахаар зааж, үлдсэн 30-40 хувийг Монголынхоо эдийн засагт эргэлтэнд оруулахаар хуулиндаа тусгах.

г. Хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн офшор бүсэд болон гадаад орнуудад байгаа биет хөрөнгүүдийг Олон улсын харилцааны шугамаар яаралтай тогтоож, тодорхой хэсгийг нь худалдан борлуулж, мөнгийг эх орондоо хандивлуулах талаар энэхүү  хуулинд тусгах.

д. Оффшор бүс, өөр бусад улс орноос Монголдоо оруулж ирж, “Эх орныхоо төлөө” мөнгө, хөрөнгөө хандивласан, эдийн засгийн эргэлтэнд оруулсан хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн нэрийг болон хандивласан, эргэлтэнд оруулсан мөнгө, хөрөнгөний хэмжээг албан ёсоор нууцласан байх заалтыг уг хуулинд тусгаж өгөх.

            Энэ нь хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулж байгаа манай орны хувьд эдгээр иргэддээ Төрөөс үзүүлж байгаа хайр халамж, нэр хүндийн асуудал  гэж ойлгож байна.

Эцэст нь:

   Та бидний судсаар эзэн Чингис, өвөг дээдсийн минь халуун цус гүйж байгаа болохоор Монгол эх орноо өр зээлгүй, өнгөтэй өөдтэй байлгах нь та, бидний ариун үүрэг гэдгийг ухамсарлана гэдэгт гүнээ итгэж байна.  

  Одоо та, бид бүгдээрээ тэр тэгсэн, энэ ингэсэн, түүнээс болсон, үүнээс болсон, чи тэгсэн, би тэгсэн гэж хойтох, урдахаа муулахаа больцгоож, урагшаа харж ажиллаж, амьдарцгаая. Эх орны хөгжил, цэцэглэлт, эдийн засгийн өсөлт, эрч хүч, чадавхи ард түмэн, та биднээс л шалтгаална. Эх орон минь өр зээлнээс гарч, мөнгө төгрөгтэй болж, бүгдээрээ сайн сайхан амьдрана гэж маргаашаа өөдрөгөөр харж ажиллаж, амьдарцгаая.

Аливаа улс орны Төр, засаг бол тухайн улс, эх орон, ард түмэн, иргэдээ удирдан чиглүүлэгч болохоос биш, тусгаар улс  биш гэдгийг гүнээ ухамсарлан ойлгож, улс, эх орныхоо төлөө ард иргэдээсээ гаргаж байгаа санал, санаачилгыг улс төржүүлэхгүйгээр зөв зүйтэй талаас нь эерэгээр хүлээн авч, дэмжин туслаж, хамтран ажиллахыг Төрийн гурван өндөрлөгтөө  хичээнгүйлэн Уриалж байна. Монголчууд та, бид бол зовхи нь өөдөө, босоо хийморьтой ард түмэн. Хувь заяаны эрхээр энэ алаг дэлхий  дээрхи 200 гаруй улс орны  дотроос цөөхөн оронд заяасан 4 улиралтай, нарлаг сайхан Монгол эх орны газар нутаг дээр эзэн болж төрсөндөө та, бид баярлан, эх орноороо бахархаад бахархаад баршгүй.

Монгол ард түмэн минь ээ!

Энэ удаа эх орныхоо төлөө хөх тэнгэр, алтан шар нар, өөр өөрсдийнхөө шүтээндээ мөргөн залбирч, “Эх орныхоо төлөө” буян үйлдэж, гурван саяулаа өглөгийн эзэн болцгоохыг та бүхнээсээ дахин уриалж байна. Төрийн минь сүлд өршөөж, түмэн олон та, бид амар амгалан байх болтугай. Их эзэн Чингис, өвөг дээдсийн минь буян заяа та, биднийг мөнхөд эвээн түшиж байх болтугай.

 Сайн үйлс дэлгэрэх болтугай!

"Эх орноо эдийн засгийн хүндэрлээс гаргахын төлөө"
хөдөлгөөнийг санаачлагч, Монгол Улсын “Гавъяат эдийн засагч”, мэргэшсэн нягтлан бодогч БӨӨХҮҮГИЙН ОСОРГАРАВ
  • Фэйсбүүк групп: ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ
  • Твиттер хаяг: ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ
  • Утас: 91541155