Оюунхорол.Д 2017.03.22 | ОНХА: Нийслэлийн засаг даргын тамгын газар

Агаар, орчны бохирдлыг 2025 он хүртэл бууруулахад 9.9 их наяд төгрөг шаардлагатай

Агаар, орчны бохирдлыг 2025 он хүртэл бууруулахад 9.9 их наяд төгрөг шаардлагатай
Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан өнөөдөр Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. 

Өвлийн улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, нийт ажиглалтын 50 гаруй хувьд Монгол Улсын Агаарын чанарын стандартаас давсан бохирдолтой байна. Гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй, стандартад нийцэхгүй байгаагаас ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Улсын хэмжээнд байгаа 130 гаруй цэвэрлэх байгууламжийн талаас илүүгийнх нь үйл ажиллагаа доголдсон, эвдрэлтэй байгаагаас жилд 120 сая шоометр бохир усыг байгальд хаягдаж, Туул, Хараа, Орхон, Хангал зэрэг голын усыг эрдэс бодис, органик бодисоор бохирдуулдаг. 

Иймээс Агаар, орчны бохирдыг бууруулах энэхүү хөтөлбөрийг боловсруулж Засгийн газар баталсан юм.

Хөтөлбөрийн хүрээнд хот төлөвлөлтийг боловсронгуй болгож, дэд бүтцийн байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, орон нутгийг хөгжүүлж төвлөрлийг сааруулах замаар агаар, орчны бохирдлыг бууруулах 60 гаруй үйл ажиллагааг таван зорилтын хүрээнд 2017-2025 онуудад хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр агаар, орчны бохирдлыг 50-иас доошгүй хувь бууруулах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийг 25 шалгуур үзүүлэлтээр үнэлэх юм байна.

"9.9 их наяд төгрөгийн дийлэнх нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжид зарцуулагдана"

Д.Оюунхорол сайд хөтөлбөрийн санхүүжилт, зарцуулалтын талаар ийнхүү мэдээллээ. Тэрбээр “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр нь агаарын бохирдлын төлбөрийн орлого, ус бохирдуулсны төлбөрийн орлого, олон улсын байгууллага, хандивлагч орны зээл тусламж, ААН байгууллагаас гаргах хөрөнгө болон бусад эх үүсвэрүүд байна.

Нийт дүнгээрээ агаар орчны бохирдлыг 2025 он хүртэл бууруулахад 9.9 их наяд төгрөг шаардлагатай гэж бид тооцооллоо.

Үүний

  • 2.2 хувь буюу 201 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсвөөс,
  • 13.7 хувь буюу 1.5 их наяд төгрөгийг гадаадын зээл тусламжаас,
  • 77 хувь буюу 7.5 их наяд төгрөгийг дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаас,
  • 7 хувь буюу 650 тэрбум төгрөгийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас,
  • 0.1 хувь буюу 63 тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл концессийн гэрээ, бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

9.9 их наяд төгрөгийн дийлэнх нь Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулах арга хэмжээнд зарцуулагдана. Дараагийн гол хөрөнгө шаардлагатай байгаа зүйл нь Улаанбаатар хотын гурван хогийн цэг байна. Эдгээр хогийн цэг нь орчны бохирдол маш хүчтэй явагдаж байгаа учраас хогний үйлдвэр барьж байгуулна. Үлдсэн нь агаар, орчны бохирдлын бусад арга хэмжээнд зарцуулагдана гэж бид нарийн төлөвлөсөн” гэв.

"Зуухны шинэ стандарт дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ"

-Нүүрсний хэрэглээг 80 орчим хувиар бууруулна гэж байна. Ямар арга хэмжээнүүд авах вэ?

Д.Оюунхорол Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээг 80 хувиар бууруулна гэдэгт гэр хорооллын айл өрхүүдэд хамаарч байгаа.

Ингэхдээ нэгдүгээрт эрчим хүчний шөнийн тарифийг тэглэх, Монголын Банкны Холбоо болон бусад байгууллагуудтай хамтран ажиллаж “Ногоон зээл”-ийн санхүүжилт босгож, халаагч худалдан авах боломжийг орлого багатай айл өрхүүддээ санал болгоно.

Зарим нэг асуудлыг нь бид нийгмийн халамжийн бодлогоор олгох асуудлыг шийдвэрлэнэ.

Ер нь Улаанбаатар хотын жижиг оврын халаалтын зуух ашиглаж үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд айл өрхүүдээсээ илүү утааг гаргаж байгаа гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс бид энэ зуухнуудыг төвийн нэгдсэн халаалтын системд холбох ажлыг эхлүүлсэн. Амжилттай хэрэгжих боломж бий” хэмээн хариулав.

Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын захирамжаар шилжилт хөдөлгөөн хязгаарласан байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны бүртгэлтэй 1.4 сая хүн ам байна. Шинээр газар олгож, яндан, нүхэн 00 бий болох боломжгүй болсон.

Хоёрдугаарт суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон. Дэлхийн банканд Нийслэлээс хүсэлт тавьж ахуйн хэрэглээний зуухны стандартыг боловсруулсан. 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс энэ стандарт хэрэгжиж эхэлнэ. Хэрэгжих газар нь миний сая дурдсан агаарын чанарын бүсүүд байх юм.

Тиймээс стандартад нийцсэн зуухыг хэрэглүүлэхийн тулд иргэдийн санхүүд дарамт болохгүй санхүүжилтийн арга хэмжээ авч, нүүрсний хэрэглээг 80 хувиар бууруулна” гэсэн мэдээлэл өглөө.